Ч.Номин: Мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнийг уран бүтээлчид бий болгодог
Бюро 24/7 ярилцлага
Амжилт гэдэг таны хэр их мөнгө олж байгаагаас биш харин хэдэн хүний амьдралыг өөрчилж байгаагаар хэмжигдэнэ гэж радиогоор олон удаа сонсож байсан. Харин энэ удаа бид яг л тийм хүнтэй ярилцлага хийн танд хүргэж байна. Өнгөрсөн жил гэхэд бид бүгдээрээ Авьяаслаг Монголчууд наадмыг шимтэн үзэж, ялагчаар хэн тодрох бол гэж өөр, өөрсдийн дуртай уран бүтээлчдээ дэмжиж байсан. Одоо харин үзэгчид амарч, авьяастнууд завгүй хөдөлмөрлөж, ирэх жилийн шалгаруулалтандаа бэлдэж байгаа. Тэгэхээр бид энэ бүхнийг удирдан хэрэгжүүлж буй бизнес эрхэлсэн залуу эмэгтэй, Монгол HD телевиз, Тэрэлж зочид буудлын гүйцэтгэх захирал Ч.Номинтой уулзаж ярилцлаа.
I
Бидний урилгыг хүлээн авч цаг гаргасанд баярлалаа. Энэ жилийн Авьяслаг Монголчууд тэмцээнд маш олон хүн бүртгүүлжээ. Энэ үйл явцаас бидэнд сонирхуулахгүй юу?
Бид шүүгчийн шалгаруулалтаас өмнөх урьдчилсан шалгаруулалтаа одоо явуулж байна. Яг одоогийн байдлаар Улаанбаатар болон Ховдын эхний шатны шалгаруулалт дууссан. Бид нийтдээ 1000 гаруй хүн оролцсон, 600 гаруй үзүүлбэр үзлээ. Мэдээж өмнөх жилийг харьцуулбал уран бүтээлч хүмүүсийн үзүүлбэрийн чанар нь сайжирчээ. Ирсэн хүн бүр л "Бид өмнөх жилийг үзээд тэмцээнд оръё гэж шийдсэн" гэж ярьж байсан.
Өөрийн тань харснаар өмнөх жилийнхээс илүү авьяаслаг хүмүүс байна уу?
Ерөнхийдөө авьяастай хүмүүс бол байна. Зарим нь өмнөх жилийнхээс илүү ч, зарим нь бас гүйцэхгүй байна. Гэхдээ оролцогчдын тоо эрс нэмэгдсэн болохоор олон хүнээс гарч ирж байгаа авьяас гэдэг утгаараа илүү гоё авьяастнуудыг харлаа.
Өнгөрсөн жил "Авьяаслаг Монголчууд наадмын хамгийн гол ялагч нь Rockit Bay" гэж хэвлэлүүд бичиж байсан. Тэгэхээр энэ удаа шүүгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөх үү? Өмнөх удаад бас спонсор байгууллагуудтайгаа зөвшилцөж тодруулсан гэсэн. Энэ жилийн хувьд яах вэ?
Шүүгчдийг тодруулахад спонсоруудтай зөвшилцөхөөс илүү цаад форматыг эзэмшиж байгаа талын оролцоо их байдаг. Тэгэхээр бид энэ удаа хуучин шүүгч нараа, мөн дахиад дээрээс нь орж болох шүүгчдийн саналаа нийлүүлээд явуулсан. Тэндээс зохих хэмжээний санаа бодол, зөвшөөрлийг авсны дараа шүүгчид тодрох болно.
Та шоуныхаа нээлтэн дээр мөн 2015-2016 онд дэлгэцэнд гаргах гол контентоо танилцуулсан. Грэмми болон Оскарын наадам гээд л тэр үед хийнэ гэж байсан зүйлс бүгд үзэгчдийн хүртээл болжээ. Одоо та эргээд харахад хэр сэтгэл хангалуун байна вэ? Бас ямар нэгэн бэрхшээл гарсан уу?
Бидний ажил бүгд төлөвлөгдсөн байдаг учраас нэг их бэрхшээлтэй юм гараагүй. Шууд дамжуулагдах Оскар, Грэммигийн нэвтрүүлгүүд амжилттай явсан. Мөн дахиад шинэ Хар Хайрцаг гэдэг нэвтрүүлэг гаргана гэж байсан нь одоо гарч байгаа. Тэгэхээр бид нар үр дүнтэй, хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байж чадаж байгаа.
