Копенхагены гудамжаар: Загварлаг street style төрхүүд камерын дуранд
Скандинавын улсууд дунд томоохонд тооцогддог Копенхагены загварын долоо хоног болж өнгөрлөө. Энэхүү загварын долоо хоног нь бусад ижил арга хэмжээнүүдтэй харьцуулахад байгальд ээлтэй тогтвортой хөгжилд ихээхэн анхаардаг. Үүний нэг жишээ нь оролцож буй брэндүүд бөгөөд тэдний дийлэнх нь ногоон хөгжлийн төлөөлөл болж чаддаг юм.
Тухайлбал, загварын долоо хоногийн салхийг хагалж шинэ цуглуулгаа өргөн барьсан Копенхагенд төвтэй (di)vision брэнд нь хуучин болон винтэж хувцас, материалыг шинээр засварлах бодлого баримталдаг. Мөн тус улсын томоохон төлөөллүүдийн нэгт ордог Ganni брэнд шинэ цуглуулгынхаа 50%-ийг дахин боловсруулсан, органик түүхий эд ашиглан хийснээс гадна байгальд ээлтэй үйлдвэрлэлт эрхэлжээ.
Харин загварын шоуг үзэхээр хүрэлцэн ирсэн зочдын хувьд бүрдүүлсэн төрхөөс нь Скандинав хэв маягийг дан ганц цэмцгэр шугам, минимал өнгө аясаар тодорхойлдог цаг ард хоцорсныг харж болно. Өнгөлөг нэхмэл цамц, 2000-аад оны хэв маягтай үслэг пальто, даашинз өмдний давхарлах аргачлал, мото стилийн савхин хүрэм, мөнгөлөг өнгө давамгайлсан футуристик гээд загварын олон төрлийн урсгалуудыг хольсон, Копенхагены бүүдгэр цаг агаарыг гэрэлтүүлэх мэт сонирхолтой төрхүүд тэнд зонхилсон байна.