MTV VMA 2022: Улаан хивсний ёслол
Алдартнуудын шилдэг төрхүүд
MTV хөгжмийн сувгаас эрхлэн явуулдаг Video Music Awards наадам ёслол төгөлдөр эхэлж дуу, хөгжим, энтертейнментийн салбарын шилдгүүд Нью-Жерси мужийн Prudential Center-т хуран цуглараад байна. Бусад арга хэмжээнүүдтэй харьцуулахад тус наадмын улаан хивсний ёслолд уригдсан алдартнууд илүү орчин үеийн, этгээд, шийдэмгий төрхийг харуулдаг билээ. 2010 онд л гэхэд Lady Gaga үзэгчдийг түүхий махаар хийсэн даашинзаараа гайхшируулж, харин Майли Сайрусын өмссөн алдарт баавгайн өмсгөл одоог хүртэл Хэллоуины баяраар өндөр эрэлттэй байдаг. Түүнчлэн Аврил Лавины камуфляж хээтэй карго өмд, Гвинет Пэлтроуын хүрэн хамбан хослол, Destiny’s Child хамтлагийн жигдэрсэн хувцаслалт гээд сэтгэлд хоногшсон төрхүүдийг дурдаж баршгүй.
Энэ жилийн хувьд дуучин Lizzo-гийн Jean Paul Gaultier брэндийн хар, хөвсгөр даашинз, Дав Кэмероны цэцгэн хээтэй Paco Rabanne ордны даашинз, мөн Конан Грейн өмссөн Harris Reed брэндийн торон хормойтой пиджак болон Marc Jacobs-ын платформон ултай гутал анхаарлын төвд байна. MTV VMA наадмын тайзан дээр анх удаагаа уран бүтээлээ толилуулсан BLACKPINK хамтлагийн хувьд гишүүн тус бүр өөрсдийн төлөөлдөг брэндийн хувцсыг өмсөж, Tiffany & Co. ордны үнэт эдлэлээр гоёжээ.