Хайх

Шинэ байранд нүүж орохоосоо өмнө анхаарах 10 зүйл

Шинэ байранд нүүж орохоосоо өмнө анхаарах 10 зүйл

Үр дүнтэй арга барилуудаас хуваалцаж байна

Text: Buro.Mongolia


Нүүдэл суудал хийнэ гэдэг үргэлж эрч хүч болон цаг хугацаанаас хомсолдог хүндхэн ажил байдаг. Тиймээс бид та бүхний ажлыг хөнгөвчлөх үүднээс нүүхээсээ өмнө анхаарах хэрэгтэй зүйлсийг сануулж байна. 

1. Хэрэггүй зүйлсээс ангижрах

Та нүүх өдрөөсөө хэдэн долоо хоногийн өмнө бэлтгэлээ базааж эхлээрэй. Хувцасны шүүгээ тань өмсдөггүй хувцсаар дүүрэн бол тэдгээрийг дахин боловсруулах цэгт өгөх, буяны үйлсэд зориулж хандивлах эсвэл цахимаар зарах боломжтой юм. Энэ нь аяга таваг, гэр ахуйн бусад зүйлсэд бас хамаарна. Хэрэглээний хугацаа нь дууссан, өнгө үзэмжээ алдсан зүйлсээс зоригтой ангижрахыг бид зөвлөж байна. Харин шинэхэн гэртээ авах хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг хажуугаар нь гаргаад явах нь зөв шийдэл болох юм. Шаардлагагүй зүйлсээс салснаар та бага юм савлаж, зөөхөөс гадна мөн амьдралын тань шинэ шат эхэлж байгааг мэдэрнэ.

2. Тавилга, цахилгаан хэрэгслийг хэмжих

Шинэ байранд орохоосоо өмнө хамгийн түрүүнд ямар тавилга авч явахаа шийдэх хэрэгтэй. Одоо байгаа тавилгууд болон цахилгаан хэрэгслүүд нүүж орох байранд багтах, дотоод засал чимэглэлд нь тохирох эсэх гээд олон хүчин зүйлсийг харгалзах хэрэгтэй юм шүү. Мөн тавилга хамгийн их зай эзэлдэг тул том шүүгээ, ор, хөргөгчийг хэмжсэний дараа зөөвөрлөх үйл ажиллагааг төлөвлөж болно. Түүнчлэн таны шинэ байранд тохирохгүй эд хогшлыг зарж эсвэл бэлэглэж болох юм.

3. Нүүлгэлтийн байгууллага олох

Шинэ байранд нүүж орохоосоо өмнө анхаарах 10 зүйл (фото 1)

Хэрэв та хувийн машинтай бөгөөд нүүж орох газар тань ойрхон бол эд зүйлсээ хэсэг хэсгээр нь зөөж болно. Энэ нь илүү цаг хугацаа шаардах ч тусгай нүүлгэлтийн компанид мөнгө зарцуулахгүй юм. Харин яаралтай нүүлгэх шаардлагатай, том хэмжээний хүнд тавилгуудыг зөөх хэрэгтэй бол мэргэжлийн хүмүүсийн тусламжийг авсан нь дээр байдаг. Сайн үйлчилгээтэй нүүлгэлтийн газруудыг цахим сүлжээгээр болон нүүлгэлтийн үйлчилгээ авч байсан найз нөхдөөсөө сураглаад үзээрэй.

4. Баглаа боодлын материалаа нөөцлөх

Хэрэв та сонин, сэтгүүл хадгалдаг бол үүгээр аяга, таваг болон бусад жижиг хэмжээний зүйлсийг бооход нэн тохиромжтой байдаг. Мөн бөмбөлөгтэй гялгар уутнууд хэврэг эд зүйлсийг тань хамгаалах болно. Түүнчлэн их хэмжээний том хайрцгууд, олс болон скотч нүүдлийн үед маш их хэрэг болдог. Дараа нь олон хайрцгууд дунд будлихгүйн тулд хайрцаг болгон дээр дотор нь юу байгааг тэмдэглэж үлдээгээрэй.

5. Төлбөр тооцооны асуудлаа шийдэх

Шинэ байранд нүүж орохоосоо өмнө анхаарах 10 зүйл (фото 2)

Нүүдэл хийхээсээ өмнө бүх төлбөр тооцоогоо төлж дуусгаад, интернет болон кабелийн телевизээ хэрхэн шинэ байрандаа шилжүүлэх талаар судлаарай. Мөн нүүхээсээ сар хагасын өмнө онлайн дэлгүүрээс захиалга хийсний хэрэггүй. Учир нь илгээмж тань цагтаа ирэхгүй байх магадлалтай тул та хуучин хаяг дээрээсээ илгээмжээ авах хэрэгтэй болно гэдгийг санаарай. 

6. Эд зүйлсээ баглаж савлах

Нүүлгэлтийн үеэр авч явах зүйлсээ сүүлчийн өдрүүд хүртэл хойшлуулалгүй урьдчилан бэлдэж эхлэхийг бид зөвлөж байна. Хэрэв та зуны улиралд нүүх гэж байгаа бол өвлийн хувцас, гутлаа базааж байж болно. Нүүхээсээ долоо хоногийн өмнө зөвхөн тогтмол хэрэглэгддэг аяга, таваг болон хэдэн ширхэг хувцаснаас бусдыг хайрцаглаад бэлэн болгоорой. Хайрцгууд дээрээ өнгөт цааснууд нааж ялгахад амар болгох аргыг туршаад үзээрэй. Жишээлбэл, цэнхэр наалттай хайрцгуудад унтлагын өрөөний, улаан өнгийхөд гал тогооны, шар өнгийхөд хүүхдийн өрөөний зүйлсийг хийх байдлаар тодорхой ангилбал дараа нь амар байна.

7. Шинэ орох байраа бэлдэх

Шинэ байранд нүүж орохоосоо өмнө анхаарах 10 зүйл (фото 3)

Шинэ орон байрын тань цахилгаан, гэрэл, ус хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаарай. Мөн нүүж орохоосоо өмнө сайтар цэвэрлэгээ хийвэл та шинэ байрандаа орсон даруйдаа ая тухтай, сайхан мэдрэмжийг шууд л авах болно.

8. Найз нөхөд, ажлынхан болон хөршүүддээ эртнээс мэдэгдэх

Нүүхээсээ өмнө найз нөхдөдөө мэдэгдсэнээр та тэдний туслалцааг авах боломжтой бөгөөд мэргэжлийн хүмүүсийг хөлсөлснөөс зардал хамаагүй бага гарна. Үүнээс гадна хуучин хаягаар хэн нэгэн таныг хайж ирэх тохиолдолд хөршүүддээ холбоо барих утасны дугаар болон хаягаа үлдээж болно шүү.

9. Хуучин байраа цэвэрлэж янзлах

Шинэ байранд нүүж орохоосоо өмнө анхаарах 10 зүйл (фото 4)

Таны хуучин байранд орж байгаа шинэхэн эздэд цэвэрхэн орчин таатай байх болно. Тийм ч учраас та байраа хүлээлгэж өгөхөөсөө хэдэн хоногийн өмнө өөрөө эсвэл мэргэжлийн хүмүүсийн үйлчилгээг аван гялалзтал нь сайтар цэвэрлээрэй.

10. Үнэ цэнтэй зүйлсээ тусад нь бэлдэж тавих

Бичиг баримт, утасны цэнэглэгч, зөөврийн компьютер, түрийвч, анхны тусламжийн хайрцаг болон бусад хамгийн их хэрэгцээтэй зүйлсийг тусдаа баглаж тавих нь нүүлгэлтийн үед алдагдаж үрэгдэхээс сэргийлэх юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх