Хайх

Загасны ордны интровертуудын төгс ертөнц

Загасны ордны интровертуудын төгс ертөнц

Бүтээлч, мэдрэмжтэй бас эмзэг

Text: Buro.Mongolia


Рианна, Синди Кроуфорд, Жастин Бибер, Альберт Эйнштейн, Стив Жобс, Адам Левин, Люк Бессон. Загасны ордонд төрөгсөд яагаад хамгийн сайн найзууд байдаг, юуны учир ертөнцийг "ягаан нүдний шилээр" харахыг эрмэлздэг мөн ямар салбарт хамгийн их амжилт гаргадаг тухай бид дэлгэж байна

Эелдэг зөөлөн, найрсаг хүмүүс

Эелдэг, уян зөөлөн гэх үгс загасны ордонд төрсөн хүмүүсийг хамгийн оновчтой тодорхойлох болно. Тэд төрөлхийн бусдыг ойлгох чадвартай бөгөөд маш өндөр мэдрэмжтэй тул эргэн тойрны хүмүүстээ маш анхааралтай хандана. Загасны ордны хүмүүстэй хамт байхад үргэлж тухтай, тааламжтай мэдрэмж төрнө. Мөн тэд өөрийгөө үл харгалзан бусдад чин сэтгэлээсээ тусалж чаддаг сайхан сэтгэлтэй. Бүр өөрийгөө золиослоход ч бэлэн. Тиймээс ихэвчлэн хамгийн сайн найзууд загасны ордныхон байдаг.

Уран бүтээлч интровертууд

Тэд маш өндөр мэдрэмжтэй бөгөөд бүх зүйлийг зөн совингоороо хийдэг. Мөрөөдөмтгий загасны ордныхон өөрсдийн гэсэн дотоод ертөнцдөө амьдардаг бөгөөд үүссэн нөхцөл байдлыг өөрчлөлгүй, урсгалаараа "сэлэхийг" илүүд үзнэ. Хэдийгээр эдгээр хүмүүс нөхөрсөг зан араншинтай хэдий ч ганцаараа байж, ертөнцөөс тасрахыг хүсдэг тул тэдэнд өөрсдийн гэсэн орон зай заавал шаардлагатай болдог. Хөгжмийг маш нарийн мэдэрч чаддаг бөгөөд ер нь л урлагийн өндөр мэдрэмжтэй. Тиймээс ганцаараа байгалийн сайханд хөгжим сонсох зуураа өөрийн бодолдоо автах нь тэдний хувьд хамгийн дуртай хийх зүйлсийнх нь нэг болдог. Удирдах албан тушаал тэдний хувьд хүнд ачаа болдог ба мөн чанартай нь огт нийцэхгүй. Тиймээс загасны ордонд төрөгсөд өөрсдийн авьяас чадвар, бүтээлч чанараа бүрэн харуулж чадах урлагийн салбарт ажилласан тохиолдолд аз жаргалтай байна.

Гоо зүйн өндөр мэдрэмжтэй

Дээр дурдсанчлан загасны ордныхон бүх зүйлд мэдрэмжтэй ханддаг. Тэр тусмаа загасны ордонд төрсөн эмэгтэй загварын өндөр мэдрэмж, урлагийг ойлгох чадвараараа гайхагдана. Ер нь тэд гоё, сайхан гэсэн бүхий л зүйлд татагдана. Эмэгтэй загасны ордныхныг утга зохиолын баатартай зүйрлэвэл эмзэг, зөөлөн зан араншинтай "Тургеневийн бүсгүй" гэж хэлж болох юм. Харин энэ ордны эрэгтэй төлөөлөгчид даруухан бүр бага зэрэг ноомой гэж хэлж болохоор зан төрхтэй бөгөөд тэднийг "Peanuts" комик зохиолын Чарли Браунаар төсөөлж болно. 

Ертөнцийг "ягаан нүдний шилээр" хардаг

Өөрсдийн бүтээсэн ертөнцөө төгс төгөлдөр байлгахыг эрмэлздэг учраас тэд бодит ертөнцийг "ягаан нүдний шилээр" харахыг хүсдэг. Мөн загасны ордныхон шүүмжлэлийг маш хүнд хүлээж авдаг сул талтай. Хамгийн гайхалтай нь тэд мөрөөдөмтгий, зөөлөн зан араншинтай боловч загасны ордны төлөөлөгчдөөс заримдаа маш прагматик, эрүүл саруул сэтгэлгээ гарах нь бий.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх