Мөрөөдлийн зүйл: Balenciaga-гийн аксесуарын цуврал
Bazar
Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Balenciaga брэндийн намар-өвөл 2016 цуглуулгад багтсан эдгээр олон өнгийн босоо зураастай шопер цүнхнүүд хэдхэн сарын өмнө нэгэн том маргааны гол эзэн болсон билээ. Тайланд улсын загварын нийгэмлэг дизайнер Демна Гвасалияг оюуны өмчийн хулгайн хэрэгт буруутгаж, түүнийг Тайландын зах дээр зарагддаг уламжлалт шуудай цүнхний загварыг хуулбарласан хэмээн зарласан юм. Юутай ч мэргэжилтнүүд Гвасалиягийн цүнхийг тэс өөр хэлбэр ба дизайнтай гэсэн дүгнэлт гаргаж, бүтээлч захирлын зүг ирсэн буруушаалтыг няцаасан байгаа. Уг хэрэг явдлаас хойш брэндийн цүнх олны анхааралд улам их өртөж, энэ улирлын хамгийн өндөр эрэлттэй цүнхнүүдийн тоонд багтлаа.
Bazar цувралд зөвхөн шопер цүнх гэлтгүй мөн ижилхэн босоо зураас бүхий хээтэй тугалын арьсан түрийвч орсон байгаа. Барихад эвтэйхэн, минимал загвартай эдгээр аксесуарууд $ 1495 (шопер) болон $565 (түрийвч) долларын үнээр худалдаалагдаж байна гэнэ.
Энэ дашрамд дурдахад Демна Гвасалия Balenciagа-гийн бүтээлч захирлаар томилогдсоноос хойш загварын ордны хэв маягийг бага зэрэг өөрчилж, өөрийн Vetements маркийн этгээд бас зугаатай дүр төрхийг бага зэргээр шингээж байгаа. Түүний үнэтэй ба хямд, дэгжин ба ямар ч мэдрэмжгүй, царай муутай ба царайлаг гэх зэрэг эрс тэс зүйлсийн алтан дунджийг олох чадвар сүүлийн хэдэн улирлын гол тренд болсон. Өөрөөр хэлбэл дизайнер цоо шинэ давлагаа үүсгэж чадаж байна.