Яг одоо алдартнуудын дурлаж буй энэ намрын гол тренд гутал
Анхааралдаа аваарай
Өнгөрсөн намар ноёрхож байсан хагас түрийтэй болхи хийцтэй уулын гуталнуудыг түр хугацаанд далд хийж болно. Одоо шилбэ барьсан нарийхан урт түрийтэй, өндөр өсгийтэй дэгжин загварууд моданд орсон бөгөөд алдартнууд уг трендийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлжээ. Жишээ нь есдүгээр сарын дунд үед Кендалл Женнер хар бариу даашинзыг хар түрийтэй гуталтай хослуулан Нью-Йоркийн гудамжаар алхаж яваа харагдсан бол, Эмили Ратаковски нохойгоо салхилуулахдаа шар өнгийн загварыг скинни жийнсэн өмдтэй хослуулан өмссөн байлаа. Мөн үүгээр ч зогсохгүй Хейли Бибер, Жижи Хадид, Кайя Гербер зэрэг шинэ эриний супермоделиуд бүгд энэхүү гол тренд загварыг өмсөж байгаа харагдана.
Дизайнерууд нарийхан урт түрийтэй гутлыг зөвхөн энэ улиралд гэлтгүй ирэх хавар-зун 2020 улиралд ч мөн тренд хэвээр байхыг онцолж саяхан болж өнгөрсөн загварын долоо хоногуудын үеэр төрөл бүрийн шинэ хувилбаруудыг танилцуулсан байгаа. Тиймээс сайн чанарын загвар олж чадваас энэ нь олон улирлын турш загварлаг байх ухаалаг хөрөнгө оруулалт мөн юм. Яг одоогийн байдлаар 70-аад оны ретро хувилбарыг Mango-гоос, сонгодог загварыг Nine West-ээс, мөн илүү панк дизайнтайг Jacquemus брэндээс олох боломжтой байна.