Би олон мэргэжилтнүүдээс "Хэвлэл мэдээллийн байгууллагын амжилт гэдэг нь тогтвортой, удаан хугацааны үйл ажиллагаагаар дүгнэгддэг" гэж сонссон. Танай телевиз "Хаалтын гэрээгүй, бие даасан" гэх статустай байдаг. Цаашид энэ байдлаараа тогтвортой үйл ажиллагаа явуулж болмоор байна уу?
Би үүн дээр нэг тайлбар хэлье гэж бодож байна. Тэгэхлээр, манай телевизээр хоёр, гурван өөр төрлийн зүйлс гардаг. Үүний нэг нь мэдээний редакцид хамаарна. Энд бид аливаа нэг нам эвслийн харьяанд биш, дахиад дээрээс нь хэн нэг хүнээс төлбөртэй мэдээ авахгүй, хаалтын гэрээ хийхгүй явдаг. Бид олон талт эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийг та бүхэнд бодит баримтан дээр тулгуурлан хүргэнэ. Энэ бол манай мэдээний редакцийн бодлого юм. Гэтэл бид нөгөө талдаа янз бүрийн нэвтрүүлэг хийдэг. Энтертайнмэнт нэвтрүүлгээ хийхдээ бид спонсор авдагаараа авна гэдгийг хүмүүс ойлгоосой. Яах вэ, яг ингээд тогтвортой цаашаа явахад маш хэцүү, олон газар тэгж чадахгүй. Учир нь манай улсад оюуны өмчийн орон зай маш хүнд байна.Олон телевиз байгаагаас шалтгаалж рекламны орлого маань маш бага. Энэ нь бидэнд тогтвортой өрсөлдөөн үүсэх нөхцөл өгдөггүй. Тиймээс л янз бүрийн төлбөртэй нэвтрүүлэг телевизүүд хийх болдог. Бид харин ийм зүйл рүү орохгүй байхын тулд хоёр дахин их ажиллах л шаардлага гарч байгаа. Тэгээд бид нар аль болох рекламаа сайн авахын тулд түүнд нийцэх сайн нэвтрүүлэг гаргаж тавина. Одоо бид үүний төлөө "гүрийгээд" л байгаа болохоос биш энэ нь маш хүнд зүйл юм.
Энд нэг зүйл тодруулж асуумаар байна л даа. Мэдээллийн хөтөлбөр тусдаа бодлоготой байлаа гээд реклам татахад асуудал гардаг уу?
Бид үүнийгээ нээлттэй зарладаг учраас их амар л даа. Хаалтын гэрээ хийхгүй учраас реклам олгогч ирэхэд нэг талаар бид өөрсдийгөө хамгаалж чаддаг. Бид зөвхөн реклам түгээх гэрээ байгуулж байгаа болохоос үүний цаана танай байгууллагыг магтан дуулах үүрэг хүлээхгүй гэдэг нь анхнаасаа ойлгомжтой болохоор хүмүүс илүү юм хүсэхгүй байх нөхцөл бий болсон.
Монгол дахь олон жижиг телевиз яваандаа нэгдэх хэрэгтэй гэдэг дээр олон хүн санал нийлдэг. Магадгүй энэ нь цаг хугацааны л асуудал байх, тийм үү? Энэ тал дээр та бүхэн ямар бодолтой байгаа вэ?
Манай улс гуравхан сая хүнийхээ зах зээлээс хэтэрсэн олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагуудтай. Энэ нь өөрөө өрсөлдөөний чадварыг маш муу болгодог. Дээрээс нь оюуны өмчөө дээдлэхгүй, хямдхан гадаад контент гаргаад байхаар монгол контент, уран бүтээлчид маань хөгждөггүй. Интернэтээр үнэгүй татаж аваад, зөвхөн орчуулах зардал гаргаад л реклам авч болдог болохоор жижиг телевизүүд монгол залуучуудад мөнгө төлж, нэвтрүүлэг хийлгэх сонирхолгүй байдаг. Тэгэхээр энэ жижиг зах зээл дээр нэг тоглоомын дүрэм байхгүй байгаагаас энэ салбар хөгжихгүй байгаа.
Ойрын хугацаанд нэгдэл явагдах боломжтой гэж та бодож байна уу?
Энэ ойрын хугацаанд хэргэжихэд хүндрэлтэй байх л даа. Энэ бүх байгууллага өөрийн гэсэн санхүү, хөрөнгө оруулагчтай. Дээр нь оюуны өмчийн хуулиа яг баримталж ажиллахгүй, орчин нөхцөл нь бүрдэхгүй байвал тэр жижиг телевизүүд амьдраад л байна.
II
Монгол улс дэлхийн бусад олон улсыг бодвол эмэгтэй хүнийг харьцангуй хүн гэдгээр нь үнэлж ажиллуулдаг улс гэж би боддог.
Та сургуулиа төгсч ирснээсээ хойш Монголдоо тогтвортой ажиллаж байна. Бизнес эрхэлсэн эмэгтэй хүн байхад Монголд сайн бөгөөд бэрхшээлтэй нөхцлүүд нь юу, юу байна вэ?
Би сургуулиа төгсөж ирэхдээ 24 настай байсан ба шууд л бизнест орсон. Монголд ерөнхийдөө эцгийн эрхт ёс илүү давамгайлдаг шүү дээ. Тиймээс чи тухайн хийж буй ажлынхаа талаар нөгөө хүнээсээ хэд дахин илүү мэдэж байсан ч тэр хүнийг насны хувьд болон эрэгтэй гэдэг утгаар нь хүндлэх ёстой гэх зарчим амьдралд бий. Үүнээс болоод залуу эмэгтэйчүүдэд зарим нэг бэрхшээлтэй зүйл гардаг байх. Надад ч тохиолдож байсан. Тэгэхдээ би бусад хүмүүсийг бодвол түргэн хугацаанд өндөр албан тушаалд хүрч чадсан азтай л даа. Тиймээс ийм зүйлтэй тийм ч олон таараагүй. Дээрээс нь эмэгтэй хүн ажлаа хийчихээд, гэртээ очоод ээж, дахиад эхнэр болдог учраас эрэгтэй хүмүүсээс илүү хөдөлмөрлөх шаардлага гарна. Эмэгтэй хүн хүүхэд нь гэртээ өвдөж байхад ажлаа хийх үү, хүүхэд рүүгээ явах уу гэх зэрэг сонголт хийх болдог. Энэ мэт олон шалтгаанаас болж өөрийнхөө чадварлаг байдлыг батлахад хүндрэлтэй зүйлс тохиолддог. Нөгөө талаар давуу талтай зүйл Монголд бас зөндөө байгаа. Монгол улс дэлхийн бусад олон улсыг бодвол эмэгтэй хүнийг харьцангуй хүн гэдгээр нь үнэлж ажиллуулдаг улс гэж би боддог. Яагаад вэ гэхээр бид гуравхан сая хүнтэй бөгөөд хурдан хөгжиж байгаа улс. Манай эмэгтэйчүүд хөрвөх чадвар сайтай. Тэгээд ч юмыг олон талаас нь харж, хурдан сурдаг чадвар зөвхөн эмэгтэй гэлтгүй бүх хүнд бий.
Танай байгууллагад ер нь тийм феминист асуудал гарч байв уу?
Манайд ерөөсөө ийм асуудал гарч байгаагүй. Учир нь нэгдүгээрт манайх эмэгтэй захиралтай байгуууллага. Хоёрдугаарт манайд ажиллаж байгаа хүний хүйсийн харьцаа бараг 50/50 хувь боловч ихэнх ахлах албан тушаалд эмэгтэй хүмүүс байдаг. Яагаад вэ гэхээр манай Монгол эмэгтэй хүмүүст нэг дайчин чанар бий. Нэг юм эхэлвэл дуусгадаг, дахиад дээрээс нь ерөнхийдөө шургуу, ажил хэрэгч, би бол харахад, надад эмэгтэй хүмүүс нь арай илүү давамгайлаад байгаа юм шиг харагддаг. Тэглээ гээд хүнийг хүйсээр нь ерөөсөө ялгаварладаггүй. Харин хүмүүс өөрсдөө чадвараараа ялгардаг.
Таны өдөр тутмын гэрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ? Өмнө нь хэлсэн шиг хүүхэд, ажил хоёроо сонгох тохиолдол ер нь гардаг уу?
Миний хувьд телевиздээ 200 орчим хүн, Тэрэлж зочид буудалд 150 хүн гээд нийтдээ 350-аад гэр бүлийн өмнө хариуцлага хүлээсэн. Би хариуцлагаа өөртөө ухамсарлаж, "За би өнөөдөр гэртээ унтчихъя, нэг өдөр ч гэсэн өөр зүйл хийчихье" гэх боломжгүй гэж үздэг. Тэгэхийг ч хүсдэггүй. Тиймээс ажиллах ёстой цагаараа ажилладаг. Харин гэртээ бол яг байх цагаараа байдаг. Би чинь одоо гурван эрэгтэй хүүхэд, нөхөртэйгөө нийлвэл, дөрвөн эрэгтэй хүүхэдтэй байхгүй юу. Тиймээс манай гэр маш бужигнаантай байдаг. Бид хэзээ ч чимээгүй орчинд байдаггүй. Тэгэхээр би гэртээ ажиллах боломж тааруу. Тэнд ч нэг юм шидлээд л, энд ч нэг юм нурж унаад л. Ажил ихтэй байдаг учраас би хүүхдүүдээ яг цагаар унтуулдаг юм. Одоо манай хамгийн бага, хоёр ойтой хүү маань яг долоо хагасаас найман цагийн хооронд орондоо ороод унтдаг. Тэрнээс хойш хоёр томтой нь бид илүү хамт байж, есөн цаг өнгөрүүлээд унтуулдаг. Иймэрхүү л байдаг учраас бид аль болох хүүхдүүдтэйгээ хамт байж, тэр цагаа бодитоор зарцуулахыг хичээдэг л дээ.
Ажил, амьдрал, нойр гурвыг найм, найман цагаар хуваарилах хэрэгтэй гэсэн зарчим хүмүүс баримтлах гэж хичээдэг. Та бараг л тэгдэг юм байна. Тийм үү?
Гэхдээ бид хоёрын хувьд яг найм найман цагаар ажлаа хуваарилах их хүнд. Яах вэ, нойр бол нэг юм 6-8 цаг болчихдог. Ажлаа бид хоёр 10 цаг илүү хийдэг болохоор оройтож, суух гээд байдаг тал бий. Тэгэхээр аль болох хүүхдүүд рүүгээ, бага хүүгээ найман цагт унтахаас нь өмнө харихаар яардаг.
Хүүхдүүд маань ч даяарчлалыг хүлээн зөвшөөрч, үүний нэг хэсэг болж яваасай гэж би хүсч байгаа.
Хүүхэд ярьсан дээр нь асууя гэж бодлоо. Та ер нь өөрийнхөө хүүхдүүдийг ирээдүйд яг ямар орчинд амьдрана гэж төсөөлдөг вэ? Бас ямар нийгэмд амьдраасай гэж хүсдэг вэ?
Төсөөлж хэлэхэд хэцүү юм. Хүүхдүүд маань өсч, бидэн шиг том болтол хориод жил болохоор төсөөлж чадахгүй. Харин ийм нийгэмд битгий амьдраасай гэдэг хүсэл бол байдаг. Бидний одоо байгаа утаатай, амьдрах орчны чанар муу, бохирдолтой, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан зэрэг зөндөө бүтэхгүй юмтай нийгэмд л битгий байгаасай гэж мөрөөдөж байна. Тэгэхийн тулд бид бас хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг ухамсарладаг.
Монгол телевизээр өглөө бүр йогийн дасгал, загварын болоод сэтгэл зүйн зөвлөгөө гарч харагддаг. Та ер нь амьдралдаа иймэрхүү зүйлсийг авч хэрэгжүүлдэг үү? Эсвэл өөрт чинь тогтсон хэвшил байдаг уу?
Одоо миний хувь хүн төлөвшиж, тогтсон гэж бодож байна. Тиймээс шударгаар хэлэхэд би зөвлөгөө авдаггүй, их өөрийнхөөрөө, зөрүүддүү хүн байгаа юм. Гэхдээ бизнесийн тал дээр бол аавтайгаа их зөвлөж, туршлагаас нь суралцдаг. Ажлын чухал асуудлуудад бол олон жилийн туршлагатай зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүдтэй хамтардаг. Яг хувь хүний тал дээр би өөрөө бүгдийг шийдэх сонирхолтой. Мэдээж би маш их ном сэтгүүл үзэж, тэндээс сэдэл их авдаг. Түүнээс биш хэн нэг хүн "Чи цамцаа ингээд өмсвөл" гээд зөвлөх юм бол би бүр тэгэхгүй байх магадлалтай.
Нэн ялангуяа хүнд дасгалтай йога хийхээр түүндээ төвлөрсөөр нэг л мэдэхэд бүх бодол замхарч, тархи амарсан байдаг.
Тухайлбал хоол, гоо сайхны тал дээр яадаг вэ?
Янз бүрийн шинэ трендүүд хардаг. Одоо жишээ нь танай вебсайт надад их таалагддаг юм. Хамгийн сүүлд цацдаг хумсны будаг Англид гарсан тухай мэдээлэл уншсан. Над шиг гоо сайханд орж байх цаг зав ховор хүнд хурдан цацаад, хурдан хатаад амар ч юм уу гээд бодож байлаа. Тэгэхээр би ийм зүйлсээс их сэдэл авдаг. Одоо бүх гадаадын сэтгүүлүүд дижитал болсон учраас тэднийг харж байхдаа эрүүл хооллолтын тухай мэдээлэл авч чаддаг. Эрүүл хооллолтын хувьд зарим нэг төрлийн хоол надад хэрэггүй юм байна гээд хэрэглэхгүй байхыг хичээдэг. Гэхдээ хүн бүх юмнаас ямар нэг амин дэм авдаг учраас, аль болох тэр бүх өөр төрлийн зүйлсийг идэх ёстой юм байна. Хамгийн гол нь ямар нэгэн химийн бодис ороогүйг сонгохыг хичээдэг.
Контент үйлдвэрлэх ажил ерөнхийдөө өрсөлдөөн ихтэй, хэцүү ажилд тооцогддог. Дэлхий ч маш хурдан хөгжиж байна. Тэгэхээр танд оюун бодлоо чөлөөлж, тайван байх хэрэгцээ гардаг уу? Хэрэв тийм бол та яаж үүнийг шийддэг вэ?
Миний амьдралын хэв маягтай холбоотой ч байж магадгүй юм. Би тийм ч их тайван байх нөхцөл хайдаг хүн биш л дээ. Байнга л хүүхдүүд бужигнаж, үйл явдал өрнөж байдаг учраас "Өнөөдөр тайван бодож байгаад юм гаргья" гэх боломж гардаггүй. Нэг зүйл ярьж байхад дараагийн ажил залгаад орж ирж байдаг. Заримдаа харин байнга тархи ажилласнаас болж орой шууд унтаж болдоггүй. "Маргааш ингэнэ, хүүхдүүдээ тэгнэ" гээд байнга юм бодоод байдаг. Гэхдээ би сүүлийн үед йога хийж үүнээс өөрийгөө чөлөөлөх болсон. Нэн ялангуяа хүнд дасгалтай йога хийхээр түүндээ төвлөрсөөр нэг л мэдэхэд бүх бодол замхарч, тархи амарсан байдаг. Мөн нөгөө талаар би сонсдог номонд анхаарлаа төвлөрүүлж, өөр зүйл бодохгүй байдаг.
Та надад өөрийн дуртай номнуудаасаа хэлж өгч болох уу?
Хамгийн түрүүнд аав минь намайг их унш гэж зөвлөдөг Дейл Карнегийн "How to win friends" гэх номыг нэрлэнэ. Анхандаа би ерөөсөө ойлгохгүй байгаа юм шиг санагддаг байсан ч одоо байнга л эргүүлж үздэг болсон. Сүүлд уншиж байгаа ном гэвэл Ноа Харари гэдэг хүний бичсэн "Сапиенс буюу Хүн төрөлхтний товч түүх" гэдэг ном бий. Энэ номонд хүн гэдэг бол ерөөсөө амьтан учраас төрөлхийн адгууслаг зан чанартай. Харин яаж үүнээс ангижирч, соёлт хүн болж чадсан юм бэ гэдгийг өгүүлдэг. Бас миний нэг дуртай ном гэвэл "Elegance" гэх загварын ном юм. Орныхоо дэргэд байлгадаг тэр номоо би байнга эргүүлж хардаг. Энэ номонд "Хүн хэдий загварлаг байсан ч моод нэг л өдөр өнгөрдөг. Харин гоо сайхны мэдрэмжтэй, дэгжин байна гэдэг бол ийм зүйл юм" гэж гардаг. Тэгээд сүүлд бас Софиа Аморусогийн #Girlboss, Ноами Клейний "The Shock Doctrine", Ролф Добеллийн "The Art of thinking clearly" гэх зэрэг номууд уншсан байгаа.
Та ер нь худалдан авалтаа яаж хийдэг вэ? Ихэвчлэн онлайнаар хэрэгцээт зүйлсээ авч байна уу? Монголоос та хүссэн зүйлээ авч чаддаг уу?
Би ихэвчлэн NET-A-PORTER зэрэг онлайн дэлгүүрүүдээс худалдаа хийдэг. Хүүхдүүдийнхээ хэрэгцээт зүйлсийг ч бас онлайнаар авдаг. Надад бас яг дэлгүүр хэсэх цаг гардаггүй л дээ. Би дэлгүүр хэсч байснаас хүүхдүүдтэйгээ байх ч юм уу эсвэл найз нартайгаа хэдэн минут илүү өнгөрөөх нь хэрэгтэй учраас цайныхаа цагаар гялс интернэт ороод л болчихдог.
III
Хүмүүс "Одоо солонгос сериалаа болиоч ээ" гэх үе олон гардаг. Гэхдээ би ер нь асуудлыг жин дээр тавьж үзэх дуртай
Одоо жаахан өөр зүйлсийн тухай ярилцъя. Бид нийгэмд болж байгаа зүйлсийн талаар хүндрүүлж бичдэггүй л дээ. Гэхдээ та бүхний хийж буй зарим нэвтрүүлгүүд их чухал сэдвүүд хөндсөн байдаг. Хамгийн гол нь танд энэ бүгд үр дүн өгч байгаа гэж санагддаг уу?
Санагддаг. Жишээ нь, хамгийн сүүлийн миний үр дүнтэй гэж бодож байгаа зүйл бол бид утааны талаар бүтэн дөрвөн долоо хоног цуврал нэвтрүүлэг хийсэн. Монгол хүн, хүүхдүүд ийм утаанд байж болохгүй ээ гэдгийг бүх талаас нь авч үзэж, хотын дарга цэрэг гээд олон хүний анхаарлыг энэ асуудал руу татсан. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн салбар бол өнөөдөр энийг бичээд л, маргааш бүх юмыг өөрчлөнө гэдэггүй. Бидний ажил бол хүмүүст ийм юм болохгүй байна шүү, та нар үүнийг анхаараарай гэдэг сэдлийг л төрүүлэх юм.
Телевизээр сэтгүүлч, тоймчид өөрийнхөө хүрээллээс авч байгаа мэдээллээр нийгмийг төлөөлж ярих хандлагатай байдаг. Сэтгүүлч өөрийнхөө нийгмийн сүлжээнд их яригдаж байгаа зүйлийг нийт гурван сая хүн ярьж буй мэтээр илэрхийлдэг. Та бүхэн энэ олон нийтийн тэнцвэртэй үзэл бодлыг олохын тулд яаж ажилладаг вэ?
Сэтгүүлч хүний үндсэн үүрэг бол аливаа асуудлыг үзэгч өөрөө явж, судлах боломжгүй байдаг тэр орон зайг л нөхөх шүү дээ. Одоо энэ утааны талаар бүх талын эх сурвалжийн судалгааг хамруулсан, бодитой зүйл хийж гаргавал энэ хүмүүс ажлаа хийсэнд тооцогдоно. Тиймээс бид сэтгүүлчдээсээ үүнийг л шаарддаг. Та нар зөвхөн өөртөө байгаа мэдээллээр нэвтрүүлэг хийх биш, явж олон газраар орж уулз гэдэг. Хамгийн доод тал нь гурваас дөрвөн эх сурвалжаас авсан мэдээлэл дээр тулгуурлаж мэдээгээ хий гэдэг шаардлага тавьдаг. Одоо сэтгүүлчид үүнийг сайн ойлгож, "Миний ажил бол интернэтээс нэг юм уншаад, түүнийгээ тоть шиг давтах ёсгүй юм байна. Би үүнийг цааш нь дэлгэрүүлж судлаад мэдээлэл хүргэх үүрэгтэй юм байна" гэдгээ ухамсарладаг болсон байна.
Танай контент дээр ер нь шүүмжлэлттэй ханддаг зүйл гардаг уу? Жишээлбэл, Монголд Солонгос соёлын түрэлтийг зогсооё гэсэн хандлага их байгаа. Гэтэл танай телевизээр гарч буй сериал кинонууд үзэгчдийг үнэхээр их татдаг байх. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?
Үнэн. Хүмүүс "Одоо солонгос сериалаа болиоч ээ" гэх үе олон гардаг. Гэхдээ би ер нь асуудлыг жин дээр тавих дуртай л даа. Манай телевиз нийтдээ 24 цагийн нэвтрүүлэг явуулахдаа, нэг, нэг цаг л солонгос, америк кино гаргаж байгаа шүү дээ. Үлдсэн хугацаанд нь бид хүүхдийн нэвтрүүлэг, бодитой, хариуцлагатай сэтгүүл зүй хийж байна. Дахиад дээрээс нь монгол контент бий болгодог. Тэр санхүүжилтийг үзэгчид өөрсдөө өгөхгүй, эсвэл улс дэмжихгүй. Бид үүний тулд энэ солонгос киног гаргаж, рекламныхаа орлогоор амьдарч байгаа. Тэгээд хэзээ ч үнэгүй юм байдаггүй. Үнэгүй хүүхдийн нэвтрүүлэг үзэж байгаа бол эргээд түүндээ зориулж, үнэтэй реклам үзэх хэрэгтэй. Энэ утгаараа бас тэвчээртэй хандах ёстой юм болов уу.
Танай телевизийн нийтлэлийн бодлогоос мөнгөөр хэмжигддэггүй үнэ, цэнэтэй зүйлс их харагддаг. Монгол ахуй амьдрал, соёлыг сурталчилж, таниулсан олон нэвтрүүлэг бий. Гэхдээ та бас шударгаар хандаж шүүсэн, өөртөө дутагдалтай санагддаг, хийж чадаагүй зүйлс байдаг уу?
Саяхан энэ талаар манай нөхөр бид хоёр ярьж байлаа. "Хүмүүс биднийг олон зүйл дээр мөнгөөр зодоод юм хийчихлээ гэж бодож байх шиг" гэж. Мэдээж тайзны хэсэгтээ нэг зүйл түрээслэж тавихаас эхлээд олон юмыг мөнгөөр авна. Гэхдээ яг мөнгөөр хэмжигдэхгүй юм гэж байдаг юм байна. Энэ бол одоо энэ уран бүтээлч хүмүүсээс гарч ирж байгаа бүтээл юм. Тэгвэл бид энэ уран бүтээлчдийнхээ ирээдүйд юу бий болгох вэ, цаашид ямар үнэлэмж үүсгэх вэ гэж бодоход хүрсэн. Бид эргээд өөрсөддөө харамсаж байгаа дутагдалтай зүйл бол маш их хөдөлмөрлөж, Монгол улсыг соён гэгээрүүлэх сайхан зүйл зурагтаар гаргаж өгч байгаа залуучуудынхаа үнэлэмжийг ерөөсөө олигтой өсгөж чадсангүй. Долларын ханш өссөнөөс болж бидний гаднаас худалдаж авч буй контентын үнэ хэд дахин өсөөд л. Эсвэл Монголд инфляци нэмэгдсэнээс болоод бидний өгч буй цалин ялгаагүй болж орхидог. Мөн улс хямарснаас үүдэж рекламны орлого нэмэгдэхгүй байгаа зэрэг шалтгаанаас болж бид үнэ цэнэтэй хүмүүсийнхээ үнэлэмжийг нэмж чадахгүй байгаа.
Зарим телевиз энэ шалтгаанаас болж үндсэн багаа тэр чигээр нь алдаж, бараг бүтэн шинэчлэгдсэн байсан. Танайх үндсэн багаа хадгалж үлдэж чадаж байгаа юу?
Манай баг ер нь өөрсдийн зорилго, зорилтоо таньсан, үүнийхээ үнэ цэнэ дээр бидний уран бүтээл тогтдог. Уран бүтээлчдэд маань өөрсдөд нь үзэгчдэд гоё юм үзүүлнэ дээ гэсэн чин сэтгэлийн хүсэл бий. Тиймээс дээр дурдсан шалтгаанаар бид үндсэн багаа алдсан зүйл алга байна. Мөн бид нар нөхцөл байдлаа ажилтнууддаа хэлж, тайлбарладаг ба манай залуучууд ч үүнд их хүлээцтэй ханддаг.