#MNTM: Тэд үзэгчдийн сонирхож буй асуултанд хариуллаа
Т.Номин-Эрдэнэ ба Э.Оюунбилэг
Нийт Монголчуудын ярианы гол сэдэв болж буй Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг өндөрлөхөд гуравхан дугаар үлдлээ. Тийм ээ, бидэнд ч бас гунигтай байна. Үзэгчид бидний нүдэн дээр өсч, өөрчлөгдөж, сайжирч чадсан оролцогч охид маань нэг нэгээрээ хасагдсаар, одоо шилдэг дөрвөн оролцогч үлдлээ. Ингээд бидний цуврал болгон хүргэсэн энэхүү нийтлэлийн хамгийн сүүлийн хэсгийг сонирхож, Т.Номин-Эрдэнэ ба Э.Оюунбилэг нарын дотоод ертөнцөөр аялна уу.
Т.Номин-Эрдэнэ
Үзэгчдэд өөрийгөө илүү таниулах үүднээс өөрийнхөө гурван гол зан чанарыг нэрлэнэ уу?
Би өөрийгөө их тэсвэр тэвчээртэй, зоригтой байж чаддаг юм болов уу гэж боддог. Мөн үнэнч шударга занг эрхэмлэж, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай байж чаддаг. Ерөнхийдөө нэг зүйлийг хийвэл эцсийг нь үзэж байж санаа амардаг гэх юм уу даа. Бас бага зэрэг ичимхий, зөөлөн сэтгэлтэй, өрөвчхөн талдаа.
Нэвтрүүлэг өндөрлөх дөхөж байна. Энэ хугацаанд чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадсан оролцогч хэн бэ?
Нэвтрүүлгийн турш хүчтэй өрсөлдөгч олон байсан. Нийт 200 гаруй охидоос шалгарч үлдсэн шилдэг 16 бүгд өөрийн гэсэн онцлог, давуу талтай, дахин давтагдашгүй. Гэхдээ миний хамгийн том өрсөлдөгч гэвэл би өөрийгөө нэрлэх байна. Би анх нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө өдийг хүртэл явна гэж бодоогүй, бага зэрэг айдастай байсан. Ерөнхийдөө өдөр бүрийн зураг авалт, сорилтууд маш хэцүү байдаг. Тэр болгонд өөрийгөө өөрчилж, эвдэж, хувирах хэрэгтэй болдог. Зарим үед өөрийнхөө зургийг хараад "Надаас яаж ийм зүйл гарсан юм бол оо?" гэж бахархаж, дотроо дуу алдах үе ч байсан. Өмнө нь бага зэрэг ичимхий, хааяа өөрийгөө голдог байсан бол одоо өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, шийдэмгий Т.Номин-Эрдэнэ болсон. Энэ тэмцээнд орсноор өөрийгөө илүү их таньж, олж нээсэн юм болов уу. Харин тодорхой нэгэн оролцогчийг нэрлэвэл Ю.Балжидмаа маш хүчтэй өрсөлдөгч. Гэхдээ бид хоёр их сайн найзууд болсон тул нөхөрсгөөр өрсөлдөж байгаа.
Чи өөрийгөө амжилттай тайзны загвар өмсөгч болж чадна гэж боддог уу? Цаашид ямар чиглэлээр явъя гэж бодож байна вэ? Хэтийн төлөвлөгөө чинь юу вэ?
Би өөрийгөө амжилттай тайзны модель болж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Тайзны загвар өмсөгчийн хувьд бага зэрэг намхан байж болох ч дизайнерын хувцсыг өмсөөд тайзан дээр өөртөө итгэлтэй алхаж, хувцсаа амилуулах чадвар надад байгаа. Хүмүүс магадгүй намайг зураг авахуулахдаа л сайн, фото модель болоход илүү тохиромжтой, хувирч чаддаг оролцогч гэж харж байгаа байх. Гэхдээ би зураг бас тайз гээд бүх чиглэлээр амжилттай явж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Цаашдаа ч high fashion чиглэлээр явж, дэлхийд танигдсан супер модель болохыг хүсдэг.
Би ер нь багаасаа загвар өмсөгч болохыг хүсч, загварын ертөнцөд 14 настайдаа анх хөл тавьсан. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд алхам, алхмаар урагшилж байна. Үзэгчид намайг "Азийн супер модель" болж байсан, их туршлагатай загвар өмсөгч гэх ойлголттой байгааг би дуулсан. Миний хувьд анх "Азийн Супер Модель" тэмцээнд 14 настай байхдаа оролцсон бөгөөд тухайн үед ямар нэгэн байр эзэлж, шагнал хүртээгүй. Тэмцээний дүрмэнд 18-аас дээш насны модель шагнал хүртэх ёстой байсан учир би ямар нэгэн шагнал аваагүй юм. Гэхдээ их амжилттай оролцож, туршлага хуримтлуулж чадсан. Түүний дараагаар 2011-2012 онд загвар өмсөгч чиглэлээр ажиллаад, тодорхой хэмжээний зураг авалт, загварын шоунд оролцсон ч удалгүй урд хөрш руу сурахаар явж, загварын ертөнцөөс түр холдсон юм. Харин энэ тэмцээнд орсноор маш их зүйлийг сурч, туршлага хуримтлууллаа. Олон жил загвар өмссөний эцэст олж авах зүйлийг би эндээс богино хугацаанд сурч, бараг л загварын салбарын бага, дунд, их сургуулийг төгссөн мэт санагдаж байгаа. Одоо "Сайн уу, амьдрал минь" гэдэг шиг бүх зүйл эхлэх гэж байна даа.
Э.Оюунбилэг
Хамгийн эхний дугаарт Э.Оюунбилэг шилдэг 14-т тэнцэж чадаагүй ч шүүгчдийн хүсэлтээр нэвтрүүлэгт эргэн ирсэн. Энэ нь чиний хандлагад нөлөөлсөн үү? Оролцогчид чамайг хэрхэн хүлээж авсан бэ?
Эхний шатанд 14 оролцогч шалгаруулах ёстой байснаас би хасагдсан. Тэр үед би шоконд орж, юу болоод байгааг сайн ойлгохгүй, нэлээд хэцүү байдалтай болчихсон байсан. Гэхдээ энэ нь намайг хурцалж өгсөн. "Би яагаад тэр үед хасагдсан бэ" гэж нэлээд их тунгааж, өөртөө дүгнэлт хийсэн. Харин дараа нь шүүгчид надад "Чи тэнцлээ, одоо охид дээрээ сюрприз болоод очих ёстой" гэж хэлэхэд би маш их баярласан. Манай охид намайг их гоёор хүлээж авсан ба бүгд баярлаад л, "Тийм байлгүй дээ" гэсэн сэтгэгдэл хэлж байсан.
Нэвтрүүлгийн нэг дугаарт оролцогч охид чамайг хошин байдлаар "Хор хутгагч" гэж нэрлэсэн. Мэдээж хэрэг энэ нь чиний тогтмол хоол хийдэгтэй холбоотой байсан. Та хэд гэртээ ямар хоол хийж идэж байна вэ? Эрүүл хооллохыг хичээж байгаа юу?
Ерөнхийдөө хүн амттай хоолонд л дуртай шүү дээ. Тиймээс бид нэг их хүнд биш мөртлөө амттай хоол хийж идэж байгаа. Бид өдрийн цагаар ихэвчлэн зураг авалт гэх зэрэг гадуур ажилтай байдаг тул зөвхөн оройдоо л өөрсдөө хоол хийж иддэг юм. Эхний үед бид нэлээн дүрсгүйтсэн. Төмстэй хоол их идсэн. Харин Цэцэг эгчийн зөвлөгөөнөөс хойш дандаа ногоотой шөл, тахианы махтай тунгалаг шөл гэх мэт аль болох эрүүл хоол хийж байгаа. Тэгээд хоол хийж өгсний төлөө "Хор хутгагч" нэр зүүсэн дээ (инээж байна).
Нэвтрүүлэг эхэлснээс хойш хоолны дэглэм барьж байгаа юу? Охид жингээ хэрхэн барьж байна вэ?
Нэвтрүүлэг эхэлснээс хойш жингээ барих маш хэцүү болсон. Бид өдөр бүр өглөөнөөс орой хүртэл зураг авалтанд оролцож, яриа өгнө гээд бараг нэг ч хором завгүй байдаг. Завтай үе гарах үед аль болох өөртөө анхаарч, толинд өөрийгөө бэлддэг. Мөн мэдээж эмэгтэй хүн учир хумс, хуруугаа янзална. Ерөнхийдөө өдөр бүр хүнд нүүр будалт, үс засалт хийж, арьс ба үсээ их хэмжээний стрессэнд оруулдаг. Энэ болгон дээр бид бүх эрч хүчээ алддаг тул алдсан энергиэ хоолоор нөхөж авахаас өөр арга байдаггүй. Ийм их ажлын дунд хоолоо сойсноор өөрийнхөө эрүүл мэндийг хохироох учир хатуу хоолны дэглэм барихаа зогсоосон. Гэхдээ мэдээж хэрэг бид тодорхой хэмжээнд жингээ барихыг хичээж, орой арваннайман цагаас хойш хоол идэхгүй байх гэх зэрэг жижиг зүйлс дээр анхаарч байгаа.
Э.Оюунбилэг энэ тэмцээний ялагч болж чадах уу?
Мэдээж хэрэг энэ тэмцээнд орж ирсэн зорилго маань ялагч болох юм. Ямар ч л байсан одоог хүртэл зорилгодоо хүрэхийн тулд хичээсээр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртсээр, тэмцсээр л явна. Оролцогч охид маань шат ахих тусам сайжирч, илүү дайчин, илүү хүчтэй болсон. Гэхдээ эцсийн дүнд юу болохыг би сайн мэдэхгүй байна.