Загварын гэрэл зургийн LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
3-р сарын 10-13 өдрүүдэд олон нийтэд нээлттэй
Б.БОЛДБААТАР нь Монголд загварын чиглэлээр мэргэшсэн анхдагч гэрэл зурагчдын нэг бөгөөд энэ салбарт 17 жилийн туршлага хуримтлуулан ажиллахдаа 2017 онд MARCH NINE MEDIA студийг үүсгэн байгуулж өдгөө нийт 5 жилийг хамт олонтойгоо амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлээд байна. Энэ хугацаанд өөрсдийн дурандаа олон өвөрмөц дүр төрхийг буулгаж амжсан тэд зөвхөн царай зүс төдийгүй хүний дотоод сэтгэл, зан чанарыг нь тодотгосоор ирсэн нь бусдаас ялгаруулдаг гол онцлог нь болсон билээ.
Гэрэл зураг болоод загварын салбарт шинэ өнгө төрх, дуу хоолойг нэмж өөрчлөлтийг авчирч чадсан тэд АМЬДРАЛ. ХҮМҮҮС. ЦАГ ХУГАЦАА үзэсгэлэнгийнхээ хүрээнд бүтээсэн ажлуудаа эргэн нэг харахын сацуу үзэсгэлэнд зориулсан шинэ цувралаараа дамжуулж үзэгчдэд нэгийг мэдрүүлэхийг хүссэн юм.
"Хүмүүс энэ хорвоод ирээд буцах хүртлээ өөр өөрийн баяр хөөр, уйтгар гуниг, зовлон жаргалаар оршиж, өнгө бүрээрээ өөрийгөө босгож бас нурааж, оногдсон энэхэн цаг хугацаандаа зөвхөн өөрийгөө хайж тэмтэрсээр амьдрал нь дуусдаг. Бид бүгд анх удаа амьдарч үзэж байна..." - Б.Болдбаатар
Гэрэл зурагчны ур чадварыг харуулсан энэхүү цувралд 22 хүн оролцсон ба хүн тус бүрийн сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, харц нь харилцан адилгүй өөр байх нь үзэгчдийн сэтгэлд өөр өөр утсыг хөндөх нь гарцаагүй. Харин нүүр будалтыг О.НАРАНБИЛЭГИЙН үүсгэн байгуулсан ANARA'S MAKEUP студи гүйцэтгэсэн бөгөөд тэрээр бийр барьсан зураачийн адил өөрийн уран гарын тусламжтай нэгэн гүн санааг илэрхийлжээ.
"Одоо цагт бидний ихэнх нь үргэлж нэгэн хэвийн, бусдад таалагдах багтай амьдардаг болсон. Заримдаа тэр багаа өөрийнх нь жинхэнэ царай гэж итгэтлээ зүүсэн байдаг. Бид амьд хүмүүс учраас үргэлж сайн сайхан, сэтгэл татам, бүгдийг ойлгож эвлэрсэн, нийцтэй байж чаддаггүй. Нийгэм биднийг өөрийн зохиосон хэлбэр дүрсэд оруулах гэж улам шахаж, оюун санааг далдуур удирдаад ч байгаа юм шиг... Бидний дотор янз бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, догдлол тайвшрал, галзуурал, цөхрөл байдаг. Энэ бол хэвийн. Бид бүгд өөр" - О.Наранбилэг
Энэхүү үзэсгэлэнд MARCH NINE MEDIA студийн 2017 оноос хойших 26 шилдэг бүтээл болон шинэ 22 бүтээл багтсан ба тэр дунд студийн бүтээлч төслүүд, томоохон нэвтрүүлгүүд болон брэндүүдийн сурталчилгааны ажлууд зэрэг Монголын загварын салбарын хөгжлийг харуулах түүх агуулагдсан билээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт