Йог шинжлэх ухааны үүднээс ямар ашиг тустай вэ?: Мэргэжилтний хариулт
Йог бол амьсгал болон бие махбодын үйл ажиллагааг нэгтгэсэн дасгалын төрөл ба анх 8,000-10,000 жилийн өмнө үүссэн гэж үздэг. Орчин цагт йогоор хичээллэдэг хүмүүсийн тоо 300 саяд хүрсэн бөгөөд энэ үзүүлэлт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэгвэл уг дасгалын ашиг тусын талаар велнессийн мэргэжилтэн, анагаах ухааны доктор Евгения Харченко бидэнд шинжлэх ухааны үүднээс тайлбарлалаа.
Стрессийн түвшин зохицуулна
Йогийн төрлүүдийг тоймлон судалсан 2020 оны эрдэм шинжилгээний ажлаар энэхүү дасгал нь хүний стрессийн түвшнийг тэнцвэржүүлдэг болох нь батлагджээ. Үүнд йогийн гүнзгий амьсгаа, бясалгал, сунгалт болон удаан хэмнэлтэй хөдөлгөөн нь тусалдаг байна. Мөн хөгжмийн зэмсэг (жишээ нь, hang drum буюу тогоон бөмбөр), амин тос, бүдэг гэрэл, халуун йогийн өндөр хэм гэхчлэн тайвшруулах ач холбогдолтой бусад хүчин зүйлс багтана. Тиймээс хөл хөдөлгөөн ихтэй том хотуудын иргэд йог сонгож хийх нь түгээмэл байдгийг судалгаанд дурдсан байна.
Уян хатан чанар хөгжүүлнэ
Йогийн бас нэгэн давуу тал бол булчинд хэт өндөр ачаалал өгч гэмтээхгүйгээр аажмаар сунгадаг явдал юм. Yoga Journal болон Yoga Alliance-ын явуулсан санал асуулгаар үүгээр хичээллэсний дараа сунгалт нэмэгдэх нь хамгийн түгээмэл үр дүнгээр тодорчээ. Хэр эрчимтэй хичээллэхээс үл шалтгаалан йог нь нуруу, хүзүү, гар, гуя, шилбэний булчинг сунгадаг байна. Иймд биеийн уян хатан байдал алдагддаг ахмад настнуудад тус дасгалаар хичээллэхийг тусгайлан зөвлөдөг юм.
Сэтгэцийн эрүүл мэнд дэмжинэ
Йог стрессийн ерөнхий түвшнийг бууруулахаас гадна сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж, сэтгэлзүйн зарим эмгэгийг анагаахад тусалдаг. Тухайлбал, АНУ-д 20 сая гаруй хүнд тохиолддог сэтгэл гутралын эмгэгийг даван туулахад йог үр нөлөөтэй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна. Түүнчлэн энэ бол trauma буюу сэтгэлзүйн гэмтлээс үүдэлтэй шинж тэмдгийг бууруулах ач холбогдолтой болох нь Харвардын Анагаах ухааны их сургуулийн хийсэн судалгаанд дурдагджээ. Гэвч йог бол тус өвчлөлийг эмчлэх бие даасан эх үүсвэр биш, зөвхөн туслах үүрэг гүйцэтгэдгийг санаарай.
Эрүүл амьдралын хэв маягийн сэдэл
Уг дасгалаар хичээллэнэ гэдэг заавал цагаан хоолтон болж, согтууруулах ундаанаас татгалзаж, сахрын хэрэглээгээ хасаж, өглөө эртлэн босохыг хэлэхгүй. Хэдий йог эдгээр дадлыг танд хүчлэхгүй ч хичээллэдэг хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт орох тохиолдол түгээмэл ажиглагддаг байна. Хэд хэдэн шинжлэх ухааны судалгаагаар йог хийдэг хүмүүс бусадтайгаа харьцуулахад амьдралын хэв маяг нь илүү эрүүл, үүнийгээ дагаад биеийн жингийн индекс бага, тэсвэрлэх хүч өндөр гэсэн үр дүн гарчээ.
Бат бөх нойр авахад тусална
Нийт хүн амын 10-30%, зарим улсад 50-60% нь нойргүйдэлтэйгээ тэмцэж байгаа гэсэн тоон үзүүлэлт бий. Тэгвэл нойргүйдэлтэй эмэгтэйчүүд, өндөр настнууд болон хорт хавдраар өвчилсөн хүмүүс дээр хийсэн хэд хэдэн судалгаагаар йогоор хичээллэх нь тэдний нойргүйдлийн шинж тэмдгийг бууруулсан үзүүлэлт гарчээ. Энэ нь мэдээж тус дасгалын гүнзгий амьсгал авдаг, удаан хэмнэлээр хөдөлдөг шинж чанартай нь холбоотой юм.
Хүн төрөлхтөн хэчнээн олон жилийн өмнөөс йогтой холбогдож эхэлсэн ч үр нөлөөг нь баталсан судалгаа төдийлөн хангалттай байдаггүй гэж үздэг. Гэхдээ үүний ашиг тусыг бодитоор мэдэрч буй сая сая хүмүүс байгааг Евгения Харченко онцолсон билээ.