Үс засалтын тренд: “curtain bangs” тайралтын давуу талууд
1960-аад оны секс бэлгэ тэмдэг, жүжигчин, модель Брижит Бардогийн хайртай “curtain bangs” буюу хөшгөн чёлка сүүлийн үеийн хамгийн эрэлттэй үс засалтаар тодроод байна. Билли Айлиш, Женнифер Лопес зэрэг алдартнуудаас эхлэн Instagram, TikTok тавцангууд “curtain bangs”-аар дүүрчээ. Тэгвэл бид хүн бүрийн анхаарлыг татаад буй энэхүү тайралтын давуу талуудыг судалж үзлээ.
Сэтгэл санааг дээшлүүлдэг
Сонирхолтой нь, хүмүүс сэтгэл санаа нь тогтворгүй, гунигласан байх тусмаа урт чёлка тайруулах хандлагатай байдаг хэмээн мэргэжлийн үсчид онцолжээ. Тиймдээ ч бид цар тахал, эдийн засгийн хямрал зэрэг асуудлуудаас шалтгаалан өөрийн мэдэлгүй үсний засалтаа өөрчилдөг байх боломжтой юм.
Бүх төрлийн үсэнд тохиромжтой
Төрөлхийн буржгар болон долгионтой үстэй хүмүүсийн 99% нь үс нь хэвэнд ороход хүндрэлтэй байдаг тул чёлка тайрахаас зайлсхийдэг. Харин “curtain bangs” чёлкаг тайрахын тулд үсийг шингэлж, богиноос урт руу уусгадаг тул бүх хүмүүсд тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
Бүх төрлийн үс засалттай тохирно
“Curtain bangs” нь мөрнөөс дээшээ богино каре, шаталж зассан дал хүртэл урттай засалт гээд бүх төрлийн урт, богино, өтгөн болон шингэн үсэнд тохиромжтой билээ.
Үсний индүү шаардлагагүй
Хөшгөн чёлкатай хүмүүс ямар ч үсний индүү, сэнс болон бусад хэрэгсэл ашиглахгүй байсан ч хэлбэрээ алдах нь бага гэжээ. Үүнийг батлах жүжигчин Энн Хэтэуэй-ийн хайхрамжгүй атлаа загварлаг харагдах үсний засалтыг анхааралдаа аваарай.
Хацрын ясыг тодотгодог
Нүүрний хоёр талаас орж ирсэн, хацрын яснаас ялимгүй доогуур хөшгөн чёлка нь нүүрийг илүү дээш өргөгдсөн мэт харагдуулдаг. Тиймээс зөвхөн будгаар гэлтгүй үсний тайралтаар ч нүүрнийхээ хэлбэрийг анзаарагдахуйц өөрчилж болох нь ээ.