2025 оны гол үс засалт: “Шарлотт”
Цэмцгэр бөгөөд ультра эмэгтэйлэг
Өнгөрсөн жил засаж янзлаагүй мэт харагддаг замбараагүй үсний засалтууд тренд болж байсан бол энэ жил илүү эмэгтэйлэг, хээнцэр хэв маяг давамгайлах хандлагатай байна. Жишээ нь та алдарт Sex and the City цувралын шүтэн бишрэгч бол Шарлотт Йоркийг төсөөлөөд үзээрэй. Элегант, романтик, эмэгтэйлэг хэв маяг болон 1990-ээд оны минимализмын хослол болсон түүний стилийг цэмцгэр, преппи маягаар зассан үс засалтгүйгээр нь төсөөлөхөд бэрх. Тэгвэл энэхүү үс засалт нь ямар харагддаг, хэрхэн хэрэгжүүлэхийг харцгаая.
Шарлотт засалт гэж юу вэ?
Мөр бага зэрэг давсан, үзүүрийг нь тэгшилсэн, каре төрлийн засалт. "Шарлотт" засалтыг бараг л анзаарагдахгүй уусгалттай, үл ялиг шатлах техникээр тайрдгаараа онцлогтой. Хичээгээгүй хэр нь шик, орчин үеийн атлаа сонгодог харагдах энэхүү үс засалт нь Шарлотт Йоркийн мөн чанарыг төгс илтгэж чаддаг билээ. Түүнчлэн уг засалт нь хэзээ ч хуучирдаггүй, ямар ч хувцаслалттай зохицдог, мөн олон янзын аргачлалаар засаж янзалж болдгоороо онцлогтой.
Хэрхэн янзлах вэ?
Уг үс засалтын бас нэгэн давуу тал нь олон янзаар хялбархан загварчилж болдогт оршдог. Тухайлбал үсээ голоор нь хуваагаад сэнс болон бөөрөнхий самаар угийг нь босгоход л шик төрх бүрдэнэ. Мөн үзүүрийг нь гадагш эргүүлж ретро хэв маяг оруулж болно. Мэдээж хэрэг преппи, сонгодог хэв маягтай харагдахыг хүсвэл Шарлотт шиг үсээ далий хуваахад л хангалттай. Хэрвээ танд хэт даруухан санагдаж байвал төрөл бүрийн обруч, тууз эсвэл бантикаар чимэглэж өхөөрдөм, романтик гоо зүй нэмэх боломжтой юм.