Хайх

Дэлхий дахинаа гарч буй загварын холбогдолтой үзэсгэлэнгүүд

Дэлхий дахинаа гарч буй загварын холбогдолтой үзэсгэлэнгүүд

Хаана, ямар үзэсгэлэн гарч байна вэ?

Text: Buro.Mongolia


Хувцас загварт шимтэн дурладаг, мөн чанарыг таньж мэдэхийг хүсдэг уншигчиддаа зориулан 2018 онд дэлхий дахинаа гарч буй загварын тухай үзэсгэлэнгүүдийн талаар мэдээллэж байна

"Гүн бодлууд" 

Дизайнер Миучча Прада ба түүний нөхөр Патрицио Ботели нарын нэрэмжит Fondazione Prada музей нэгэн гүн ухааны сэдэвтэй үзэсгэлэнг Венецийн Биенналийн наадамтай давхцуулан танилцууллаа. Тодруулбал, хүрээлэн буй орчин болон хүн төрөлхтний оюун санааны уялдаа холбоог уг үзэсгэлэн дүрслэх урлагийн хэлбэрээр илэрхийлжээ. Үзэсгэлэнгийн үзмэрүүд нь XX зууны гол гурван философич болох Мартин Хайдеггер, Теодор Адорно болон Людвиг Витгенштейний нарын үзэл санаа дээр тулгуурласан байна.

Хаана: Итали улс, Милан хот, Fondazione Prada музей
Хэзээ: 2018 оны тавдугаар сарын 25 - арваннэгдүгээр сарын 25

"Холливүүд дэх Итали" 

Хувцас загвар болон Холливүүдийн ертөнц хоорондоо үргэлж холбоотой байсаар ирсэн. Тэгвэл кино салбарыг хувцас загвартай нягт холбосон дизайнерын нэг бол эргэлзээгүй Сальваторе Феррагамо билээ. 1915 онд Италиас Калифорнид нүүж ирсэн залуухан Феррагамо анхны дэлгүүрээ хэрхэн нээсэн тухай дурсамж, түүний урласан гутал яагаад Холливүүдийн оддын дуртай гоёлын нэг болсон амжилтыг өгүүлэх "Холливүүд дэх Итали" нэртэй үзэсгэлэн Флоренц хотод байрлах Феррагамогийн нэрэмжит музейд нээгджээ. Уг үзэсгэлэн нь 2019 оны гуравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр боллоо.

Хаана: Итали улс, Флоренц хот, Museo Salvatore Ferragamo
Хэзээ: 2018 оны тавдугаар сарын 24 - 2019 оны гуравдугаар сарын 10Дэлхий дахинаа гарч буй загварын холбогдолтой үзэсгэлэнгүүд (фото 1)

Дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн

Морокко улсын Марракеш хотод байрлах Ив Сен-Лораны нэрэмжит музейд "Дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн" нэртэй үзэсгэлэн нээгдлээ. Уг үзэсгэлэнд дизайнер Ив Сен-Лоран болон түүний хамтрагч Пьер Берже нарын харилцаа холбоо, нөхөрлөлийг өгүүлсэн яруу найраг, дуу хөгжим болон уран зургуудыг дэлгэжээ. 

Хаана: Mорокко улс, Марракеш хот, Musèe Yves Saint Laurent
Хэзээ: 2018 оны тавдугаар сарын 14 - есдүгээр сарын 16Дэлхий дахинаа гарч буй загварын холбогдолтой үзэсгэлэнгүүд (фото 2)

Төсөөллийн үлгэрүүд

Vogue, Harper's Bazaar, Elle зэрэг сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байсан Италийн гэрэл зурагчин Паоло Вентура "Tөсөөллийн үлгэрүүд" нэртэй үзэсгэлэнгээ олон нийтэд танилцууллаа. Балчир байхдаа эмээгийнхээ ярьж өгдөг байсан үлгэрүүдээс сэдэвлэсэн уг үзэсгэлэн Арманигийн нэрэмжит музейд нээгдсэн бөгөөд Вентурагийн 100 орчим бүтээл дэлгэгджээ. Энд Вентурагийн гэрэл зургууд, уран зургууд, тайз заслын дизайнууд багтсан байгаа.

Хаана: Итали улс, Милан хот, Armani/Silos музей
Хэзээ: 2018 оны гуравдугаар сарын 8 - долоодугаар сарын 29

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх