Хайх

Playtime-д бэлэн үү? Энэ жил дэлхийн хөгжмийн фестивалиуд дээр ноёрхсон арван гол тренд

Playtime-д бэлэн үү? Энэ жил дэлхийн хөгжмийн фестивалиуд дээр ноёрхсон арван гол тренд

Загварын бэлтгэл ажил

Text: Ө.Тодгэрэл


Зуны зугаатай өдрүүд улам бүр сонирхолтой өрнөж, бидний удаан хүлээсэн хөгжмийн наадмууд ар, араасаа болно! Тэр дундаа Playtime амьд хөгжмийн наадам болоход долоохон хоног үлдсэн тул тэнд хэрхэн хувцаслаж очих вэ гэх сэдэв олон хүний анхаарлыг татаад байна

Америкийн Coachella, Английн Glastonbury, Монголын Playtime зэрэг фестивалиуд мэдээж хэрэг юуны түрүүнд хөгжмийн гайхамшгийг олонд мэдрүүлэх зорилготой гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдгээр нь загварын салбартай салшгүй холбогдож, нэг төрлийн загварын долоо хоног болон хувираад байна. Зоригтой, этгээд, өвөрмөц төрхүүдээр дүүрэн байдаг хөгжмийн фестивалиуд жил ирэх тусам улам өргөжиж, өөрийн гэсэн жижиг загварын ертөнц үүсгэж, өөрийн гэсэн чиг хандлагатай болсон. Тэгэхээр энэ жилийн гол трендүүдийг сонирхож, Playtime-д оролцохдоо ямар төрх бүрдүүлж болохыг доороос харцгаая.

Бандана

Сүүлийн гурваас дөрвөн жилийн турш хөгжмийн фестивалиуд дээр ноёрхсон "цэцгэн титэм" толгойн аксесуарыг энэ жил бандана орлолоо. Эмэгтэй ба эрэгтэй алдартнууд болон загварын блогерууд энэхүү 1990-ээд оны хит аксесуарыг олон төрлөөр загварчилсан харагдлаа. Тэд банданаг толгойн чимэглэл ба үсний боолт болгож, чокер маягаар хүзүүгээрээ ороож, эсвэл нүүрний маск мэт амаа хаан зүүсэн байв. Хамгийн гол нь энэ нь зөвхөн загварлаг биш, мөн практикт маш хэрэгтэй тренд юм. Монголын салхитай цаг агаарт мөн олон хүн цугларсан газарт таны нүүр ам руу шороо орох өндөр магадлалтай тул банданагаар нүүрээ хааж, хайртай хамтлагуудынхаа дууг тайван сонсож зогсоорой.

Чокер

Бас нэгэн хөгжмийн фестивалиуд дээр хаа сайгүй үзэгдсэн гол трендүүдийн нэг бол яах аргагүй чокерууд юм. Өмнөх жилүүдэд бүсгүйчүүд том хэмжээтэй, хүнд төмөрлөг хүзүүний зүүлтээр ихэвчлэн гоёдог байсан бол энэ жил тэд илүү хөнгөн, биед амар, цэмцгэр чокер зүүх болсон. Гэхдээ мэдээж хэрэг энэ нь том зүүлтүүд трендээс гарсан гэсэн үг биш юм. Та хүсвэл хоёуланг нь нэг дор зүүж болно шүү.

Унтлагын сарафан загварын "slip" даашинз

Загварын ертөнцөд хүчээ авж байгаа унтлагын хувцасны тренд хөгжмийн фестивалиудад ч бас хамааралтай. Нимгэн бас торгомсог нарийн мөртэй "slip" даашинзыг та бүхэн өсгийтэй биш харин намхан ултай кет, сандаал эсвэл хагас түрийтэй гуталтай хослуулаарай. Түүнчлэн бид бүгдийн өмнө нийтлэж байсан унтлагын даашинз + цагаан пудволка гэх хослолыг мартаж болохгүй шүү.

Кимоно загварын урт халаат

Хавар-зуны улиралд Gucci ба Dries van Noten гэх томоохон брэндүүд Японы уламжлалт хувцсыг илүү орчин үеийн, богем хэв маягт оруулж, гудамжинд өмсөж болох тренд болголоо. Playtime-ын үеэр бүсгүйчүүд та бүхэн нимгэн материалтай, баялаг хээтэй кимоно маягийн халаат сонгож, богино жийнсэн шоорт ба богино топтой хослуулж өмсөөрэй. Салхинд намирах таны халаат зурган дээр дахин давтагдашгүй гарна гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Торон цээживч

Кендалл Женнерийн энэ жилийн Coachella фестиваль дээр өмссөн торон цээживчийг хүн бүр анзаарсан байх. Модель бүсгүй шиг дангаар нь өмсөхөд их зориг шаардагдах тул цээживчийг цагаан футболк эсвэл урт ханцуйтай нимгэн цамцан дээр давхарлаж өмсөхийг санал болгож байна.

Жийнсэн хувцас

Жийнсэн материалтай хувцаснууд аливаа хөгжмийн фестиваль дээр зайлшгүй байх ёстой загвар юм. Өндөр суудалтай жийнсэн шоорт, богино тайралттай трапеци хэлбэрийн жийнсэн өмд, эсвэл томдсон мэт харагдах жийнсэн хүрмийн аль нь ч Playtime-ын уур амьсгалтай төгс нийцэж, тун загварлаг харагдуулна.

Цацагтай деталь

1970-аад оныг санагдуулам цацагтай деталь түрүү жил илүү хүчтэй ноёрхож байсан ч, энэ жилийн хөгжмийн фестивалиуд дээр алдартнууд энэ трендийг үргэлжлүүлсээр байна. Бор, цайвар бор, эсвэл хар өнгөтэй цацагтай цүнх, ковбой маягийн цацагтай хүрэм, цацагтай гутал, цацагтай даашинз зэрэг хувцаснууд шилдэг сонголт болно.

Дэгээ зүүгээр нэхсэн нэвт гэрэлтэх хувцас

Дэгээ зүүгээр нэхсэн аливаа эд зүйл бүрт богем ба хиппи өнгө аяс шингэсэн байдаг. Энэ жил загварлаг бүсгүйчүүд аль болох нэвт гэрэлтсэн хэрнээ, хэрэгтэй газруудыг нуун далдалсан даашинз ба богино топ сонгож байна.

Tie-dye эффекттэй хувцас

Богем гэхээсээ илүү техно хэв маягаар хувцаслахыг хүсч буй бүсгүй ба залуучууд олон өнгийн толбоноос бүрдсэн толгой эргэм хээтэй загваруудыг анхааралдаа аваарай. Панама малгайтай хослуулж өмсвөл бүүр ч cool харагдана шүү.

Нүүрний чимэглэл ба наалт

Хөгжмийн фестиваль гэдэг нь таны хүссэнээрээ хувцаслаж болох, эрх чөлөөтэй, зугаатай, хамгийн гол нь цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зорилготой арга хэмжээ юм. Тэгэхээр та Playtime-д оролцохдоо заавал хувцсаараа гоёх биш, мөн нүүрээ хүссэнээрээ будаж бас чимэглэж болно шүү дээ. Энэ жилийн фестивалиуд дээр алдартнууд мөнгөлөг гялбаатай эсвэл талст шигтгээнүүдтэй олон төрлийн наалтыг дух, нүдний орчин тойронд наасан харагдлаа.

цааш үзэх