Хайх

2017 оны чиг хандлага: Халат загварын пальто

2017 оны чиг хандлага: Халат загварын пальто

Одооноос халатыг зөвхөн гэртээ гэлтгүй гадуур өмсөцгөөе!

Text: Buro.Mongolia


Зураг:

Монголын хаврын улирал салхитай, шуургатай, цас бороотой болж өнгөрдөг. Энэхүү тогтворгүй үед бидэнд хамгаас хэрэг болдог хувцас бол хөнгөн пальто юм. Дэлхийн дизайнерууд хаврын улиралд зориулж халат маягийн дизайнтай, цув ба пальто хоёрын холимог хувилбарыг санал болголоо. Гэрийн, тэр дундаа унтлагын хэв маягтай хувцсыг гудамжинд өмсөх чиг хандлага өнгөрсөн оноос дэлгэрч, энэ онд ч мөн үргэлжилж байна. Ингээд бид дизайнеруудын танилцуулсан пальто-халатыг ямар нөхцөлд, хэрхэн загварчилж өмсөхийг тоймлон бичлээ.

Унтлагын стиль

Унтлагын стильтэй пальто-халат нь өнгөрсөн улиралд зонхилсон пижам хослолын логик үргэлжлэл боллоо. Ийм хувцсыг өндөр өсгийт болон том хэмжээтэй гоёл чимэглэлийн ачаар үдшийн гоёл болгон хувиргах боломжтой. Үдшийн даашинзыг орлож чадах хамгийн шилдэг пальто-халатын хувилбар Gucci-гийн загварын шоун дээр үзэгдсэн байгаа. Алессандро Микелегийн уг загвар эртний Холливүүдын тансаг уур амьсгалыг агуулсан үслэг ханцуйгаараа онцлогтой. Харин илүү минимал хэв маягтай хувилбарыг Ryan Roche-гийн цуглуулгаас олж харах боломжтой байлаа.

Цув-халат

Хэтэрхий унтлагын уур амьсгалтай хувцсыг гудамжинд өмсөж зориглохгүй байгаа хүмүүст зориулж дизайнерууд цув-халатыг санал болгож байна. Энэ хувилбарын эсгүүр ба хээ нь халат маягаар хийгддэг ч материал нь ердын цувыг санагдуулам илүү зузаан ба ширүүн бүтэцтэй байдаг тул бүсгүйчүүд уг загварыг өдөр тутмын хувцаслалтандаа илүү чөлөөтэй нэвтрүүлдэг юм. Энэ төрөлдөө хамгийн загварлаг хувилбарыг Off-White брэнд өөрийн resort 2017 цуглуулгын хүрээнд танилцууллаа. Тэд цагаан-цэнхэр өнгийн босоо судалтай цув-халатыг сарнай цэцгийн аварга том хатгамлаар чимснээр дулаан улирлын уур амьсгалыг төгс агуулжээ. Энэ загварыг бага зэрэг гудамжны стильд оруулах үүднээс шулуун эсгүүртэй жийнсэн өмд эсвэл спорт өмдтэй хослуулж, доор нь кет өмсөхийг бид санал болгож байна. Харин илүү ганган хийцтэй цув-халатыг Dries Van Noten брэнд урласан байгаа. Тус брэнд юбка ба өндөр өсгийттэй сайхан зохицох, үдшийн гаралтанд тохирох цайвар өнгийн загварыг хавар-зун 2017 цуглуулгадаа багтаажээ.

Гэрийн стиль

Гэртээ өмсдөг зөөлөн ба дулаахан халатыг гудамжинд авч гарах хүсэл хүн бүрт төрж байсан байх. Харин энэ улиралд дизайнерууд бидний уг хүслийг биелүүлэхээр шийдэж, гэрийн стильтэй халатыг хэрхэн өдөр тутмын хувцаслалтандаа нэвтрүүлж болохыг харууллаа. Band of Outsiders марк хөх ягаан өнгийн ноосон халат-цувыг сагсны загвартай топ, шоорт ба цагаан өнгийн кеттэй хослуулахыг зөвлөж байна. Тэд бас нэгэн хувилбар тайзнаа гаргасан нь дөрвөлжин хээтэй халат-цамц юм. Энэ загварыг хар өнгийн богино даашинз ба цагаан кеттэй хослуулж, smart casual стиль бүрдүүлж болох юм.

цааш үзэх