Энэ зун ямар усны хувцас сонгох вэ: 5 чиг хандлага
Сонголтоо хийхэд тань туслах гарын авлага
90-ээд оны загвар
Энэ зуны үндсэн трендүүдийн нэг болох 1990-ээд оны хэв маяг нь хувцас, аксесуар төдийгүй усны хувцасны салбарт ч бас ноёрхож байна. Тус арван жилийн гоо зүйн чиглэлийн дагуу усны хувцас ташааны хэсгийг ил гаргасан өндөр огтлолтой, нэг хэсгээс бүрдсэн загвар байх учиртай юм. Ингэснээр таны хөл яг л Синди Кроуфордынх шиг урт харагдах болно. Энэ трендийг Белла Хадид, Кендалл Женнер гэх зэрэг орчин үеийн It girls бүгд дагаж байгаа. Мөн 90-ээд оны уур амьсгалыг Versace брэндийн санал болгодог тод, баялаг хээгээр илэрхийлж болно.
Бөмбөлгөн хээ
Ретро стилийн бөмбөлгөн хээтэй усны хувцас энэ зун дахин нэг удаа алдрынхаа оргилд хүрч байна. Усны хувцас тань хоёр хэсгээс эсвэл нэг хэсгээс бүрдэж болно. Хамгийн гол нь бөмбөлгөн хээ нь том хэмжээтэй байх учиртай. Яг л Jacquemus брэндийн санал болгосон шиг.
Дэгээ зүүгээр нэхсэн усны хувцас
1970-аад оны чөлөөт стиль одоо ч амьд хэвээр байна. Тэр дундаа дэгээ зүүгээр нэхсэн усны хувцаснууд энэ зуны гол трендүүдийн нэгээр тодорлоо. Хамгийн романтик бөгөөд эмэгтэйлэг хувилбар бол цагаан өнгийн загвар юм. Гэхдээ ийм төрлийн материалтай усны хувцсыг илүү нямбай эдлэх шаардлагатайг анхаараарай.
Спорт загвар
Спорт стиль загварын салбарыг бүхэлд нь эзэлсэн гэж хэлж болно. Кутюр загварт хүртэл спорт хэв маяг давамгайлах болсон. Тиймээс энэ зун усны хувцас худалдан авахдаа Олимпын тэмцээнд оролцох гэж буй мэт олон тод өнгө бүхий, график хээтэй хувилбар сонгоорой.
Минимал хэв маяг
Ямар нэгэн хээ, бичиггүй, цэмцгэр энгийн эсгүүртэй, бараан эсвэл байгалийн өнгөтэй усны хувцас дээр дурдсан трендүүдээс тэс ондоо мэт санагдах ч энэ зун таны шүүгээнд байх ёстой, сонгодог загваруудын нэг гарцаагүй мөн юм. Тэгээд ч минимал усны хувцсыг боди эсвэл топ байдлаар өмсөх боломжтой гэх том давуу тал бий.