Мэргэжилтэн зөвлөж байна: Өнөөдрөөрөө аз жаргалтай амьдарч сурцгаая!
Гомдлоо ялан дийл
Орчин үеийн эдийн засгийн томоохон сэтгэгчдийн нэг Дов Сайдмандын бичсэн "How. Why How We Do Anything Means Everything" гэдэг ном бий. Тус номонд хүмүүс болон компаниуд юу хийж байгаадаа биш харин яаж хийж байна вэ гэдэгтээ төвлөрч чадвал зорилгодоо хүрдэг гэж бичсэн байдаг. Яагаад бидний хандлага бидний амьдралын үр дүнг тодорхойлдог вэ? Бусад хүмүүстэй харилцаж байхдаа юуг санаж байхад зүгээр вэ? Энэ талаар Оросын хамгийн их эрэлттэй ба үр дүнтэй бизнес зааварлагч, Business Relations багийн гишүүн Арсен Рябуха ярьж байна.
"Бид барууны орнуудын зарчмаар өссөн хүүхдүүд. Энэ нь "Амжилтанд хүрэх" ёстой гэсэн онол дээр суурилдаг бөгөөд бид машин, байр, гэр бүл, бизнес гээд амьдралаас заавал нэг зүйл авахыг чухалчилдаг. Бид зорилгодоо хүрэхээр яарч, үүнд хүрэх замаа хайхралгүй, амсхийх ч завгүй явснаар амьдралаас таашаал авч чаддаггүй. Амьдралд ямар нэг үр дүнд хүрэх нь баталгаагүй тул бид энэхүү замынхаа төгсгөлд "чихэр" авч чадах болов уу хэмээн өөрсдөөсөө асууцгаадаг. Хэрэв авч чадвал, би ялсан, мундаг байна гэдэг. Харин зорилгодоо хүрч чадалгүй ялагдвал, хэрэггүй л энэ тоглоомонд оролцлоо гэж бодно. Энэ мөчид бид үнэхээр аз жаргалгүй болдог. "Би дэмий л энэ олон жилийг зарцууллаа", "Энэ сарыг буруу зүйлд үрлээ", "Ингээд ямар ч нэмэргүй юм байна, би бууж өглөө" гэх мэт бодолд ээрэгдэнэ.
Миний бодлоор, бид өөрсдийн барууны үзэл бодлыг бидэнд аль хэдийнэ нээлттэй болсон дорнын зарчмаар өргөжүүлэх хэрэгтэй. Тэнд "дао" буюу даяан гэсэн үг бий. Зорилгодоо хүрэх үйл явцыг таашааж чаддаг хүн амьдралаас хамаагүй их зүйл авч чаддаг бөгөөд байнга өөрчлөгдөж, хяналтгүй байдаг гаднах ертөнцөөс хамааралгүй болдог.
Долоо хоногт 168 цаг байдаг ба энэ хугацаанд хүн бүрийн амьдралд маш олон үйл явдал тохиолдож, янз бүрийн үйлдэл, нөхцөл байдал, шийдвэр ба үгний гэрч болж ирдэг. Гэхдээ хэрэв энэ бүх зүйлээс өөрийгөө салан тусгаарлаж, гүн ухааны талаас нь авч үзвэл энэ бүгд завсрын ба ямар ч ач холбогдолгүй юм. Зөвхөн үүнийг ажиглаж байгаа хүн л ямар нэг утга учиртай болгодог байна. Ер нь "Бороо над дээр биш, тэр зүгээр л орж байна" гэсэн үг байдаг шүү дээ. Гэвч бороонд норсон хүн ихэвчлэн, хорвоо ертөнц шударга бус юм хэмээн гунигладаг. Хэрэв тэр өөр сэтгэл хөдлөлөөр хандсан бол үр дүнд нь түүний сэтгэл санаа дордохгүй байхсан.
Зөвхөн амьдралд тохиолдож байгаа үйл явдалд хандах хандлага бус, бусад хүмүүстэй харилцах харилцаа ч бидний үр дүнг тодорхойлдог. Хэрэв эргэн тойрныхонтойгоо үүсгэх холбоог үл ойшоовол аз жаргалтай байж чадахгүй гэдэгт би итгэдэг. Хүн төрөлхтөн сая, сая жилийн туршид нийгмийн амьд амьтан болж төлөвшсөөр ирсэн. Хэрэв бид хүнтэй харилцаж байхдаа түүнээс ямар нэг зүйл салгаж авна гэж харьцвал бид ялагдана. Харин би эсрэгээрээ надтай харьцаж байгаа хүн ямар нэг зүйл надаас хожоосой гэж бодвол жинхэнэ "win-win" буюу хэн, хэндээ хэрэгтэй нөхцөл байдал үүсэх болно.
Бизнес дээр ч мөн энэ дүрэм үйлчилнэ. Бизнес эрхлэгчдийн 90% нь "Бизнесийн гол зорилго бол мөнгө, ашиг, өөрийгөө бүрэн нээх чадвар" гэж бодолгүйгээр шууд л хариулдаг. Өөрөөр хэлбэл амьдралаас ямар нэг зүйл авах боломжийг хайдаг. Гэвч үнэн хэрэгтээ бизнесийн зорилго нь ашиг, орлого эсвэл мөнгө байх боломжгүй. Учир нь энэ нь зөвхөн таны бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ амжилттай үгүйг илтгэх үзүүлэлт юм.
Хэрэв бизнес эрхлэгч бага мөнгө олж байвал, түүний олон нийтэд санал болгож байгаа зүйл нь үнэлэгдэхгүй байна гэсэн үг. Харин эсрэгээрээ ашигтай байвал таны бизнес хүмүүсийн дунд үнэлэгдэж байгааг илтгэнэ. Бизнесийн жинхэнэ зорилго бол хэрэглэгчдийн дунд жинхэнэ үнэ цэнийг бүтээх явдал юм.
Бидний эго бусдад ямар нэг зүйл өгөхөд хамгийн ихээр саад болдог. Эго биднийг дотроос маань яг л утсан хүүхэлдэй шиг удирдаж байдаг. Бүр тав, зургаан наснаас эхлээд л "Чи түүнд ямар нэг зүйл өгөх албагүй шүү дээ", "Чи оронд нь юу авах вэ?" гэх мэтчилэн бидний чихэнд шивнэж ирсэн. Мөн эго биднийг уучлахад саад болдог байна.
Гэхдээ бодит байдал дээр хүмүүс уучилж чаддаггүйдээ биш харин гомдол, тунирхлаа даван туулж чаддаггүй. Хүмүүс хэрхэн гомдлоосоо ангижрахаа мэддэггүй байна. Гаднах ертөнц хатуу бөгөөд харгис, тэр хүн бүрийн хүсэл, сонирхолд нийцсэн байдаггүй.
Тиймээс ийм хатуу нөхцөл байдалтай тулгарсан тохиолдолд, гомдож, сэтгэл өвдөх нь хэвийн үзэгдэл. Уучлалт бол энэ бүх гомдол, өвдөлт, бухимдлаас салах бас нэгэн хэрэгсэл юм. Англи хэлний "forgive" буюу "уучлах" гэдэг үгийг бид for ("төлөө"), give ("өгөх") гэж хувааж болно. Өөрөөр хэлбэл би өгөхийн тулд уучилж байгаа юм.
Мэдээж эгод өөрийн гэсэн сайн талууд ч бий. Тухайлбал эго чухал хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, биднийг бодлогогүй, эрсдэлтэй алхам хийхээс тусгаарладаг. Хэрэв бидэнд хамгаалалтын эго байгаагүйсэн бол би өөрийгөө зоригтой гэдгийг батлахын тулд цонхны тавцан дээр зогсож байгаад 10 давхараас унах байсан. Тэгвэл хэрхэн энэ бүхний тэнцвэрийг олох вэ? Энэ асуултанд хариулахын тулд "Миний зорилго юу вэ?" гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Түншүүдтэйгээ хийх уулзалтан дээр уурлаж асуудал гаргах уу эсвэл өөрийнхөө бурууг хүлээж, хамтын ажиллагаагаа бататгах уу? Миний эго одоо намайг аварч байна уу, эсвэл хязгаарлаж байна уу гэдгийг үргэлж өөрөөсөө асууж байх хэрэгтэй. Харин дараа нь та өөрөө сонголтоо хийгээрэй.
Арсены санал болгож буй номнууд: