Карл Лагерфельд өөрийн дуртай загвар өмсөгчдийг нэрлэлээ
Онцгой моделиудын хаалттай нийгэмлэг
Карл Лагерфельд зарим загвар өмсөгчдийг бусдаас онцгойлж, олон жилийн турш Chanel брэндийнхээ нүүр царай болгодог гэдгийг загварын салбарынхан сайн мэднэ. Тэрээр саяхан Их Британийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрхүү "онцгой моделиудын хаалттай нийгэмлэг"-д чухам ямар загвар өмсөгчид багтдагийг нуулгүй дэлгэсэн байна.
"Яг одоогийн байдлаар миний хамгийн дуртай загвар өмсөгч бол Дани улсаас гаралтай Луна Бийль гэх бүсгүй юм" хэмээн Карл ярьжээ. Луна саяхан Chanel брэндийн намар-өвөл 2018 загварын шоуг хааж алхсан байгаа.
"Зарим охидыг би Шупетт гэж нэрлэдэг. Тухайлбал Луна ба Лили-Роуз Депп нар миний Шупеттууд юм" гэж дизайнер нэмж хэлсэн юм. Шупетт гэх нэрийг Карл өөрийн алдарт муурнаас сэдэвлэн өгсөн бололтой. Дизайнерын онцолдог моделиудын жагсаалтад мөн Кара Делевинь ба Адвоа Абоа нар багтсан байна. Түүнчлэн сүүлийн үеийн үйл явдлаас ажиглахад жүжигчин Марго Робби ч бас Карл Лагерфельдын энэхүү хүндэт жагсаалтад орсон байх өндөр магадлалтай. Учир нь Марго хоёрхон хоногийн өмнө Chanel брэндийн албан ёсны нүүр царайгаар тодорсон юм.