Хайх

#MNTM: Тэд үзэгчдийн сонирхож буй асуултанд хариуллаа

#MNTM: Тэд үзэгчдийн сонирхож буй асуултанд хариуллаа

Б.Цэрэндолгор ба М.Анхбаяр

Text: Ө.Тодгэрэл


Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн оролцогчдын тухай та юу мэдэхийг хүсч байна вэ? Тэд өөрийнхөөрөө байж чаддаг уу, найз залуутай юу, шантрах хэцүү үе гардаг уу? Энэ бүхнийг хамтдаа уншицгаая

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэг ба оролцогч охидын эргэн тойронд өрнөж буй үйл явдлууд үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Бүгд л хэнийг дэмжихээ шийдэх үүднээс оролцогчдыг илүү их таньж мэдэхийг хүсч байна. Үүнтэй холбогдуулан бид нэвтрүүлэгт тунаж үлдсэн, шилдэг охидоос цөөн хэдэн асуулт асууж, тэдний дотоод ертөнцийг бага ч болов дэлгэхийг хүслээ. Уг нийтлэл цуврал болон гарах бөгөөд бусад оролцогчдын хариултыг бид танд удахгүй хүргэх болно.

#MNTM: Тэд үзэгчдийн сонирхож буй асуултанд хариуллаа (фото 1)

Б.Цэрэндолгор

Нэвтрүүлгийн үзэгчийн нүдээр харахад Б.Цэрэндолгор маш өөрийнхөөрөө байгаа юм шиг санагддаг. Байнга камерны өмнө, реалити шоуны орчинд амьдрах ямар байна вэ?

Би өөрийнхөөрөө байвал үзэгчид сайн ойлгохгүй, муугаар хүрэх байх гэж нэвтрүүлгийн эхэн үед бага зэрэг биеэ барьсан. Харин сүүлдээ биеэ барихаас илүү өөрийнхөөрөө байх нь надад тухтай, сэтгэл санааны хувьд хамаагүй дээр юм байна гэдгийг ойлгосон. Т.Нансалмаа шүүгч бидэнд, "Чи хүний дурыг хүргэхгүй юм аа гэхэд дургүйг нь хүргэхгүйгээр хийж байгаа зүйлээсээ кайф авч байх юм бол чи өөрийнхөөрөө байна гэсэн үг" гэж хэлсэн юм. Энэ үг миний бодолтой яг таардаг. Тиймээс би өөрийнхөөрөө байснаар өөрөө кайф авч чадаж байвал магадгүй хүмүүст ч бас сайнаар хүрэх л байх. Харин би биеэ бариад эхлэх юм бол тэр нь хүмүүст шууд л мэдрэгдэнэ шүү дээ.

Ялагч болж чадах уу? Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

Чадах, чадахгүй биш, харин хүсч байна уу хүсэхгүй байна уу гэдгийг л би ярихыг хүсдэг. Өнөөдөр хэнээс ч "Чи чадах уу?" гэж асуух юм бол тэр хүн магадгүй чадна л гэж хариулна. Харин миний хувьд би юуны түрүүнд ялагч байхыг үнэхээр их хүсч байна. Тиймээс хүслийнхээ төлөө би юу хийх вэ гэдэг л чухал. Түүнээс биш "Би чадна" гэж хэлсэн хэрнээ нэвтрүүлэгт яах гэж оролцож байгаа нь мэдэгдэхгүй хүн байж болохгүй шүү дээ. 

Чиний хувьд шүүлт хэр шударга явагдаж байна вэ?

Хамгийн шударга явагдаж байгаа гэж би хувьдаа үзэж байгаа. Яагаад гэвэл хэн нэгнийг дагадаг шүүгч байхгүй. Хэрвээ байсан бол хэцүү шүү дээ. Харин манай шүүгчид яг өөрийнхөөрөө байж, үзэл бодолдоо бат зогсдог. Тэд үргэлж "Би муу гэж бодож байхад бусад нь сайн гэх нь хамаагүй, энэ зураг муу харагдаж байна" гэдэг өөрийн үзэл бодолдоо маш үнэнч байдаг. Тэгээд мөн шүүлтийн үр дүн яг тухайн мөчид, газар дээрээ шударга гардаг. Надад бол шүүлт үнэхээр таалагддаг.

Ингэхэд Б.Цэрэндолгор найз залуутай юу? Хэрвээ тийм бол чамайг хэр дэмжиж байгаа вэ?

Байгаа. Найз залуутайгаа үерхээд жил гаруй болж байна. Бид хоёр бүр "дундаа" орчихоогүй, гоё үе дээрээ байгаа гэх үү дээ. Нэвтрүүлэгт орохоос өмнө хамгийн ихдээ нэг хоног тусдаа байж, өдөр бүр л уулздаг байсан болохоор хэрвээ амжилттай оролцож чадвал хоёр сар уулзахгүй байна гэж бодоход бид хоёрт хэн, хэнд нь хэцүү байсан. Гэхдээ намайг их дэмжсэн. Тэгээд л би энд байж байна. Утсаар ярих боломжтой үедээ байнга холбоотой байгаа.

#MNTM: Тэд үзэгчдийн сонирхож буй асуултанд хариуллаа (фото 2)

М.Анхбаяр

Энэ нэвтрүүлэгт орсноос хойш өөрийнхөө талаар ямар нэгэн шинэ зүйл эсвэл зан чанар олж нээсэн үү?

Юуны түрүүнд нэвтрүүлэг ёстой янзын гоё байна, маш их таалагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Нэвтрүүлэгт орсноос хойш би маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй болсон. Өмнө нь би биеэ барьж, эмоцио ил гаргаж чаддаггүй, бага зэрэг хатуу талдаа хүүхэд байлаа. Гэтэл энд орж ирснээсээ хойш юм л болбол уйлчих гээд, эсвэл жижигхэн зүйл дээр баярлаад, цаанаасаа л нэг огшоод байдаг болчихсон. Хамгийн гол нь энд миний эмзэг дурсамжууд сэргэж байна. Өмнө нь надад тийм дурсамж байдаг ч сүртэй ач холбогдол өгөлгүй, "Би зүгээр байна, бүх зүйл болж байна" гээд өөрийгөө аргалдаг байсан. Тэгтэл яг сэтгэлийн гүнд тиймэрхүү мэдрэмжүүд огт холбоогүй, хэвэндээ байсан юм билээ. Миний ярьж буй зүйлс нэвтрүүлгээр гарч байгаа гэж бодож байгаа учраас таныг ойлгоно гэж найдаж байна.  Ерөнхийдөө өөрийгөө ямар хүн бэ, нөхцөл байдалд ямар хариу үйлдэл хийдэг вэ гэдгээ их таньж авсан. 

Нэвтрүүлгийн үеэр шантарч, гэртээ харимаар санагдаж байсан үе байгаа юу?

Хамгийн шантарч байсан үе гэвэл ес дэх дугаар. Би ерөнхийдөө аливаа зүйлийг тэсээд гарчихдаг, "Болж байна, Бүтэж байна" гэж өөртөө итгүүлж чаддаг. Гэтэл яг энэ дугаарын өмнө нь ээжтэйгээ уулзчихсан болохоор маш их уйлж, сэтгэл зөөлөрчихсөн. Ээжийгээ явуулмааргүй санагдаад, хамт л байхыг хүссэн. Яг үүний дараа бүжиглэх даалгавартай сорил ирсэн юм. Би багадаа янз бүрийн урлагийн үзлэгт ордоггүй байлаа л даа. Бүжиглэх хэсэг дээр өөртөө "За би эвсэлгүй шүү, гэхдээ заавал чадах ёстой. Энэ хүмүүс надаас болоод бүжгээ олон дахин давтах ёсгүй. Нэрээ олон удаа дуудуулж болохгүй шүү" гэж хэлээд зөндөө гүрийсэн ч "Анхбаяраа болохгүй байна шүү" гэхийг хэд, хэд удаа сонссон. Би энэ сорил дээр сэтгэлээсээ маш их хичээж, гүрийсэн ч хамгийн муу оноог авсан. Хичээсэн зүйл маань үр дүнд хүрээгүй болохоор цирктэй зураг авалт бүр ч хэцүү өнгөрсөн.

Бикини шиг юм өмсөөд хүйтэнд бас өндөрт, агаар дээр зургаа авахуулна гэдэг үнэхээр хэцүү юм байна лээ. Дээрээс нь хоёр талаас ус цацаад л. Би гэхдээ зураг авалтандаа амжилттай оролцсон. Тэгээд хамгийн гол нь зураг авалтын дараа халтирч унаад, нуруугаа нэл өвчин болгочихсон. Тэр үед л нэлээн шантарсан даа. Ер нь ажиглаад байхад оролцогч охид маань сорил дээр муу оноо авахаар сэтгэл санаагаар унаад, үндсэн зураг авалтанд бас муу оноо авч хасагдчих гээд байдаг. Гэхдээ би цаашид алдаагаа давталгүй, үндсэн зураг авалт дээр сайн дүн авсан даа маш баяртай байгаа.

Загвар өмсөгчийн хувьд хэр өсч дэвшсэн бэ? Хуримтлуулсан туршлагаасаа харахад загвар өмсөгч хүн ямар байх ёстой юм байна?

Анх орж ирсэнтэйгээ харьцуулбал нэвтрүүлгийн хугацаанд би бүх талаараа, маш их дэвшсэн. Тэрийг бүр үгээр илэрхийлэхийн аргагүй. Зураг авалтын пооз, ярианы ур чадвар, хүнтэй харьцах, мөн наад зах нь олон хүнтэй нэг доор амьдарч сурах гээд л олон зүйлс сурч байгаа. Харин загвар өмсөгч хүн ямар байх ёстой вэ гэвэл миний бодлоор гол нь тууштай, сэтгэл санаа нь хэлбэлздэггүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл зураг авалтын үеэр чиний сэтгэл санааны тавгүй байдал яаж ч нуусан ил гарчих гээд байдаг. Тийм болохоор эрч хүчтэй, тууштай, үргэлж өөртөө итгэлтэй байх ёстой юм байна лээ.

Нэвтрүүлэгт орсноосоо хойш хийсэн зүйлдээ харамссан мөч байгаа юу?

Харамсаж байгаа зүйл огт байхгүй ээ. Би өөрийнхөөрөө л байхыг хичээж байгаа. Эхний дугаар дээр өөрөөсөө ичиж, буруу зүйлс ярьчих вий дээ гэж шөнөжин санаа зовдог байсан. "Би сая юу ярьчихав аа, хүмүүс намайг үзнэ шүү дээ, ойлгох болов уу" гэж өөрийгөө зовоодог байсан. Харин одоо бол өөрийнхөөрөө байх нь зөв юм байна гэдгийг маш сайн ойлгосон.

 

 

цааш үзэх