Хайх

Эрүүл, намирсан үстэй болоход туслах итали бүсгүйчүүдийн үс арчилгааны нууц

Эрүүл, намирсан үстэй болоход туслах итали бүсгүйчүүдийн үс арчилгааны нууц

Text: Buro.Mongolia


1960-аад оны охин тэнгэр гэгдэж байсан жүжигчин Софи Лореноос эхлээд Моника Беллучи, Бианка Балти тэргүүтэй олон итали алдартнууд сэтгэл татам гоо үзэсгэлэн, эрхэмсэг хээнцэр байдлаараа дэлхий нийтийг гайхшируулсаар ирсэн билээ. Тэр дундаа итали бүсгүйчүүдийн гялалзсан, намирсан, эрүүл үс ямагт олны харцыг булааж чаддаг. Иймд бидний зүгээс торгомсог, бат бөх үстэй болоход тань туслах итали бүсгүйчүүдийн үс арчилгааны нууцаас хуваалцаж байна.  


Тэд үсээ зөв техник ашиглаж угаадаг

Юун түрүүнд тэд шүршүүрт орохоосоо өмнө үсээ самнаж, хуйхандаа иллэг хийж өгдөг. Дараа нь үсээ бүлээн усаар сайтар норгож, дор хаяж 10 минутын турш хуйхаа цэвэрлэн угаадаг байна. Түүнчлэн тэд үснийхээ үзүүр хэсэгт шампунь хүргэлгүйгээр зөвхөн ангижруулагч ашиглахыг илүүд үздэг ба энэ нь үсийг хуурайших, гэмтэх, хугарахаас хамгаалж өгдөг аж.

Мөн жүжигчин Моника Беллучи үсээ угаахдаа шампуниа бага зэрэг устай хольж хэрэглэдэг талаараа хуваалцжээ. Ингэснээр бүтээгдэхүүн сайтар хөөсөрч, хуйхны бүх хэсэгт хүрч үйлчлэхийн зэрэгцээ давхар үсний тослогжилт тэнцвэржин, уян хатан чанарыг хадгалж өгдөг давуу талтай гэнэ.

Эрүүл, намирсан үстэй болоход туслах итали бүсгүйчүүдийн үс арчилгааны нууц (фото 1)

Тэд үсэндээ нэмэлтээр тэжээл өгөхийг чухалчилдаг

Италийн алдарт үсний стилист Россано Ферретти "Манай улсын бүсгүйчүүд үсээ арчлахдаа маш нямбай, боловсронгуй арга барил ашигладаг гэж хэлж болно. Тэд үснийхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, үснийхээ байгалийн өнгө төрхийг тодотгохыг урьтал болгодог. Тэд олонхыг адилаар үсээ сайтар угаагаад, ангижруулагч ашигладаг ч үүнийхээ дараа заавал тэжээлээр баялаг тос, үсний серум хэрэглэж дадсан байдаг. Энэ бол тэдэнд эртнээс уламжлагдан ирсэн эрүүл, гялалзсан үсний нууц юм" хэмээжээ.

Энэхүү аргыг энгийнээр тайлбарлавал шүршүүрт орсныхоо дараа үснийхээ хамгийн их хуурайшин, гэмтдэг дунд болон үзүүр хэсэгт зориулалтын серум, тэжээлийн тосыг түрхэж өгөхөд л хангалттай юм. Хамгийн гол нь үсээ угаах бүртээ тус аргыг хэрэгжүүлэх ёстой гэдгийг мартуузай.


Тэд байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг

Жүжигчин Софи Лорен өөрийнхөө гоо үзэсгэлэнг чидун жимсний тостой холбон тайлбарладаг байв. Тэрээр өдөр бүр хоёр халбага цэвэр чидун жимсний тосыг ууж, давхар ваннд орохдоо ашиглаж, үснийхээ үзүүр хэсэгт тэжээл болгон түрхэж өгдөг байжээ. Үүний адилаар итали бүсгүйчүүд ургамлын гаралтай, байгальд ээлтэй, сульфат, парабен агуулаагүй бүтээгдэхүүн түлхүү сонгодог ба энэ нь үсийг эрүүл, торгомсог болгохын зэрэгцээ өнгөө алдаж, гундсан үсийг сэргээж, гялалзсан болгодог ач тустай аж.

Гэвч хүн бүрийн үсний бүтэц ондоо тул худалдан авалт хийхээсээ өмнө өөрт харшлах орц найрлагыг шалгаж, үснийхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүн олохыг чухалчлаарай.

Эрүүл, намирсан үстэй болоход туслах итали бүсгүйчүүдийн үс арчилгааны нууц (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх