Хайх

Эх үрийн хортой харилцаа: Хэрхэн илрүүлж, ямар алхам хийх вэ?

Эх үрийн хортой харилцаа: Хэрхэн илрүүлж, ямар алхам хийх вэ?

Оросын сэтгэлзүйч Тата Феодориди зөвлөж байна

Text: Buro.Mongolia


“Чи олигтой хийж чадах биш дээ”, “Тээр яг би чамайг алдана гэж мэдээд байсан юм”, “Би чиний л төлөө энэ бүхнийг тэвчиж байна...”

ЭХИЙН ХАЙР ХАЛАМЖ МЭДРЭХГҮЙ БАЙХ НЬ


Эх үрийн хортой харилцаа: Хэрхэн илрүүлж, ямар алхам хийх вэ? (фото 1)

Эхийн хайр яг л дүүрэн цэнэгтэй батарей шиг. Таныг эрч хүч, энергиэр хангана, харин зарцуулсан цэнэгээ эргээд танаас нэхэхгүй. Хэрэв таны ээж “Чи ямар ч байсан би чамд хайртай”, “Юу ч тохиолдсон чамайг би хайрласаар л байх болно”, “Хожигдсон ч, бүтээгүй ч, унаж бүдэрсэн ч би чамд хайртай” гэх үгсийг хэлдэг, эсвэл халамж энэрлээ үйлдлээрээ харуулдаг бол хариу нэхээгүй хайраар таныг тэтгэдэг гэдэгт итгэж болно. Харин тэрхүү цэнэг нь дуусаж хүүхдээ хайранд биш, хортой харилцаанд өсгөх тохиолдол гардаг нь харамсалтай. Тийм орчинд өсөж торнисон хүүхэд сэтгэл гутрал туулах, хайрлуулж болох эсэхдээ эргэлзэх, өөрийг нь байгаагаар нь хүлээж авах хүн байхгүй гэдэгт итгэх өндөр боломжтой юм.


ЭЭЖҮҮДИЙН ГАРГАДАГ ХОРТОЙ ХАРИЛЦААНЫ ХЭЛБЭРҮҮД


Эх үрийн хортой харилцаа: Хэрхэн илрүүлж, ямар алхам хийх вэ? (фото 2)

Гоочилдог ээж

“Чи намхан”, “Чи том хамартай”, “Арьс чинь муухай” зэрэг үгсийг хүүхдэдээ тогтмол хэлдэг бол эх үрийн харилцаа хортой байгаагийн илрэл мөн. Гоочилсон утгатай үгс сонсож өссөн хүүхэд эргээд өөрийнхөө хамгийн том гоочлогч нь болдог. Үргэлж өөртөө эргэлзэнэ, өөрийгөө дутуу үнэлнэ, шүүмжилнэ, дорд үзнэ, зарим үед өөрийгөө үзэн ядахад хүртэл хүрнэ. Үүнээс шалтгаалан тэд хосын харилцаа, ажил мэргэжил болон амьдралын бусад талбарт маш том асуудлуудыг өмнөө бий болгож байдаг. Хөндлөнгийн ямар ч хүн харсан үзэсгэлэн төгөлдөр, ухаалаг, авьяас чадвартай байсан ч тухайн хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй, мөн энэ амьдралд сайн зүйл хүртэх эрхгүй хэмээн дутуу үнэлдэг байна.


Хүүхдээсээ ичдэг ээж

Ээж нь хүүхдээсээ ичдэг харилцаа ямар ч хэлбэрээр илрэх боломжтой. Доромжилсон утгаар шоолох, тохуурхах, дооглох, эсвэл ичгэвтэр үйлдэл албадаж хийлгүүлэх, олон нийтийн газар эвгүй байдалд оруулах гэхчлэн үг болон үйлдлээс ийм төрлийн хортой харилцааны шинжүүд харагддаг. Түүнчлэн ээж нар “Чиний хүсэж байгаа зүйл үнэхээр жигшмээр юм” зэргээр хүүхдийнхээ хүсэл сонирхлыг гутаан доромжлон шууд бусаар нөлөөлөх боломжтой.

Тус харилцааны үр дүнд мазохист зан чанар бүрэлдэн бий болдог сөрөг талтай. Өөрөөр хэлбэл хүүхэд бүхэл амьдралынхаа туршид сэтгэл санаа, бие махбодын дарамт, хүчирхийлэлд байх замыг өөрөө ч мэдэхгүй сонгодог. Тэр дундаа хосын харилцаанд хамтрагчийн зүгээс доромжлол, үл хүндэтгэл, цаашлаад бие махбодод халдах тохиолдол гарахад ийм төрлийн эх үрийн харилцаанд байсан хүмүүс эсэргүүцэхийн оронд тэсэж өнгөрүүлэх хандлагатай болдог билээ.


Хохирогч ээж

“Чиний л төлөө энэ олон зүйлсээс татгалзлаа”, “ Чамайг л бодож эцэгтэй чинь амьдарсан” гэх үгсийг хэлэх нь хохирогч ээжийн шинж чанар юм. Аль эсвэл үгээр дайрахгүй ч амьдралаа зэрэмдэглэж буй үйлдлүүд (жишээ нь, архинд донтогч нөхрийнхөө бие махбодын хүчирхийллийг тэвчих) үр хүүхдэдээ харуулах нь харилцааг хортой болгодог.  

Ийм ээжийн хүүхдүүд дийлэнхдээ хэн нэгний өмнө гэмтэй юм шиг мэдэрч, аз жаргалтай байхаас үргэлж санаа нь зовдог байна. Тэд ихэнхдээ “Би гэр бүлтэйгээ аялалд явмаар байна л даа. Гэхдээ ээжид маань их хэцүү байгаа. Миний бүх зүйл сайхан, харин ээжийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Би өөрөөсөө ичиж байна” гэх утгатай үгс хэлдэг, эсвэл ийм бодолтой явдаг билээ. Нөгөөтээгүүр хүүхэд тус харилцаанаас ээжийнхээ хохирогчийн сэтгэлгээг даган дуурайж хүмүүждэг.


ХЭН БУРУУТАЙ ВЭ?


Энэ тохиолдолд буруутай болон буруугүй этгээд гэж байхгүй. Гагцхүү тэд  харилцан яриагаар дамжуулан биесээ ойлгодоггүйгээс шалтгаалан хүүхдээ хүчилдэг ээж болон ээжийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрдөггүй хүүхдийг бий болгодог. Иймд эх үрийн эрүүл харилцааг үүсгэхэд тэнцвэр маш чухал. Тэрнээс биш балчир нь ахмадаа хүмүүжүүлж, харин ахмад нь хүүхдийг дорд үзэж, хүчилж болохгүй юм.


ЭРҮҮЛ ХАРИЛЦААТАЙ БОЛОХОД ТУСЛАХ АЛХМУУД


Эх үрийн хортой харилцаа: Хэрхэн илрүүлж, ямар алхам хийх вэ? (фото 3)

Хоорондоо харилцаж чаддаггүй, хэл амаа ойлголцдоггүй байх нь асуудал дагуулах хамгийн гол шалтгаан болдог. Тиймээс хийх ёстой хамгийн эхний алхам бол харилцан яриа үүсгэх юм. Гол нь аль аль талаас өөрсдийн санаагаа хүргэхдээ бодлоготой хандаж “Та надад хайргүй биз дээ”, “Та надтай цагаа өнгөрөөхийг огтхон ч хүсдэггүй”, “Танд эх үрийн харилцаа өчүүхэн ч хамаагүй” гэхчлэн эрс хатуу үгсийг яриандаа оруулахгүй байх хэрэгтэй.

Сэтгэлзүйч Тата Феодориди хүүхдүүд ээжтэйгээ дараах байдлаар харилцан яриагаа өрнүүлэхийг зөвлөж байна: 

  • Баримтад суурилах: “Та надад өчигдөр хэлэхдээ…”, “Өчигдөр гэр бүлээрээ хооллож байх үед та надад үүнийг зөвшөөрсөн шүү дээ”.
  • Сэтгэл хөдлөл, уур хилэнг ялгах: “Надад маш гунигтай байсан учраас бүх л өдөржин тэр талаар бодлоо”, “Дараа нь сэргэг ухаанаар бодоход тийм шалтгаанаар би их уурласан юм билээ”.
  • Хэрэгцээгээ зөв ойлгуулах: “Тантай хамт байх цаг хугацаа надад хангалтгүй санагддаг. Би маш их ганцаардаж байна”, “Эцэстээ нэг юм миний амьдрал аз жаргалтай болж байгаа ч гэнэт бүх зүйл алга болчих шиг санагдах юм. Тиймээс та үргэлж миний талд зогсож, би өөрийгөө аюулгүйгээр мэдрэхийг хүсэж байна”.
  • Санаа тавих: “Танд миний анхаарал халамж их дутаж байгаа харагдлаа”, “Та надад карьераа бие даан авч явах боломж өгөөрэй. Тэгвэл би тантай тогтмол уулзаж байхын тулд цаг заваа зөв зохицуулж чадна”.

Цаашлаад хэрэв та насанд хүрсэн ч хортой харилцаа үргэлжилсээр байгаа бол сэтгэлзүй тань бие даасан биш хараат байна гэсэн үг. Тиймээс асуудал гарсан бол дээр дурдсан зарчимд тулгуурлан харилцан яриа үүсгэж, улмаар бага насандаа авч байсан гомдлоо тайлахыг хичээж, эх үрийн харилцаагаа насанд хүрсэн хүн хоорондын хэлбэрт шилжүүлэх тал дээр ажиллаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх