Хайх

Н.Цэлмүүн: Өөртөө итгэлтэй байхын тулд байнга өөрийгөө сорих хэрэгтэй

Н.Цэлмүүн: Өөртөө итгэлтэй байхын тулд байнга өөрийгөө сорих хэрэгтэй

Загварлаг бөгөөд хүчирхэг бүсгүйчүүд цувралын эхний зочин

Text: Ж.Чинбат


Загварлаг бөгөөд хүчирхэг эмэгтэй гэж тодорхойлж болох цөөнгүй эмэгтэй Монголд бий. Харин тэдэн дотроос хүнд үйлдвэрлэл, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг, олон мянган ажилтнаас бүрдсэн том корпораци удирддаг эмэгтэй хуруу дарам цөөн. Тэдний нэг болох МАК ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүнийг бид Бюро 24/7 ярилцлагын буландаа урьж, түүний хувийн амьдрал хэрхэн өрнөдөг, бизнест ямар бодлого баримтлан ажилладаг талаар нь ярилцлаа. Н.Цэлмүүний удирддаг МАК ХХК нь өнөөдөр нийт 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай төслүүд хэрэгжүүлж байгаа. Бид түүний ажил хэргийн хүрээнд ярилцахын зэрэгцээ аялах дуртай орнууд, таашаадаг загварын хэв маягийг нь тодруулж, амьдрал болоод амжилтын тухай юу гэж боддогийг нь асуулаа.

Таны Instagram хуудаснаас бид маш олон төрлийн загварлаг дүр төрх хардаг. Ер нь таны хамгийн дуртай загварын хэв маяг юу вэ?

Сүүлийн үед илүү чөлөөт хэв маягтай хувцасладаг болсон. Тэгэхдээ ажил хэргээ явуулж байхдаа мэргэжлийн онцлог харагдсан сонголт хийхгүй, хэт загварлаг байх юм бол салбарынхан маань ойлгохгүй шүү дээ. Ажил ихтэй үед гангалах цаг бага болохоор хөлд хөнгөн пүүз өмсөөд явдаг. Ер нь би нэг төрлийн хэв маягт захирагдах дургүй. Тухайн өдрийн ажлын хуваариас хамаарч сонгодог. Спортлог, ажил хэрэгч гээд янз бүрээр хувцаслана. Яг ямар урсгалд дуртай вэ гэвэл авангард буюу байдаг нормоос хэтэрсэн, сорьсон, бусдаас өөр, урьд өмнө нь гарч байгаагүй хэв маяг болон богем стиль таалагддаг.

Тэгвэл таны хамгийн дуртай дизайнер хэн бэ? Ер нь шинэ улирлын загваруудыг хэр сонирхож авдаг вэ?

Шинэ чиг хандлага тогтоож байгаа Jacquemus, Vetements гэх мэт авангард дизайнерууд сүүлийн үед хүчээ авч байна. Гэвч тэднийг томоохон загварын орднуудтай харьцуулбал удаан хугацаанд тогтвортой байх уу гэдэг нь эргэлзээтэй. Харин урсгал нь хэзээд шинэлэг хувилбараар оршсоор байх болно. Зорьж очдог брэнд гэвэл Dries Van Noten. Мэдээж Balenciaga, Givenchy, Balmain, Lanvin болон Alexander McQueen-ий бүтээлүүд хэзээд аюулгүй сонголт байдаг.

Сүүлийн үед "Гадаадаас биш Монголд байгаа брэнд дэлгүүрүүдээс илүү худалдан авалт хийдэг байя" гэсэн хандлага дэлгэрч байна. Таны хувьд эндээс загварлаг хувцас сонгох боломж хэр байдаг вэ?

Хэрэв Монголд байвал эндээс авахыг илүү эрмэлздэг. Монголд байхгүйг нь гаднаас авдаг. Миний хувьд том брэндүүдийг Монголд оруулж ирж, өөрсдөө эрсдэлээ үүрээд бизнес хийж байгаа хүмүүсийг дэмжье гэж боддог.

Н.Цэлмүүн: Өөртөө итгэлтэй байхын тулд байнга өөрийгөө сорих хэрэгтэй (фото 1)

Гоо сайхандаа анхаардаг гол зүйлс тань юу вэ?

Нэг их сүйдтэй зүйл байхгүй дээ. Будагны хувьд M.A.C, Bobby Brown, YSL-ыг түлхүү хэрэглэдэг ч ер нь нэг их айхавтар голж, шилэхгүй авдаг. Хамгийн сүүлд Sulwhasoo-гийн бүтээгдэхүүнүүд зүгээр санагдсан, гэхдээ байнга хэрэглэдэг нь La Mer.

Хүмүүс корпорацийн ерөнхийлөгч хүн хэрхэн амьдардагийг телевизийн цуврал кинонуудаас харж, төсөөлдөг байх. Харин та бол 1500 гаруй ажилтантай, Монголдоо хамгийн том татвар төлөгч компаниудын нэгийг удирддаг. Тиймээс таны нэг өдөр хэрхэн өнгөрдөгийг нь сонирхож болох уу?

Ихэвчлэн өглөө 06:30 цагт босч, дасгалаа хийхээс өдөр эхэлдэг. Эрүүл байх маш чухал. Ажлаа тарж ирээд гэрийнхэндээ хоол хийж өгөх дуртай. Өдөр болгон хийдэг гэж худлаа ярихгүй (инээв). Найз нөхдөө урихдаа ч мөн гараа гарган хоол хийж өгөх дуртай. Орой жаахан телевизийн цуврал харж байгаад 22:30 цагийн үед унтдаг даа.

Та марафонд 21 км гүйсэн хувийн рекордтой гэсэн. Энэ нь шинэчлэгдсэн үү? Ер нь спортын ямар төрлөөр хичээллэх сонирхолтой байдаг вэ?

Энэ жил би марафонд дахин гүйх бодолтой байгаа. Өмнө нь йога хийдэг байсан. Харин одоо миний хийж байгаа "High Intensity Interval Training" гэдэг дасгал кросс фит, кардио, TRX гээд олон төрлийг хольсон, хурдтай болоод удаан хэмнэлтэй дасгал хослуулж хийдгээрээ их сонирхолтой.

Та сонсох хөгжмөө өөрөө шинэчилдэг үү, ер нь ямар төрлийн дуу сонсох дуртай вэ?

Би 1990-ээд онд, хүүхэд байхдаа 2 Pac, TLC, Bone Thugs'n Harmony, Backstreet хамтлагуудын эрин үед өссөн болохоор эднийгээ хaаяа сонсчихно. Яг өөртөө таалагдах, сонирхолтой шинэ хөгжим олоход бас их цаг ордог шүү. Ихэнхдээ гүйж байхдаа Soundcloud-аас дууны жагсаалтаа олдог. Ер нь би хаус хөгжим түлхүү сонсдог ч сүүлийн үед R&B нэлээн сонсож байгаа.

Та ажлын гараагаа 2005 онд Худалдаа Хөгжлийн банкнаас эхлүүлсэн байдаг. Тэр үед гэр бүлийн компанидаа ажиллана гэж боддог байв уу?

Манай ээж, аав энэ компанийг үүсгэн байгуулаад 24 жил болж байна. Монгол улс зах зээлийн тогтолцоонд орсны дараахан 1993 онд МАК үүсгэн байгуулагдсан. Тиймээс би хар багын л аав, ээжийгээ яаж хөдөлмөрлөж байгааг харж өссөн ба энэ нь миний хүмүүжилд ихээхэн нөлөөлсөн. Эцэг, эхийнхээ ачаар би ажилсаг, хөдөлмөрч хүмүүжил авсан гэж боддог юм. Хэдийгээр багаасаа л компанидаа ажиллана гэж бодож байсан ч сургуулиа төгссөний дараа Худалдаа Хөгжлийн Банкинд хоёр жилийн хугацаанд орон сууцны зээлийн эдийн засагчаар ажилласан. Багаасаа орос сургуулиар хүмүүжиж, гадаадад их сургууль дүүргэсэн байсан болохоор надад банкинд ажилласан туршлага нийгэмшихэд их хэрэг болсон.

Та банкинд ажилласныхаа дараа МАК компанидаа ирж, худалдаа болон хангамжийн асуудал хариуцаж, дараа нь санхүү эдийн засгийн ажилд төвлөрсөн байдаг. Энэ чиглэлээрээ дотоодын болон гадаадын банкнаас олон ч төслийн хөрөнгийг босгосон юм билээ. Одоо тэдгээр ажлууд нь хэр жигдэрч байгаа вэ?

Компанийнхаа хөрөнгө оруулалт, санхүүжилтын ажлыг хариуцаад би хамгийн анх цементийн үйлдвэрийн хөрөнгийг босгосон. Тэгэхэд Данийн Вант улсын Засгийн газрын экспортыг дэмжих агентлагт хандаж, санхүүгийн уян хатан нөхцөлтэй зээл авч байсан. Ер нь бол дотоодын банкаар дамжуулж авдаг боловч бид олон жил тайлан балансаа зөв хөтөлж, BIG 4 буюу дэлхийн хамгийн том дөрвөн аудитын компаниас сонгон аудитаа хийлгэж заншсан болохоор зээл босгоход хүндрэл багатай байсан. Тухайн үед Монгол улсын зээлжих зэрэглэл ч өндөр байлаа. Цементийн үйлдвэр маань энэ зургаадугаар сард нээлтээ хийнэ. Эдийн засгийн уналттай байсан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бид төслөө зогсоохгүйн төлөө бүх л нөөц бололцоогоо дайчлан ажилласан. Одоо эргээд харахад нөгөө хэцүү цаг үе маань сайхан дурсамж, сайн туршлага болон үлдсэн байна. Хэцүү үед бүтээн байгуулалт хийж чадсан нь бидний том амжилт. Тиймээс ч энэхүү төсөл маань бидний хувьд их дурсамжтай байх болов уу.

Ер нь Монгол улсын цаашдын хөгжил дэвшилд Европ стандартын сайн чанартай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж бид үздэг учраас хэдий өндөр хөрөнгө оруулалттай байсан ч барууны технологийг Монголдоо нутагшуулахыг зорьдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд бид 2015 онд хийт бетоны үйлдвэрээ нээсэн нь одоо зах зээл дээр нэлээн сайн танигдаж эхэлсэн. Харин Цагаан суваргын зэс-молибдены төсөл маань 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Нэг тэрбум долларын хөрөнгө оруулалттай энэхүү төсөл эдийн засгийн нөхцөл байдал, нүүрсний үнэ унасан шалтгаанаар түр зогссон. Гэсэн хэдий ч энэ хугацаанд бид өөрсдийн боломж бололцоогоо дайчлан Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажлаа явуулсаар ирсэн. Уг дэд станц баригдсанаар Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумд байнгын цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжтой болох юм. Цагаан суваргын төсөлд бид Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас анхны том зээл болох 450 сая долларын зээлийн эрхийг авч байсан. Энэ төсөл маань бидэнд мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой маш том туршлага, сургамж болж байна. Зэс өөрөө их хэрэгцээтэй, дэлхийн зах зээл дээр 2018-2019 оноос хомсдол үүсэх төлөвтэй тул уг төслийн санхүүжилтыг босгож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

Н.Цэлмүүн: Өөртөө итгэлтэй байхын тулд байнга өөрийгөө сорих хэрэгтэй (фото 2)

Миний уншсанаар хэрэгжүүлж байгаа төслүүд нь 1,5 тэрбум долларын өртөгтэй гэж ойлгосон. Одоо үүнээс хэдэн хувь нь хийгдээгүй дутуу байгаа вэ?

Тийм ээ, энэхүү 1.5 тэрбум доллар гэдэг бол төслүүдэд шаардагдах нийт хөрөнгө оруулалт. Үүний 50 хувь нь хөрөнгө оруулалт болоод хийгдсэн ба одоо бид үлдсэн 50 хувь дээрээ ажиллаж байгаа.

Та бүхэн Дани, Герман, Францын банкуудтай ажиллаж, санхүүгийн олон арга хэрэглэж байж энэ хөрөнгө оруулалтыг босгосон. Хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байхаас гадна өөрийн бодол санаагаа зөвшөөрүүлэхэд танд ямар сорилууд тулгарч байсан бэ?.

Мэдээж хэрэг анхан шатны мэдээлэл болох тайлан баланс цэгцтэй, мэргэжлийн түвшинд хийгдсэн байх хэрэгтэй төдийгүй компанийн засаглал, боловсон хүчин чухал. Хоёрт, зээл авах гэж байгаа төсөл нь эдийн засгийн өгөөжтэй байж, урт хугацаанд зээлээ эргэн төлөх чадвартай гэдэг үндэслэлээ баталгаажуулна. Мэдээж хэрэг хууль, санхүү, технологийн мэдлэг шаардлагатай байдаг. Технологийн тал дээр би айхавтар сайн мэдэхгүй ч манай чадварлаг баг байгаа. Ер нь бид багаараа ажилладаг.

Гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд дээр Монголын талын эрх ашиг муу хамгаалагдсан гэж үзэж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлдэг хүмүүс олон. Яг бодит байдал дээр, хэлэлцээрт ороход та дотроо ямар бодолтой байдаг вэ?

Ер нь Монголчуудад энэ талын туршлага бага байгаа. Гэрээ байгуулах амархан, түүнийг хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Бидний хувьд гэрээний хэрэгжилтийг үнэхээр хангах уу гэдэг талаасаа анхаардаг. Мөн хэлэлцээрийн шатанд хэрхэн яаж Монгол талын эрх ашгаа сайтар хамгаалах талаас нь их харна. Хоёр талын эрх ашгийг хамгаалсан гэрээ амжилттайд тооцогддог. Иймд нөгөө талын эрх ашиг хэт давамгайлсан байвал шийдвэр гаргахад хүндхэн ч гэсэн татгалзах тохиолдол байна.

Дэлхийн нийгэм, эдийн засагт тохиолдож болох эрсдэлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг фирмүүд асар өндөр үнээр ажилладаг юм билээ. Та бүхэн эрсдэлийг хэрхэн үнэлж, шийдвэр гаргадаг вэ?

Эрсдэлийг яаж үнэлж байна вэ гэдэг нь эдийн засгийн, хууль эрх зүйн болон улс төрийн нөхцөл байдалд хэрхэн дүгнэлт хийж байгаагаас шалтгаална. Хамгийн гол нь бидний алсын хараа хаашаа чиглэж байгаагаас хамаарна. Эрсдэл гэж тооцвол тоймгүй олон зүйл бий. Хөгжиж байгаа орны нөхцөлд эрсдэл хүлээж байж л бизнес өргөжиж, амжилтанд хүрдэг. Эрсдэлийг тоон дүнгээр тооцож үзэхэд хэдий их байсан ч бизнесийн цар хүрээ нь өөрөө үнэхээр боломжтой байвал тэрхүү боломжийг ашиглах нь зүйтэй. Үүн дээр хамт олноороо ажиллахаас гадна аав маань оролцох зэргээр бид нэг баг болж байж шийдвэр гаргадаг.

Одоо эдийн засгийн уналттай үе шувтарч, өсөлтийн эргэлт гарч эхлэх талаар мэргэжилтнүүд хэлэх боллоо. Таны бодол ямар байгаа вэ?

Нөхцөл байдал сайжрахаар хүмүүс өчигдөр юу болсноо мартчихдаг дутагдалтай. Энэ бол ганцхан Монголчуудад биш, угаас хүнд байдаг төрөлх араншин. Нүүрс, зэсийн үнэ өсөлттэй байгаа нь эргээд эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхдээ эдийн засаг өөрөө унаж л байдаг, өсч л байдаг давтамжтай болохоор бид ирээдүйд гарах дараагийн уналтанд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яаж вэ гэвэл, хаана үргүй зардал гарч байна вэ гэдгийг илрүүлж, ашигт ажиллагааны түвшинг өндөр байлгах, хэрэгжүүлж буй төслүүдээ эрэмбэлэх, байнга хүний хөгжилд анхаарах гэх мэт олон арга хэмжээ бий. Энэ бүхнийг бид сүүлийн дөрвөн жилд баримталсны үндсэн дээр оршин тогтнож байгаа. Мөн бизнесээ төрөлжүүлэх буюу тухайлбал түүхий эдийн зах зээл уналттай байх үед нөгөө бизнес нь амжилттай явж байхаар эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эдийн засгийн уналтыг би ганцхан дэлхийн зах зээл дээрх үнэ, ханштай холбож ойлгохгүй байна. Сая гарсан хямралын тодорхой хувь нь Монголчууд биднээс, өөрсдөөс маань шалтгаалсан. Өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, төрөөс баримталж байгаа бодлогоос хамаарсан. Тэр сургамжаа л сайн бодож, их л няхуур, хянуур явахгүй бол болохгүй байх.

Н.Цэлмүүн: Өөртөө итгэлтэй байхын тулд байнга өөрийгөө сорих хэрэгтэй (фото 3)

Таны зүгээс няхуур, хянуур байж урагшлана гэдэгт юуг хэлж байгаа вэ?

Мэдээж хэрэг урагшаа явахад төрөөс баримталж байгаа бодлого, татварын хууль өөрчлөгдөх шаардлагатай гээд олон зүйл яригдана. Түүнээс гадна хөрөнгө оруулалтын платформ маань сайжирч байж бид гадны хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг буцааж олно. Хэчнээн анхаарал татсан, өндөр хүлээлттэй төсөл байлаа ч гэсэн гадаад зах зээл дээр итгэл алдчихвал тэд илүү тогтвортой өөр орнууд руу анхаарлаа хандуулна. Үнэндээ дэлхийд ашигтай ордууд, боловсруулсан төслүүд зөндөө байгаа болохоор тогтолцоо сайн байж л манай төслүүд явна. Зөвхөн бидэнд байгаа зүйл мэтээр ханддаг үзэл бодлоосоо салж, боломжийг бусад орноос түрүүлж олж авах гэж бид өрсөлдөх ёстой.

ДОТООД АМАР АМГАЛАНГАА ОЛСОН ХҮНД АЖЛЫН АМЖИЛТ ГАРЦААГҮЙ ИРНЭ

Та ажлын гараагаа эхэлснээс хойш 12 жил буюу хүний амьдралын нэг үеийг өнгөрөөсөн байна. Тэгэхээр энэ хугацаанд хамгийн гол олж авсан зүйлс юу байна вэ?

Ер нь хүний хөгжлийн суурь бол эцэг эхээс олгох хүмүүжил. Миний эцэг, эх намайг хувиа хичээсэн зангүй, бусдын төлөө байх үзэл бодолтой болгон хүмүүжүүлсэн. Энэ хүмүүжил маань намайг өнөөдөртөө сэтгэл хангалуун амьдруулж байна. Хүн өөрийнхөө дотоод сэтгэлтэй байнгын ажиллаж байх ёстой. Тийнхүү сэтгэлээсээ эхэлж хийсэн өөрчлөлт хүнд өөрт нь ч, хүртээж байгаа хүмүүстээ ч илүү үнэ цэнэтэй үйлдэл болдог байх. Материаллаг эд баялаг, ажлын өндөр амжилт тийм ч их чухал биш, өөрийн дотоод сэтгэл рүү тэр хөрөнгө оруулалтыг хийх чухал гэдгийг цохон хэлмээр байна. Залуу бөгөөд өсвөр насныханд зориулж хэлье гэвэл өөртөө итгэлтэй байх чухал. Харин үүний тулд өөрийгөө байнга шинэ зүйлд сорих хэрэгтэй. Ер нь л хүн залуугаасаа сэтгэлийн тэвчээр, хаттай болох нь зүйтэй.

Тэгвэл та амжилтыг юу гэж тодорхойлох вэ?

Амжилт бол дотоод сэтгэлийн аз жаргалаа олсон байхыг л хэлдэг байх. Сэтгэлээ хөгжүүлж, баялаг болгочихоод, түүндээ аз жаргалтай байвал тэгээд л болоо доо. Дотоод амар амгалангаа олсон хүнд ажлын амжилт гарцаагүй ирнэ. Харин амжилтыг олсон эмэгтэй, эрэгтэй хүн аль нь ч байсан "Би" гэдэг эгоизмгүй байх хэрэгтэй санагддаг юм. Эго хүнд аз жаргалгүй байдлыг авчирдаг. Харин зөв хүсэл мөрөөдөл бол эгоизм биш, хувь хүний амьдралын утга учрыг бий болгодог зүйл гэдгийг ялгах хэрэгтэй. Жаахан амжилт гаргасныхаа дараа "Би"-гээр өвчилчихсөн хүмүүс надад өөрсдийгөө их л хайрцаглаж, боломжоо хязгаарласан мэт харагддаг. Хөгшин, залуугүй олон хүнээс ажиглагддаг энэ зүйлээс салахын тулд хүн өөртэйгөө ажиллах ёстой.

"Зорилготой бай, өглөө эрт бос" гэдэг энгийн үгтэй ишлэл залуу гэлтгүй аль ч насны хүнд хэрэгтэй. Тэгэхдээ таны хэлж буй "Багахан амжилтандаа ханаж, хүсэл шуналдаа боолчлогдолгүй, өөрийгөө байнга сорьж, тэр шинэ сорилт бүрийг туулж буй үйл явцаас аз жаргалыг мэдэр" гэдэг санаа надад их таалагдлаа. Хүмүүс зорилгоо биелүүлэх оргил мөчийг хэт төсөөлөөд, яг түүнийгээ бүтээж яваа цаг хугацааг амтлахгүй өнгөрөх магадлал их байдаг шүү.

Тийм ээ. Магадгүй хүн бүрийн төрөлх мөн чанарт энэ зүйл байдаг. Үүнээс салах тусам ямар ч хүн өөрийнхөө зорилгод хүрнэ. Гол нь аливаад хэт шунаж болохгүй. Олсон зүйлдээ сэтгэл хангалуун байвал илүү их амжилтанд хүрэх төдийгүй ямагт бусдын төлөө сайн сайхныг хүсэх юм бол ямар ч хүний ирээдүй аз жаргалтай байна байх гэж би боддог.

Та маргааш аялалд гарах гэж байгаа бололтой.

Тийм ээ, эхний улиралд нэлээн эрчимтэй ажиллачихсан, дээр нь хүүхдийн амралт болж байгаа болохоор Сингапур, Тайланд явах гэж байна.

Таны очсон хамгийн сонирхолтой газар хаана байсан бэ? Ер нь аялаж яваа улс, орнуудаас юуг нь илүү анзаарч хардаг вэ?

Мэдээж хэрэг хөгжилтэй орнууд сайхан. Багадаа Америкт олон жил сурсан болохоор дотно санагддаг. Хонг Конгд 2015 онд нэг жил амьдарсан болохоор бас л их дурсамжтай. Ер нь аль ч улс орон өөрийн гэсэн дахин давтагдашгүй зүйлтэй шүү дээ. Байнга хөгжчихсөн газраар явах тийм ч сонирхолтой байдаггүй. Мэдээж сонголтоо тэнцвэртэй хийхийг бодож, хааяа ажлын алжаалаа тайлахын тулд резортуудыг зорьж очилгүй яах вэ. Гэвч илүү сорил авчирсан, шинэ газраар явах дуртай. Сүүлд би Энэтхэгийн Бодьгаяад арав хоног аялсан маань их сонирхолтой туршлага болсон. Амьдрах нөхцөл нь хэцүү, хамгийн ядуу муждаа тооцогддог болохоор хоол, унднаас эхлээд хүндрэлтэй зүйл нэлээн их. Тэндээс буцаж ирсний дараа, "Бид чинь нэг их айхавтар өөлөөд байхааргүй, сайхан амьдардаг юм байна шүү дээ" гэсэн бодол төрж байх жишээтэй. Цаашид Бутан, Мьянмар, Камбож зэрэг улсуудаар аялах санаатай байгаа.

Ер нь онгоцонд олон цагаар нисэхдээ таны хийдэг зүйл юу вэ?

Ихэвчлэн ном уншина, эсвэл кино үзнэ.

Аялалд явахдаа зайлшгүй авч явдаг зүйлс бий юу?

Хэрэглээ талаасаа эмэгтэй хүнд байх зүйлсээс гадна ном, компьютероо л аваад явна. Надад номыг цаасан дээр унших нь амар санагддаг. Цүнхэндээ нимгэхэн юм уу, хялбаршуулсан жижиг ном хийчихсэн байхад ганцхан онгоц гэлтгүй замд түгжирч байхад бас уншаад явна. 

Манай уншигчдад зориулж та дуртай номноосоо санал болгож болох уу?

Миний сонирхож уншдаг хоёр сэдвийн нэг нь ажил хэрэгтээ зориулж уншдаг эдийн засгийн ном байдаг бол нөгөө нь чөлөөт цагаараа илүү хардаг философийн сэдэвтэй номууд байдаг. Сүүлд уншсан номуудаас Айн Рендийн "Бид амьд хүмүүс", эдийн засагтай холбоотой "Why nations fail: The Origins of Power, Prosperity, and Proverty" сонирхолтой бүтээлүүд санагдсан. Мөн зав гарвал “Бодьсадын явдал” номыг ахин дахин унших дуртай. Харин одоо “Агнистын Гэгээ” цувралыг амтархан уншиж байна.

Н.Цэлмүүн: Өөртөө итгэлтэй байхын тулд байнга өөрийгөө сорих хэрэгтэй (фото 4)

Таныг Бодьгаяад аялаж яваа зургийг хараад Буддын ухаанд сонирхолтой байх нь гэж бодож байлаа. Таны ажилд сонирхол тань нөлөөлдөг үү?

Буддизмыг би шашин гэж хардаггүй юм аа. Ер нь би бүх шашныг хүндэлдэг. Тухайн хүндээ үйлчилж байвал хүн юу дуртайгаа шүтэх эрхтэй шүү дээ. Харин Буддизмыг би хүний өдөр тутмын амьдралын арга барилыг их сайхан тайлбарлаж өгсөн, хүний амьдралын зорилго, утга учрыг ойлгуулж өгсөн философитой юм болов уу гэж бодож, өөрийн амьдралдаа мөн тусгаж, эргэцүүлэн боддог.

Мэдээж хэрэг залуу эмэгтэй хэрнээ олон ажилтантай аж ахуй нэгж удирдана гэдэг өөрөө том ачаалал. Биеийн амраа бодвол би ямар нэг сонирхолтой, арай өөр төрлийн эмэгтэйлэг бизнес хийж болох л юм. Хэрэв энэ албан тушаалыг хаших чадваргүй бол түүнийгээ би хүлээн зөвшөөрч, мэргэжлийн хүмүүст нь өгөхөд ч бас бэлэн. Нэгэнт надад итгэл үзүүлж, "Чи чадна" гээд хүлээлгэж өгсөн ажилдаа би дуртай. Магадгүй бололцоотой айлын хүүхэд учраас заавал ийм нүсэр зорилгын хойноос хөөцөлдөхгүй байж болох юм. Гэвч эцэг эх минь надад арай өөр, хийе гэснээ дуусгадаг байх хүмүүжил өгсөн учраас би мэдэхгүй зүйл гарсан ч түүнийгээ мэдэхийг оролддог, ер нь юмыг нухдаг төрлийн хүн болж өссөн юм байна. "Тэгвэл миний амьдралын утга учир юу вэ" гээд бодвол би өнөөдөр зөвхөн өөрийнхөө төлөө ажилладаггүй. Цэлмүүн гэдэг хүн сайхан хувь тавилантай төрж, сайн боловсрол эзэмшиж, эдийн дээдийг хэрэглэлээ. Тэгвэл яагаад бусад охид, залууст ийм нөхцөл заяаж болохгүй гэж? Ер нь бол компаниудад хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг нэмэгдүүлэх үндсэн зорилго байдаг. Харин би хэзээ ч тэгж хардаггүй. Манай компанийн стратегийн зураглалыг хэлэлцэж байхад, "Бид нийт МАК-чуудын үнэ цэнийг нэмэгдүүлнэ" гэсэн зорилт гаргаж баталсан юм. Заримдаа нийгмийн зүгээс биднийг "Ганц гэр бүл ингэж амьдарч байна" гэх зэргээр шүүмжилдэг ч бид эргээд нийгэмдээ ямар нэг сайн сайхныг бүтээж бий болгохыг эрмэлздэг.

Хамгийн сүүлд та "Өнөр бүл" төвд өсч буй хүүхдүүдээс амжилттай сайн сурсанд нь сургалтын тэтгэлэг, цаашлаад ажлын байр гаргаж өгөх гэрээ байгуулсан. Тэгэхээр таныг хэтэвчээ нээж хүнд туслахаас арай өөр хэрэгтэй зүйл гаргаж хийдэг юм байна даа гэж бодож байлаа.

Хэрэв өлсөж, ундаасаж байгаа хүн байвал нэн түрүүнд хоол, хүнс олохыг л боддог. Гэтэл энэ хооронд тэр хүн ирээдүйн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд төдийлөн анхаарал хандуулж чадахгүй. Өнөөдөр МАК-ийн хийж буй гол зүйл бол хүмүүсийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Хувь хүмүүс эдийн засгийн чадамжтай байвал улс хөгжинө. Ингэхээр компани өөрөө санхүүгийн болоод бизнесийн зорилгоо зөв тодорхойлсон, тогтвортой өсөлт үзүүлэх чадвартай байх ёстой. Тэгж чадвал нэг компанийн үйл ажиллагаа, нэг хүний шийдвэрээс шалтгаалж олон зуун мянган хүний амьдралд эерэг өөрчлөлт ирнэ гэж надад харагддаг.Тиймээс энгийн ажил хэрэг маань цаанаа маш утга учиртай, том хариуцлагатай зүйл юм.

цааш үзэх