Микро тренд: Том хэмжээтэй бантикан зангилаа болон олон давхар бүс
Дуа Липа болон Кайли Женнер нараас санаа авцгаая
Загварын ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох кутюр загварын долоо хоног үргэлжилж байна. Энэ үеэр загварын орднуудын урлагийн бүтээл мэт цуглуулгуудаас гадна загварын шоунд нь хүрэлцэн ирж буй зочдын бүрдүүлсэн төрх дутахааргүй анхаарал татдаг. Тэгвэл Chanel загварын ордны хавар-зун 2025 улирлын кутюр шоуны үеэр яг одоо хэрэгжүүлж үзэх хэрэгтэй хоёр чухал трендийг Дуа Липа болон Кайли Женнер нар харуулсан юм.
Сүүлийн хэдэн сарын турш мартагдах шахаад байсан coquette гоо зүйг Дуа Липа кутюр загварын долоо хоног дээр хэрэгжүүлснээр дахин амьдрууллаа. Тодруулбал Грэммигийн шагналт дуучин бүсгүй хөлөөсөө толгой хүртлээ хар өнгөөр дагнасан бөгөөд тэрээр мини торгон даашинз, газар шүргэсэн урттай нөмрөг нөмөрсөн нь тун драматик харагдаж байлаа. Харин тэрээр дүр төрхөө гүйцээж асар том хилэн материалтай бантикийг үсэндээ зангидсан нь хүн бүхний харцыг булааж чадсан юм. Аливаа төрхийг хормын зуур илүү загварлаг, ультра эмэгтэйлэг болгохыг хүсвэл Дуа Липагаас санаа аваарай. Ингэхдээ үснийхээ талыг цэмцийлгэн шууж, томхон хэмжээтэй бантикаар зангидаарай. Өнгө болон материалын хувьд ямар ч сонголттой байж болно. Гол нь том хэмжээтэй байх нь чухал.
Мөн түүний зүүсэн бас нэгэн аксесуар загварынхны анхааралд өртсөн юм. Тэрээр бүсэлхийгээрээ сувдан чимэглэлтэй нарийхан бүс давхарлаж ороосон нь өнгөрсөн жилээс эхэлсэн олон давхар бүсний трендийг үргэлжлүүлж байна. Үүнийг мөн Chanel-ын кутюр загварын шоунд хүрэлцэн ирсэн Кайли Женнер хэрэгжүүлжээ. Кайлигийн хувьд мини юбка болон богинохон твид жакетаас бүрдсэн цагаан өнгийн хослолоор гоёсон ба тэрээр мөн л бүсэлхийгээрээ гинж хэлбэртэй бүсийг олон давхарлаж ороосон байлаа. Энэхүү тренд нь өөрийн хүссэн загварын бүсийг сонгох боломжтойгоос гадна ямар ч төрлийн хувцаслалттай зохицдог гэдгээрээ давуу талтай. Хамгийн чухал нь олон давхарлаж ороовол загварлаг харагдана.