Хайх

Шинэ он, шинэ зуршил: Зөв хооллолтын 5 чухал дүрэм

Шинэ он, шинэ зуршил: Зөв хооллолтын 5 чухал дүрэм

2020 онд хэрэгжүүлэх эрүүл амьдралын зуршлууд

Text: Buro.Mongolia


Шинэ он гарахад хүн бүр өөртөө ямар нэгэн тодорхой зорилгуудыг тавьж, үүндээ хүрэхийн төлөө хичээл зүтгэл гаргадаг гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ харамсалтай нь хүн бүхэн өмнөө тавьсан зорилгодоо хүрч чаддаггүй. Судалгаанаас харахад хоёрдугаар сарын дундуур гэхэд хүмүүсийн 80% нь оны эхэнд өөрт өгсөн амлалтаа мартаж, ердөө 8% нь тууштай байснаар санасандаа хүрч чаддаг байна. Зорилгодоо хүрэхийн тулд өөртөө хэт өндөр хүлээлт үүсгэж, хатуу хандалгүй эхлээд жижиг алхмуудыг хийж, дараа нь үүнийгээ зуршил болгох хэрэгтэй. Цаашлаад эдгээр жижиг дадал зуршлууд нь танд ирээдүйд том зорилгодоо хүрэхэд туслах болно.

Бид энэ удаад эрүүл хоол (хоолны дэглэмтэй андуурч болохгүй), ухамсартай хооллолтыг бий болгох хэд, хэдэн дадал зуршлуудыг танилцуулахаар шийдлээ. Эдгээр дадал зуршлууд нь таны өөрийн бие махбод болон хоолонд хандах хандлагыг өөрчилж, сэтгэл ханамжтай, ухамсартай амьдрахад туслах болно.

Хамтдаа хооллох

Шинэ он, шинэ зуршил: Зөв хооллолтын 5 чухал дүрэм (фото 1)

Бид сүүлийн үед "Юу" (Кето, палео гэх мэт хоолнууд) идэх талаар дэндүү их эргэцүүлж, "Хэрхэн" идэхээ умартаж байна. Хааяа ч болов ойр дотны хүмүүстэйгээ ширээгээ тойрон суугаад халуун дотно яриа өрнүүлэн хамтдаа хооллох нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталсан байдаг. Мөн хатуу чанга дэглэм барих нь бусдаас тусгаарлагдсан мэдрэмж төрүүлж, ганцаардмал болгодог гэдгийг Корнеллын их сургуулийн судлаачид саяхан тогтоосон юм. Тэгэхээр хааяа ч болов дэглэмээ мартан эсвэл аягатай хоолоо тэврэн өрөөндөө орохын оронд гэр бүл, дотны хүмүүстэйгээ зоогийн ширээндээ суун хамтдаа хооллохыг хичээгээрэй.

Өглөөний цай ууж сурах

Шинэ он, шинэ зуршил: Зөв хооллолтын 5 чухал дүрэм (фото 2)

Орчин үеийн галзуу амьдралын хэмнэл биднийг хаашаа ч юм үргэлж яарч сандран, бүх зүйлийг цаг нартай уралдан хийхэд хүргэж байна. Тайван сууж хооллохын оронд автомашиндаа, замдаа тааралдсан зүйлээ идэх хандлага ажиглагдах болсон. Харин шинэ ондоо эртлэн босож, өглөөний цайгаа ууж хэвшээрэй. Өглөөний цай нь бодисын солилцоог идэвхжүүлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, бүхэл өдрийн турш таныг эрч хүчээр тэтгэн, үр бүтээлтэй байхад тусалдаг тул өдрийн хамгийн чухал хоолонд тооцогддог байгаа. Мөн өглөөний цай ууснаар та цаашид хэтрүүлэн идэж, илүүдэл жинтэй болохоос сэргийлж чадна.

Хоолоо өөрөө бэлтгэх

Шинэ он, шинэ зуршил: Зөв хооллолтын 5 чухал дүрэм (фото 3)

Өдөр бүр ресторан, хоолны газруудад хооллох нь ходоодонд тийм ч тустай биш. Амтлагч, өөх тос ихтэй хоол идсэнээр таны хоол боловсруулах систем маш их ачааллыг үүрдэг. Үүнээс гадна үргэлж гадуур хооллох нь маш их зардалтай. Тэгвэл өөрийн гараар шим тэжээлтэй, чанартай хүнсээр гэртээ хоолоо бэлтгэх нь таны цаг зав, мөнгийг хэмнэж, "Өнөөдөр юу идэх вэ?" гэсэн мөнхийн асуултаас ангижруулахын зэрэгцээ эрүүл мэндэд ч тустай байх болно.

Махаа багасгаж, ногоогоо ихэсгэх

Шинэ он, шинэ зуршил: Зөв хооллолтын 5 чухал дүрэм (фото 4)

Энэ дүрмийг хэрэгжүүлэхийн тулд та бүр мөсөн махнаас татгалзаж заавал цагаан хоолтон болох шаардлагагүй. Та улаан махыг долоо хоногт 1-2 удаа, амьтны гаралтай уургийг өдөрт 1-2 удаа идэхэд болно. Махан бүтээгдэхүүнийг боловсруулахад бие организм хамаг хүчээрээ ажиллах хэрэг гардаг бөгөөд энэ үеэр элэг, бөөр, цөсний хүүдий хамгийн ихээр ачаалал авдаг. Махыг боловсруулахын тулд бие организм тасралтгүй 24 цаг ажиллаж, фермент ялгаруулах шаардлагатай болдог. Улмаар хүчил ялгарч, хүчилжил явагддаг. Энэ үйл явцыг хөнгөвчлөхийн тулд махыг зөвхөн ногоотой (төмс, эрдэнэ шиш, вандуй, чанасан улаан манжин ба луувангаас бусад) идэх хэрэгтэй.

Ухамсартай хооллох

Шинэ он, шинэ зуршил: Зөв хооллолтын 5 чухал дүрэм (фото 5)

Үүний тулд та идэж буй хоолондоо хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зурагтаа унтрааж, ухаалаг утсаа холдуулан, үнэрлэх мэдрэмжээ дээд цэгээр ажиллуулж, зөвхөн хооллох үйл явцдаа л бүх мэдрэхүйгээ төвлөрүүлэн бага, багаар сайтар зажилж, юунд ч яаралгүй амт, хором мөч бүрийг мэдэрч хооллоорой. Ингэснээр та бие организмоо сонсож, хэтрүүлэн идэхээс сэргийлэхээс гадна хамгийн чухал нь маш их таашаалыг мэдрэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх