Хайх

Зуны улиралд өдөр тутам хэрэглэх нүдний контурууд

Зуны улиралд өдөр тутам хэрэглэх нүдний контурууд

Ажлын долоо хоногтоо бэлдэцгээе

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрэв та тод өнгийн хувцас өмсөх дургүй бол таны өдөр тутмын нүүр будалт заавал бүдэг байх албагүй. Бид орчин үеийн бүсгүйчүүд туршиж үзэж болох сонирхолтой нүдний контуруудыг цуглууллаа

Винтэж даваа гарагийг M.A.C.-тай хамт

Зуны улиралд өдөр тутам хэрэглэх нүдний контурууд (фото 1)

Нүүр будалтын мэргэжилтнүүд ба сонирхогчид бүгд дурладаг M.A.C.-ийн "Fluidline Pen" нүдний харандаа нь нүдний контур ба фломастерын давуу талуудыг өөртөө шингээжээ. Энэхүү контур нь яг л шингэн бэх мэт зовхины арьсаар гулгаж түрхэгдэх ба маш тод өнгөөр гардаг. Контурын үзүүр нь тун нарийхан тул үнэхээр цэвэр зурагдана. Түүнчлэн будсаны дараа урсаж, тархахгүй, хурдан хатаж матт эффект үүсгэдэг. Fluidline Pen нь онцгой шингэн бүтэцтэй тул маш нарийн гарах бөгөөд тод эсвэл энгийн зэрэг ямар ч нүүр будалттай төгс зохицно. Даваа гарагт "Vintage Brown" өнгийг сонгохыг санал болгож байна. Хар шоколадны өнгөтэй нарийн контур зурснаар та үдэшлэгт ч, ажлын цагаар ч бусдын анхаарлыг татах болно. Хамгийн гол нь дээд зовхины дотор талыг будах хэрэггүй. Зөвхөн сормуусны дээд хэсэгт контур тавьснаар зовхины доод хэсэгт наалдахгүй, тогтоц сайтай болно.

Smashbox-ын хөх ягаан контурыг мягмар гарагт

Зуны улиралд өдөр тутам хэрэглэх нүдний контурууд (фото 2)

Smashbox брэндийн "Jet Set Waterproof Eyeliner" нэртэй гель хэлбэрийн тогтоц сайтай будагт хүн бүр дуртай байдгийг бид мэднэ. Гэхдээ Мягмар гарагт ажлын ачаалал эрс нэмэгддэг тул нүүр хувиргагчид үргэлж яарч байдаг хүмүүст нэгэн гайхалтай зүйл бодож олжээ. Тэр нь усны хамгаалалттай, өөрийгөө үзүүрлэдэг нүдний харандаа юм. Үнэн хэрэгтээ Smashbox брэндийн Always Sharp нь нарийн гаралттай, тогтоц сайтай шингэн контурыг нүдний харандаа хэлбэрт оруулсан бүтээгдэхүүн юм. Бидэнд тус контурын "Violetta" гэдэг хөх ягаан өнгө маш их таалагдаж байгаа. Нэмж хэлэхэд, таныг хурлаас таван минутын өмнө нүдээ будсан гэдгийг хэн ч анзаарахгүй.

Лхагва гарагт Jane Iredale-ийн өргөн контур

Зуны улиралд өдөр тутам хэрэглэх нүдний контурууд (фото 3)

Хэрэв та эмзэг арьстай бол Mystikol брэндийн хуурай, эрдэстэй, тун тааруулагчтай нүдний тенийг анхааралдаа аваарай. Байгалийн эрдэс бодис ба жожоба тосыг найрлагандаа агуулсан тул энэхүү тень ямар нэг таагүй нөлөө үзүүлэхгүй. Түүний нунтаг бүтцийн ачаар яг л загварын тайзны будалт мэт өргөн контур зурж болно. Бидний анхаарлыг татаж байгаа өөр нэг өнгө бол "Smoky Quartz" юм. Учир нь үүгээр завсрын хэрнээ уйтгартай биш сонирхолтой өнгө гаргаж болдог. Лхагва гараг бол бүсгүйчүүдийн хувьд бараг л баасан гараг гэж хэлж болно. Тиймээс яг л загварын тайзнаа гялалзаж байгаа мэт харагдаж яагаад болохгүй гэж?

Мэргэжилтний зөвлөгөө: Эмари салоны нүүр хувиргагч Полина Маковская зөвлөж байна.

"Reverse Smokey Eye будалт нь анх 2016 оны Versace хавар-зуны загварын шоун дээр танилцуулагдсан. Энэхүү өргөн контур нь гранж стилийн будалт бий болгодог. Тиймээс нүдээ будахдаа заавал тэгшхэн контур зурах албагүй. Харин ч бага зэрэг нялагдсан, яг л та будгаа арилгаагүй унтсан мэт харагдахаар будаарай. Тус будалт нь лхагва гарагт төгс зохимжтой".

Dolce & Gabbana-гийн фуксия цэцгийн тод ягаан өнгийг Пүрэв гарагт

Зуны улиралд өдөр тутам хэрэглэх нүдний контурууд (фото 4)

Энэ улиралд тус брэндийн шингэн контур маш эрэлттэй байгаа. Тэдгээрээс гурван төрлийн өнгөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тухайлбал, тэдний "Black Intense" сонгодог хар өнгийн будгийг танилцуулах шаардлагагүй гэж бодож байна. Тэгвэл "Peacock" өнгө нь ногоон, саарал ба хөх өнгийг хослуулсан бөгөөд ямар ч энгийн будалтыг сэргээж чадна. Эцэст нь "Cyclamen" нэртэй тод ягаан өнгийг туршиж үзэхэд бага зэрэг зориг шаардагдана. Бүр нүдний контуртаа нийцүүлж ижил өнгийн шинэ туфль худалдаж авах хэрэг ч гарч мэднэ.

YSL-ын номин ногоон өнгийг баасан гарагт

Зуны улиралд өдөр тутам хэрэглэх нүдний контурууд (фото 5)

Францын нарлаг өдрүүдийг санагалзаж байна уу? Тэгвэл та шингэн контурын "хаан" гэгддэг "YSL Baby Doll"-ыг нэг хэрэглээд үзээрэй. Яагаад гэвэл тэр маш сонирхолтой өнгөнүүдтэйгээс гадна, хэрэглэхэд эвтэйхэн нарийн, уян хатан бийртэй. Мөн маш удаан тогтоцтой гэдгийг нь дурдах хэрэгтэй. Үүнээс илүү юу хэрэгтэй гэж? Энэхүү контур нь ямар ч будалтыг "амилуулах" болно. Бидэнд "№ 11 Light Blue" өнгө маш их таалагдаж байгаа. Учир нь энэхүү өнгө нь наранд гарахад номин ногоон харагддаг бол оффисын гэрэлд тод хөх болж хувирдаг. Ийм өнгөөр зовхин дээрээ үл ялиг нимгэн зураас зурах нь жинхэнэ гэмт хэрэг. Үүний оронд та маш тод ба өргөн,  "муур"-ны будалт хийх хэрэгтэй. Та нэг л амьдрана, тэглээ ч энэ чинь баасан гараг шүү дээ!

Bobbi Brown-ы индранил өнгийг бямба гарагт

Зуны улиралд өдөр тутам хэрэглэх нүдний контурууд (фото 6)

Энэхүү брэндийн нүдний контурыг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Жишээ нь тэдний "Long -Wear Gel Eyeliner"-ийг дурдахгүй байхын аргагүй. Гэхдээ тэд "Perfectly Defined Gel Eyeliner" нэртэй харандаа хэлбэрийн нүдний шингэн контур гаргаж сонголтоо өргөжүүлсэн. Энэхүү будгаар бараг "явдал дундаа" маш хурц, нарийн контур зурж болно. Уг харандааны гель хэлбэрийн бүтэц, тод өнгө ба 12 цагийн тогтоц нь бямба гарагт хамгийн тохиромжтой. Хэрэв та баасан гарагт нойргүй хоносон бол, "Sapphire" өнгө таны ядарсан төрхийг маш сайн далдална. Үүний тулд эхлээд сонгодог хар өнгийн контур зурсны дараа дээгүүр нь индранил өнгийн нимгэн зураас давхарлаж зураарай. Давхар контур нь таны нүдийг маш тод харагдуулах тул өчигдөр таныг хэдэн цагт унтсаныг хэн ч гадарлахгүй.

Мэргэжилтний зөвлөгөө: Buro Beauty гоо сайхны салоны нүүр хувиргагч Анастасия Шевцова зөвлөж байна.

Би энэ маркийн будагнуудад үнэхээр хайртай. Зөөлөн крем хэлбэрийн бүтэц нь удаан хугацааны турш хатдаггүй тул хүсвэл сормуусны чиглэлд бага зэрэг тарааж, сүүдэрлэж болно. Энэхүү будаг нь өдөр тутмын хэрэглээнд үнэхээр тохиромжтой.

Dior-ын алтлаг өнгийг ням гарагт

Зуны улиралд өдөр тутам хэрэглэх нүдний контурууд (фото 7)

Та мэдээж Dior-ын намар-өвлийн кутюр загварын шоуг санаж байгаа байх. Бидэнд нүүр будалт хариуцсан бүтээлч захирал Питер Филипсийн бүтээсэн график дүрстэй өвөрмөц контурууд маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Тухайлбал тэнд зарим загвар өмсөгчдийн нүдийг алтлаг өнгөөр хүрээлсэн байсан юм. Филипс үүнд "Dior Addict Fluid Shadow Phenix" нэртэй шингэн тенийг ашигласан бөгөөд илүү тайзны будалт хийхийн тулд тусгай багсаар түрхсэн байдаг. Ням гарагт "будаггүй мэт будалт" хийхийн оронд Dior-ын алтлаг тенийг туршиж үзэхийг бид санал болгож байна. Белла Хадид найзуудын хамтаар ийм будалт хийсэн байхад та яагаад болохгүй гэж?

цааш үзэх