Хайх

Louis Vuitton брэндийн шинэ бүтээлч захирлаар Фаррелл Уильямс тодорлоо

Louis Vuitton брэндийн шинэ бүтээлч захирлаар Фаррелл Уильямс тодорлоо

Яагаад түүнийг сонгосон бэ?

Text: Buro.Mongolia


Домогт дизайнер Виржил Абло 2021 оны арваннэгдүгээр сард таалал төгссөнөөс хойш Louis Vuitton брэнд эрэгтэй загварын бүтээлч захиралгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэгвэл өчигдөрхөн Louis Vuitton загварын ордноос рэппер, дуучин, продюсер, дизайнер Фаррелл Уильямсыг Виржил Аблогийн залгамж халааг хүлээн авах шинэ бүтээлч захирлаар нэрлэлээ. Ийнхүү тэрээр франц тансаг зэрэглэлийн брэндэд удирдах албан тушаалд ажилласан хоёр дахь өнгөт арьстан эрхмээр тодроод байна.

Виржил Аблог таалал төгссөнөөс хойш түүний орыг хэн залгах талаар загварынхан хэлэлцэж эхэлсэн билээ. Тэдгээрийн тоонд Мартин Роуз, Грэйс Уэльс Боннер, Самуэл Росс болон Жонатан Андерсон нар багтаж байсан ба Louis Vuitton брэндийн гүйцэтгэх захирал Пиэтро Беккаригийн гаргасан эцсийн шийдвэрийг хэн ч төдийлөн таамаглаагүй юм. Пиэтро Беккаригийн хувьд энэ жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын ажилд томилогдсон бөгөөд компанийн хувь заяаг тодорхойлох анхны томоохон шийдвэрээ ийнхүү гаргаад байна.

Фаррелл Уильямсын загварын салбарт ажилласан туршлага

Louis Vuitton брэндийн шинэ бүтээлч захирлаар Фаррелл Уильямс тодорлоо (фото 1)

Дийлэнх хүмүүс Фаррелл Уильямсыг 21 дүгээр зууны хамгийн нөлөө бүхий хөгжмийн продюсеруудын нэг, 13 удаагийн Грэммийн шагналт, Оскарт нэр дэвшиж байсан дуучин, рэппер гэдгээр нь мэддэг. Үүнээс гадна тэрээр streetwear хувцасны Human Made, Billionaire Boys Club болон деним хувцасны G-Star Raw брэндийн хамтран эзэмшигч бөгөөд Tiffany & Co., Adidas Originals брэндтэй ажиллаж байсан туршлагатай билээ. Мөн тэрээр загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий дизайнеруудын нэг Карл Лагерфельдтэй цуглуулга гаргаж байсан ба одоог хүртэл Chanel загварын ордны шоунуудад оролцож нягт холбоогоо үргэлжлүүлсээр байгаа юм. Үүнээс гадна Уильямс 2021 онд Humanrace нэртэй хүйс хамаарахгүй хэрэглэж болох гоо сайхны брэндээ үүсгэн байгуулсан билээ.

Яагаад Фаррелл Уильямс гэж?

Louis Vuitton брэндийн шинэ бүтээлч захирлаар Фаррелл Уильямс тодорлоо (фото 2)

Виржил Абло Louis Vuitton брэндэд бүтээлч захирлаар ажиллаж эхэлсэн цагаас тансаг зэрэглэлийн хувцасны ертөнцөд хип-хоп, чөлөөт загварын хэв маягийг шингээж, брэндийг шинэлэг талаас танилцуулсан төдийгүй илүү залуу үеийн худалдан авагчдыг өөртөө татаж чадсан юм. Тэгвэл загварын ордны гаргасан энэхүү шийдвэрээс тэдний streetwear болон тансаг зэрэглэлийн секторыг нэгтгэх зорилго үргэлжилсээр байгааг харах боломжтой.

Фаррелл Уильямс нь Louis Vuitton брэндтэй өмнө нь 2004 болон 2008 онд нарны шилний цуглуулга дээр хамтарч байсан төдийгүй түүнийг гаргасан загваруудыг Виржил Абло 2018 онд дахин урлаж байсан удаатай.

Түүнчлэн Фаррелл Уильямсын урлаг, хөгжим, загварын ертөнцөд хүчээ сорьж өөрийн бүтээлч ертөнц, алсын хараагаа тэлж байгаа нь олон соёлын нэгдэл болсон Louis Vuitton брэндийн үнэт зүйлтэй нийцэж байгааг компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх