Хайх

Клэр Уэйт Келлер Givenchy брэндийг орхино

Клэр Уэйт Келлер Givenchy брэндийг орхино

Гурван жилийн дараа ийнхүү брэндийг орхихоор боллоо

Text: Buro.Mongolia


Givenchy брэндиийн бүтээлч захирал Клэр Уэйт Келлер албан тушаалаа орхиж буйгаа мэдэгдлээ. "Givenchy загварын ордонд гайхалтай гурван жилийг өнгөрүүлсний дараа ийнхүү брэндийг орхихоор боллоо. Юуны өмнө алдарт брэндийн нэгэн хэсэг болж, анхны эмэгтэй бүтээлч захирлаар томилогдон ажилласандаа маш их талархаж байна. Кутюр загварт суурилан ажилласан өнгөрсөн хугацаанд Givenchy-гийн урланд чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтарсан ба та бүхэнтэй өнгөрүүлсэн дурсамж, та бүхний авьяасыг үүрд санан дурсах болно. Түүнчлэн Givenchy хэмээх багт ажиллаж байсан бүх хүмүүст гүнээ талархаж байна. Та бүхэнгүйгээр миний төсөөлөл бодит амьдралд биеллээ олохгүй билээ. Харин одоо миний бие шинэ аялалдаа гарахаар боллоо. Цаашдын уран бүтээлүүд маань хайр ба бүтээлч байдалд төвлөрсөн хэвээр үлдэх болно. Удахгүй уулзъя, хамгийн чухал нь аюулгүй байгаарай" хэмээн Клэр Уэйт Келлер өөрийн Instagram хуудаснаа бичжээ.

Клэр Уэйт Келлер Givenchy брэндийн бүтээлч захирлаар ажиллах хугацаандаа брэндийн хэв маягийг тодорхойлохоос гадна Сассексийн гүнгийн авхай асан Меган Марклын хуримын даашинзыг урлаж, The Fashion Awards 2018 шилдэг эмэгтэй загварын дизайнeрын шагналыг хүртсэн билээ.

Харин Givenchy брэндийг эзэмшдэг LVMH группын захирал Сидни Толедано "Клэр Уэйт Келлерт Givenchy-гийн нэг хэсэг болж, хувь нэмрээ оруулан ажилласанд гүнээ талархаж байна. Түүний удирдлага дор Юбер де Живаншитай ахин холбогдох мэт болж гайхалтай загваруудыг урласан билээ. Түүний цаашдын ажилд өндөр амжилт хүсье" хэмээн мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар Клэр Уэйт Келлер цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах тухай болон Givenchy брэндийг хэн удирдах тухай мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.

 

 

цааш үзэх