Бейонсе охиныхоо нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлнэ
Бас Coachella наадамд дуулна
Бие давхар Бейонсе АНУ-ын патентын хэлтэст өөрийн охин Блю Айви Картерын нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлэх өргөдөл гаргасан байна. Энэхүү өргөдөлд үс арчилгааны бүтээгдэхүүн, хувцас, гар утас, видео тоглоом зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг нэрлэх заалтыг тусгаж өгчээ.
Бейонсе ба Jay Z нар өмнө нь 2012 онд Блю Айви Картер нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлэх өргөдөл гаргаж байсан бөгөөд тухайн үед энэхүү өргөдөлд гоо сайхны бүтээгдэхүүн, хүүхдийн ба гал тогооны хэрэгсэл, хөзөр зэрэг нийт 14 төрлийн эд зүйлс багтсан байсан юм. Гэвч Бейонсе ба Jay Z нар энэхүү патентыг хэрхэн ашиглахаа харуулж чадахгүй байсан учраас патентын хэлтэс тэдний өргөдөлд татгалзсан хариу өгсөн байна. Харин одоо тэд "1b" маягтыг бөглөсөн ба энэ нь тухайн нэр тун удахгүй брэнд хэлбэрээр ашиглагдана гэсэн үг юм.
Анх дуучин Бейонсе охиныхоо нэрээр хүүхдийн хувцасны брэнд нээхээр төлөвлөж байсан бол одоо түүний таван настай охины нэртэй үс ба арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гарах магадлалтай байна.
Мөн Бейонсе Калифорнид дөрөвдүгээр сарын 14-23 хооронд зохион байгуулагдах Coachella наадамд дуулахаар болжээ. Энэ үед дуучин бүсгүй долоон сартай жирэмсэн байх юм.