Барби Феррейра “Euphoria” цувралын шинэ улирлын зураг авалтад оролцохгүй
Олныг цочроосон мэдэгдэл
Орчин үеийн өсвөр үеийнхний амьдралын хэв маяг, хайр дурлал, нөхөрлөлийн тухай өгүүлэх “Euphoria” цувралын гуравдугаар улиралд нэгэн томоохон өөрчлөлт орохоор болжээ. Тодруулбал, цувралын гол дүрүүдийн нэг болох Кэт Эрнандесийн дүрийг бүтээсэн жүжигчин Барби Феррейра цувралд үргэлжлүүлэн тоглохгүй гэдгээ Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрээр “Дөрвөн жилийн турш маш өвөрмөц бөгөөд нууцлаг Кэт бүсгүйн дүрийг бүтээсний эцэст түүнд нүдэндээ нулимс дүүрэн баяртай гэж хэлэх цаг ирлээ. Та бүхэн миний л адил өөрийн дүр төрхийг түүнээс олж харсан байх. Түүнчлэн түүний яг одоогийн Кэт болох хүртлээ туулсан адал явдал үзэгчдэд маань баяр баясгалан авчирсан гэдэгт итгэж байна. Би түүнд өөрийн бүх хайр, халамжаа зориулсан, та бүхэн ч үүнийг мэдэрсэн гэж найдаж байгаа. Хайртай шүү Кэтрин Эрнандес" хэмээсэн юм. Барби яагаад энэхүү шийдвэрийг гаргаснаа тайлбарлаагүй байна.
Барбигийн бүтээсэн дүр нь Мэдди (Алекса Дэми) болон Кэсси (Сидней Суини) нарын сайн найз бөгөөд цувралын явцад тэрээр өөрийгөө хайрлаж сурах, ойр дотнын хүмүүсээ үнэлж сурах нь ямар чухал болохыг ухаарч, үүгээрээ үзэгчдэд ч мөн хүчтэй нөлөөлж чадсан гэдгийг хэвлэлүүд онцолдог билээ.
“Euphoria” цувралын хоёрдугаар улирал энэ оны нэгдүгээр сард цацагдсан ба тус улирлыг нийт 16.3 сая хүн үзсэнээр HBO сувгийн хамгийн их үзэлттэй бүтээлүүдийн нэгээр тодорсон юм. Харин цувралын гуравдугаар улирал 2023 оны эхээр нээлтээ хийх өндөр магадлалтай байна.