Үсээ гэмтээлгүйгээр хэрхэн янзлах вэ?: Заавал баримтлах 7 зарчим
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Тийм ч учир охид, бүсгүйчүүд бид өдөр тутамдаа үсээ арчлан янзалж, шаардлагатай үед индүү, хайч ашиглан өөрийн хүссэн хэлбэрт оруулан гоёдог. Гэвч үсээ байнга хайчаар ороож, сэнс индүүгээр хатааж янзлах үед үс тодорхой хэмжээнд гэмтэх, өнгөө алдах, салаалах зэрэг асуудлууд тохиолдох нь элбэг байдаг билээ. Тиймээс үсээ гэмтээлгүйгээр янзлахад тань туслах 7 аргийг хуваалцаж байна.
Давтамжаа багасга
Хэрэв та долоо хоногт үсээ дөрвөөс дээш удаа угаадаг бол уг давтамжаа багасахыг санал болгож байна. Нас ахих тусам үсний тослогийн булчирхайн үйл ажиллагаа муудаж улмаар хуйхны тэнцвэртэй байдал алдагдаж эхэлдэг. Тиймээс тослог үстэй бол долоо хоногт 2-3 удаа, хуурай бол 1-2 удаа угаахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн дор хаяж 10-15 минутыг үсээ сайтар угааж, хуйхаа массажлахад зарцуулах нь олон угааснаас илүү үр дүнтэй, эрүүл арга гэнэ.
Үсээ зөв хатаах
Бүсгүйчүүд бидний гаргадаг хамгийн том алдаануудын нэг бол үсээ нойтон байхад нь самнаж, халуун индүү, хайчаар хэлбэрт оруулах явдал юм. Шүршүүрт орсны дараагаар үсээ мушгиж биш цэвэр алчуураар зөөлөн дарж, чийгийг шингээж өгөөрэй. Үүний дараа чийгтэй үсээ хүйтэн сэнсээр эсвэл өөрөөр нь хатааж хэвшээрэй.
Нойтон үстэй хэзээ ч бүү унт
Нойтон үстэй унтахад үсний чийг дэрэнд шингэж хурдан хатдаг мэт санагдах боловч энэ нь үсийг хагтаж, хугарамтгай болоход нөлөөлдөг гол шалтгаануудын нэг юм. Мөн үс хөвсгөр, намирсан байдлаа түргэн алдахын зэрэгцээ дэрэнд шингэсэн чийг нь элдэв бактери үржихэд таатай нөхцөл байдлыг үүсгэж өгдөг байна.
Үсийг хамгаалагч цацлага, серум хэрэглэх
Үсээ халуун индүү, хайчаар ороохоос өмнө заавал халуунаас хамгаалах зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшээрэй. Энэ нь үсийг түлэх, салаалах зэргээс хамгаалах бөгөөд мөн үсний ороолт, хэвийг илүү удаан барихад тусалдаг аж.
Температурыг зөв тохируулах
Мэргэжлийн үсний стилист Лора Анжелика үсний хайч, индүүний температурыг 185 хэмээс дээш халаахгүй байхыг зөвлөжээ. Хэрэв та шингэн үстэй бол температурыг хамгийн бага дээр нь, дундаж өтгөн үстэй бол 160-170 хэмд, хэт өтгөн үстэй бол 180-185 хэмд ашиглах хэрэгтэй гэнэ. Учир нь хэт халуун хэм нь үсийг хэлбэрт оруулахаасаа илүү гэмтээн түлж хуурай, хугарамтгай болгодог гэдгийг анхааруулсан байна.
Заавал индүү, хайч ашиглах шаардлагагүй
Үсний индүү, хайч ашиглан үсээ хэлбэрт оруулах нь цаг хугацаа хэмнэх хэдий ч үсийг маш их гэмтээдэг гэдгийг бид сайн мэднэ. Харин үүний оронд үсээ сонирхолтой, эрүүл аргаар ороож дүр төрхөө бүрдүүлж болно. Жишээлбэл оймс, цаас, цамц зэрэг гар доорх материалыг ашиглан яг л хайчаар ороосон мэт хөвсгөр ороолт үүсгэж буй арга сошиал орчинд тренд болоод өнгөрсөн. Харин та үсээ шулуун байдлаар загварчлахыг хүсвэл бүлээн сэнс болон зориулалтын самыг ашиглан хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.
Үснийхээ онцлогт таарсан бүтээгдэхүүн хэрэглэх
Алдарт хөтлөгч, продюсер Опра Уинфригийн үсний стилистээр ажиллаж байсан Андре Уокер 1990 онд үсний төрлийг дотор нь 12 хуваасан үелэх системийг танилцуулсан байдаг. Үүнд үсийг шулуун, буржгар, долгионтой, хэт буржгар хэмээн дөрвөн дэд төрөлд хуваасан байдаг ба аль ангилалд үсний бүтэц тань багтаж буйг хараарай. Цаашлаад өөрийнхөө үсний онцлогийг тодорхойлж тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрүүл үсний гол түлхүүр юм.