Хатан хаан таалал төгссөнөөр юу болох вэ?
London Bridge ажиллагаатай танилцаарай
Өнгөрсөн шөнө Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсыг 70 жилийн турш удирдсан хатан хаан II Элизабет таалал төгссөн талаар Букингэмийн ордноос мэдээлсэн билээ. Британийн түүхэн дэх хамгийн удаан төр барьсан хатан хаан нас барсан мөчөөс эхлэн ямар үйл ажиллагаа өрнөх талаар хамгийн анх 1960-аад онд төлөвлөж байсан байна. Энэхүү төлөвлөгөөг “London Bridge ажиллагаа” гэж нэрлэдэг бөгөөд тус ажиллагаа эхэлснээр ямар үйл явдлууд өрнөх талаар мэдээлэл хүргэе.
Юун түрүүнд түүний хувийн нарийн бичгийн албан тушаалыг хашиж буй Эдуард Юнг ерөнхий сайд руу утасдан “London Bridge is down” гэсэн мэдээ дамжуулах бөгөөд энэ нь London Bridge ажиллагааг эхлүүлэх тушаал болдог. Дараагаар нь хатан хаан албан ёсны төрийн тэргүүн нь байдаг Канад, Австрали, Шинэ Зеланд гэхчлэн 14 улсын засгийн газартай Британийн ерөнхий сайд холбогдож хатан хаан таалал төгссөн тухай мэдээг дамжуулна. Цаашлаад хатан хааны тэргүүлдэг байсан Хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн улсуудад мэдэгдэх ба төрийн хэвлэлүүд болох BBC, PA Media сувгуудаар хамгийн түрүүнд уг мэдээлэл цацагдана.
Улс даяар бүх радио долгион хүндэтгэл үзүүлэх үүднээс “тайван хөгжим” эгшиглүүлж, BBC-ийн нэвтрүүлэгчид редакцын байранд байнгын бэлэн байх ёстой хар өнгийн хослолыг өмсөж, BBC-ийн брэндинг болсон улаан өнгө хар өнгөөр солигдож, бүхий л мэдээ урьдаас бэлдсэн хатан хааны дурсгалд зориулсан хөтөлбөрөөр үргэлжлэх ёстой аж. Сонирхолтой нь, Британийн өдөр тутмын The Times сонинд гэхэд уг ажиллагаанд зориулсан 11 өдрийн контент бэлэн байдаг бол хатан хааны амьдралын талаар өгүүлэх “The Crown” цувралын бүтээгч Netflix кино компани мөн ижил нэртэй ажиллагаа төлөвлөсөн байдаг гэнэ. Хөрөнгийн бирж, банкнууд мөн хүндэтгэл үзүүлэх үүднээс хааж улс даяар Британийн далбааг хагас хэмжээнд мандуулах юм.
Түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз хаан болж, анхны мэдэгдлээ хийгээд засгийн газар шинэ хаандаа үнэнч байхаа илэрхийлсэн хүндэтгэлийн 41 буудлага хийнэ. Дараагаар нь III Чарльз хаан Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн дэх орнууд болох Шотланд, Умард Ирланд, Уэльсийн засгийн газруудад биечлэн айлчлах юм. London Bridge ажиллагаа эхэлсний дөрөв дэх өдөр хатан хааны шарилыг Вестминстерийн ордонд байрлуулж, хамгийн түрүүнд хаан, түүний гэр бүл хүндэтгэл үзүүлээд дараагийн дөрвөн өдрийн турш ард түмэнд нээлттэй байлгах аж.
Оршуулгын ёслол хатан хааныг таалал төгссөнөөс 10-12 хоногийн дараа эхлэх ба түүний хуримаа хийсэн газар болох Вестминстерийн сүмд Кэнтербюрийн хамба лам удирдаж, дараагаар нь Гэгээн Жоржийн сүмд түүний эцэг зургаадугаар VI Жоржийн дэргэд оршуулах юм. Хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филипийн шарилыг мөн хажууд нь зөөвөрлөн авчрах ажээ.
Ямартай ч хатан хааны оршуулга, шинэ хааныг өргөмжлөх ёслол зэргээр Британийн засгийн газар маш олон тэрбум фунт зарцуулах нь ойлгомжтой. Шинэ хааны зурагтай мөнгөн дэвсгэртүүд хэвлэгдэж, марк, паспорт, хүчний байгууллагуудын дүрэмт хувцас, бүр төрийн дууллын нэр, үгэнд хүртэл өөрчлөлт орохоор байна. Мөн Хамтын нөхөрлөлийн орнууд шинэ хаанд хэрхэн хандах нь эргэлзээтэй бөгөөд тэдгээр улсуудад бүгд найрамдах засаглал бүхий улс болохыг уриалсан иргэдийн хөдөлгөөн улам л эрчимжих юм. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн Британид биш, дэлхий нийтэд томоохон өөрчлөлт дагуулж болохоор томоохон үйл явдал билээ.