Загвaрын салбарт ажилладаг алдартай ихрүүд
Олсен эгч дүүсээс гадна
Рут ба Мей Белл (@ruthnotmay ; @maynotruth)
Dior, Burberry, Alexander McQueen зэрэг брэндүүдийн шоунд алхаж, сурталчилгаанд оролцож байсан Рут болон Мей Белл нар 2013 оноос буюу 17 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ. Рут Белл дөрвөн улирал дараалан Dior брэндийн гол нүүр царайгаар тодроод байгаа ба загварын салбарт тэднийг домогт загвар өмсөгч Кейт Мосстой зүйрлэдэг.
Сама ба Хайя (@simihaze)
Off-White, Michael Kors брэндийн нүүр царайгаар тодорч, Vogue сэтгүүлийн зураг авалтад оролцож, алдартай загварын шоу, үдэшлэгүүдэд уригдах Сама болон Хайя нар 14 настайдаа загварын салбарт хөл тавьжээ. Өдгөө 25 настай ихрүүд 2016 онд Өмнөд Калифорнийн их сургуулийг кино найруулагчаар төгссөн ба фото моделиор ажиллахын зэрэгцээ SimiHaze нэрээр DJ хийдэг. Тэд энэ жил Coachella, Burning Man зэрэг фестивалиуд дээр хөгжмөө толилуулсан байна. Түүнчлэн тэдний этгээд хувцаслалт, үс засалт, нүүр будалтыг дурдахгүй байх аргагүй юм. Ретро футуристик маягийн стил, Пикассо, Кандинский нарын бүтээлийг санагдуулам нүүр будалт, богино үс засалт нь тэднийг бусдаас онцгой нэгэн болохыг илтгэнэ.
Ами ба Аяа (@ayaxxamiaya; @amixxamiaya)
"Хавар-зун 2019" загварын долоо хоногууд дээр гэрэл зурагчдын анхаарлыг Японы ихэр охид болох Ами Сузуки, Аяа Сузуки нар хамгийн ихээр татлаа. Ами, Аяа нар 2013 онд "Magic Color" сингл дуугаараа олонд танигдаж байсан ба үүнээс хойш Valentino, Dolce & Gabbana брэндийн сурталчилгаанд тоглож, jouetie нэртэй street style брэндээ үүсгэн байгуулсан. 1988 онд Японд төрсөн тэднийг Японы загвар, соёлын төлөөлөгчдөөр нэрлэхийн зэрэгцээ twin stylе хэв маягийг дэлгэрүүлэгчид гэж үздэг.
Ти-Kей Куан ба Киприана Куан (@tk_wonder ; @ciprianaquann)
Аварга том афро үстэй Ти-Кей, Киприана Куан нар IMG Models агентлагт харьяалагддаг ба тэд Urban Bush Babes блогоороо алдартай. Түүнчлэн TEDх арга хэмжээн дээр илтгэлээ тавьж байсан цөөн загвар өмсөгчдийн нэг юм. Vogue сэтгүүлийн зураг авалтад оролцож, Harper's Bazaar сэтгүүлийн нүүрэн дээр заларч байсан тэднийг хамгийн нөлөө бүхий шинэ мянганыхан гэж тодотгодог.