Загвар өмсөгч Адвоа Абоа хар тамхины хамаарал болон сэтгэлийн хямралд орсон тухайгаа ярилаа
Мөн ижил төстэй асуудалтай тулгарсан бусад эмэгтэйчүүдэд туслах хүслийнхээ талаар хуваалцлаа
Есдүгээр сарын 19-нд Business of Fashion сэтгүүл загвар өмсөгч Адвоа Абоатай хийсэн тусгай ярилцлагыг нийтэлсэн. Адвоа Абоа бол сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их загварын шоу ба сэтгүүлийн нүүр дээр гарсан орчин үеийн шилдэг загвар өмсөгчдийн нэг юм. Энэхүү ярилцлагыг эхлүүлэхдээ сэтгүүлч Тим Бланкс Адвоагийн анх удаа Vogue сэтгүүлийн нүүр дээр гарсан тухай дурдаж, энэ талаарх түүний сэтгэгдлийг асуулаа.
"Би сэтгүүлийн нүүрийг харсан даруйдаа ‘Өө энэ чинь би байна шүү дээ, би их аз жаргалтай байна аа' гэж бодсон ч, хэсэг хугацааны дараа энэ нь хичнээн том зүйл болохыг ойлгож, бүр ч их баярлаж эхэлсэн" гэж модель хариулсан байна.
Ярилцлагын явцад Тим Бланкс Адвоагийн ээж Камилла Лоутер нь дэлхийн хамгийн амжилттай загварын агентуудын нэг, харин аав Чарльз Абоа нь кино зураг авалтад зориулсан орон зайны хайгуул хийдэг компани эзэмшдэг болохыг тодруулсан юм.
Сэтгүүлчийн тайлбарлаж буйгаар Адвоа Абоагийн амьдрал уналт, өсөлтөөр дүүрэн байсан гэнэ. Загвар өмсөгч бүсгүй сэтгэцийн өвчтэй, хар тамхины хамааралтай байснаа нуулгүй ярьсан бөгөөд одоо энэ бүхний ард гарч чадсандаа талархаж явдгаа дурджээ. Vogue сэтгүүлийн нүүр дээр гарсан баярт үйл явдал Адвоагийн өөрийн амийг егүүтгэхийг оролдсоны хэдхэн сарын дараа тохиосон байдаг. "Хүмүүс миний хар тамхины асуудлыг загварын салбартай холбож боддог. Гэхдээ энэ нь тийм биш ээ. Би ердөө л өсвөр насны, өөрийгөө бусдаас гадуурхан боддог нэгэн охин байсан. Үүнд тодорхой нэгэн салбар эсвэл нийгэмлэгийг буруутгаж болохгүй. Гэхдээ нөгөөтээгүүр орчин үед үүсээд буй энэхүү уур амьсгал тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг байх. Өнөөдөр хүмүүст энгийн амьдрал хангалтгүй санагдаж, тэд илүү ихийг хүсдэг болсон" хэмээн Адвоа хуваалцсан байна.
Харин одоо загвар өмсөгч бүсгүйг урагш алхахад тусалж байгаа зүйл нь түүний үүсгэн байгуулсан Gurls Talk нэртэй онлайн нийгэмлэг аж. Адвоа өөр шиг ээ хэзээ нэгэн цагт амьдралын утга учраа алдаж байсан бүсгүйчүүдэд зориулан энэ нийгэмлэгийг үүсгэж, нээлттэй ярилцах тавцан бий болгож өгчээ. "Gurls Talk нийгэмлэг миний хувьд хичнээн чухал ач холбогдолтой болохыг би ойлгосон. Би энэ нийгэмлэгт байдаг эмэгтэйчүүдэд өөрийн жинхэнэ сүргийг олсон гэдгээ байнга хэлдэг. Би эдгээр эмэгтэйчүүдийн хамт байхдаа өөрийн сэтгэлийн хямрал, хоёр туйлт эмгэг, эргээд тэрхүү хар нүх рүү унах айдас зэргээ ор тас мартдаг. Би өөрийнхөө нийгэмлэгийн төлөө урагш алхаж, тэдний төлөө тэмцэхэд бэлэн байна" гэж Адвоа Абоа хэлжээ.
Түүнчлэн сэтгүүлч загвар өмсөгч бүсгүйгээс хангалттай их хоол хүнс хэрэглэдэг эсэхийг нь асуухад тэрээр "заримдаа" гэж хариулсан байна.
Ярилцлагын бүрэн эхийг эндээс уншаарай.