Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?
Арав дах дугаарт
Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэг үргэлжилсээр, оролцогчдын дунд өрсөлдөөн ширүүссээр, зураг авалтын сэдэв илүү сонирхолтой болсоор байна. Монголын дараагийн топ модель болохоор өрсөлдөж буй охид өчигдөрхөн л камерын өмнө биеэ барьж, хэрхэн мэргэжлийн түвшинд пооз авахаа мэдэхгүй байсан мэт санагдах ч өнөөдөр тэд үнэхээр өөрчлөгдөж чаджээ. Эмэгтэй хүн бол услах тусам ургадаг үзэсгэлэнт цэцэг гэдгийг бид нэвтрүүлгийн дугаар бүрээс өөрсдийн нүдээр харж байна. Хамгийн шилдгүүд тунаж үлдээд байгаа энэ үед шүүгчдэд шийдвэр гаргахад улам л хэцүү болж байх шиг харагдана. Тэгэхээр арав дах дугаарт үндсэн шүүгч Т.Нансалмаа, Нора Дагва, М.Оргил болон зочин шүүгчид Michel & Amazonka брэндийн Ч.Нямханд, Ч.Мишээл нар ямар загварын сонголт хийснийг бид тоймлон бичлээ.
Өмнө нь тачаангуй, этгээд, шийдэмгий, эрч хүчтэй дүр төрхүүд гаргасан Нора өнөөдөр бидэнд өөрийн зөөлөн, энхрий талаа харууллаа. Monalun брэндийн тэгш бус хэмтэй галбир барьсан даашинз энгийн эсгүүртэй атлаа маш загварлаг харагдаж байлаа. Хичээл зүтгэл гаргаагүй мэт, байгалийн дур булаам төрх гэж үүнийг л хэлэх байх. Мөн мэдээж хэрэг Angelina Voloshina маркийн цагаан туфли хувцаслалтанд уусч, сайхан зохисон байлаа.
Хэрвээ та анзаарсан бол загварын ертөнц жил ирэх тусам ямар нэгэн хил хязгааргүй болж, хүн бүр хүссэнээрээ хувцаслах эрх чөлөөтэй болсон. Дизайнерууд тансаг хэв маягийн гоёлыг өдөр тутмын хувцас, харин гудамжны стилийг high fashion болгон хувиргаж байна. Үүний хамгийн тод жишээ бол 2016 онд хүчтэй дэлгэрсэн бомбер хүрэм ба жийнсэн өмдний тренд юм. Гудамжны өнгө аястай хувцаслалтыг ямар ч нөхцөлд өмсөж, загварлаг харагдаж болохыг өнөөдөр шүүгч М.Оргил бидэнд бататган үзүүллээ. Жийнсэн өмд ба энгийн даавуун цамцтай хослуулсан Versace Collcetion-ы хаки ногоон өнгийн бомбер хүрэм түүнийг илүү залуу, эрч хүчтэй харагдуулж байгаа биз?
Харин шүүгч Т.Нансалмаа өнөөдөр Michel & Amazonka брэндийн монгол босоо захтай, трапеци хэлбэрийн хормой ба ханцуйтай, цэцгэн хатгамалтай дээл, даашинз хоёр хосолсон өвөрмөц загвараар гоёж, хаврын улирал хаяанд ирснийг мэдрүүллээ. Эгч дүүс дизайнерууд түүнчлэн ханцуйн урд хэсгийг монгол ажиллагаатай ширж өгсөн нь үнэхээр онцгой элемент болж чаджээ. Энэхүү шинэлэг шийдэлтэй уламжлалт загварыг кутюр маягийн дээл хэмээн нэрлэж болмоор санагдлаа.
Зочин шүүгчдээр уригдан ирсэн Монголын урдаа барьдаг дизайнерууд Ч.Нямханд ба Ч.Мишээл нар мэдээж хэрэг өөрсдийн үүсгэн байгуулсан Michel & Amazonka брэндийн загваруудаар гоёлоо. Дизайнерууд энэ удаагийн хувцаслалтаараа Монголын үндэсний хээ угалз, эсгүүрийг хүндэтгэн дээдлэхийн зэрэгцээ мөн орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг уран чадвараа харууллаа. Мөнгөлөг саан утсаар хатгасан үндэсний хээтэй богино хантааз, уламжлалт хатгамалтай тирко, энгийн хар хүрмийг чимсэн үндэсний хээтэй зах гэх зэрэг шинэлэг шийдэл, өвөрмөц стилистик аргачлалуудыг тэд сонгожээ. Bravo!