Карл Лагерфельдын дурсгалд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний эргэн тойронд
Жижи Хадид, Клаудия Шиффер болон бусад алдартнууд домогт дизайнерын дурсгалд хүндэтгэл үзүүллээ
Өчигдөр Парис хотын Гран-Пале ордонд домогт дизайнер Карл Лагерфельдын гэгээн дурсгалд зориулсан "Karl For Ever" нэртэй хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдаж өнгөрсөн байна. Энэ үдэш Chanel, Fendi, Karl Lagerfeld загварын орднуудын бүтээлч захирлаар ажиллаж байсан алдарт дизайнерт хүндэтгэл үзүүлэхээр хааны гэр бүлийн гишүүд, дизайнерууд, бизнесменүүд, загвар өмсөгчид, жүжигчид, дуучид хуран цугларчээ.
Францын Гран-Пале ордонд уг арга хэмжээнд зориулан Карл Лагерфельдын 56 аварга том хөрөг зургийг өлгөсөн байснаас гадна найруулагч Роберт Карсен дизайнерын ярилцлагуудыг эвлүүлэн видео перформанс бүтээн дэлгэцээр цацсан байна. Уг перформанст LVMH группийн тэргүүн Бернар Арно, Николя Гескьер, Мария Грация Кьюри, Хайдер Акерманн, Жонатан Андерсон, Симон Порт Жакмюс зэрэг алдарт дизайнерууд, Жижи Хадид, Клаудия Шиффер, Карла Бруни, Наталья Водянова зэрэг супер моделиуд, тэр ч бүү хэл Лагерфельдын хайртай муур Шупетт хүртэл оролцжээ.
Мөн арга хэмжээний зочид Карл Лагерфельдын хөрөг зургууд болон видео үзүүлбэрээс гадна жүжигчин Тильда Суинтон, Хелен Миррен, Фанни Ардан, загвар өмсөгч Кара Делевинь, рэппер Фаррелл Уильямс, төгөлдөр хуурч Лан Лан, хийлч Чарли Сием болон бусад уран бүтээлчдийн дизайнерт зориулан бэлтгэсэн тоглолтуудыг үзэх боломжтой байсан юм.
Энэ үдэш Карл Лагерфельдын загварын салбарт оруулсан хувь нэмрийг хүндэтгэхээр Брижит Макрон, Шарлотта Казираги, Монакогийн гүнж Каролина, Антуан Арно, Франсуа Анри-Пино, Валентино Гаравани, Стелла Маккартни, Крис Ван Аш, Клаудиа Шиффер, Марина Вакт, Аризона Мьюз болон бусад хүндэт зочид хүрэлцэн иржээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт