Хайх

Дональд Трампын асуудал юунд байна вэ?

Дональд Трампын асуудал юунд байна вэ?

Худал хуурмаг, сексизм ба хүчирхийлэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн долоо хоногт Дональд Трампыг нэгэн нэрээ нууцалсан эмэгтэй шүүхэд өгчээ. Тэр эмэгтэйн хэлснээр бол Трамп түүнийг 13 настай байхад нь хүчирхийлсэн гэж мэдэгдлээ. Улмаар Дональд Трампыг бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн хоёр ч эмэгтэйн гомдол бүртгэгдээд байна. Тэгэхээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трампд ямар асуудлууд байдгийг бид энд нэгтгэн дэлгэлээ

Тэр бол сексист

Тэр үнэхээр "гоо үзэсгэлэн дэлхийг аварна" гэж боддог. Трампын гоо үзэсгэлэнгийн төсөөлөл (ер нь л эмэгтэй хүний үүрэг "роль") их хуучинсаг. Эмэгтэй хүн ямар нэг зүйлд Дональд Трампыг буруутгахад тэр зүгээр л "Тэгвэл та царай муутай" гэж хариулдаг. Трампын гоо үзэсгэлэнгийн стандартад нийцэхгүй байна гэдэг жинхэнэ шийтгэл болно. Жишээ нь Трамп ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Карли Фиоринаг "Түүнд боломж байхгүй. Та нар түүний царайг хар л даа" гэж хэлж байсан юм. Бүгд найрамдах намын бас нэг нэр дэвшигч Тед Крузын эхнэр, хөрөнгө оруулагч Хайди Крузыг Трамп "Шулам", "Бах мэлхий" гэж байв. Дональд Трампын дампуурлын тухай бичсэн New York Times сонины нийтлэлч Гейл Коллинсыг "Нохой шиг царайтай" гэж хэлсэн байдаг.

Заримдаа эсэргүүцэгчээ царай муутайгаар нь дуудаж чадахгүй байвал Трамп арай өөр арга хэрэглэж эхэлдэг. Тухайлбал, Бүгд найрамдах намын мэтгэлцээний хөтлөгч Мегин Келлийг Трамп Twitter хуудсандаа "Биеэ үнэлэгч" гэж нэрлэсэн юм. Харин үүнээс болж Трампд ирсэн бүх эвгүй асуултанд тэр зүгээр л "Мегинд сарын тэмдэгийн өмнөх синдром нь эхэлсэн" гэж тайлбарлаж байлаа.

Тэр татвар төлдөггүй байж магадгүй

Нэгэн сэрүүхэн аравдугаар сарын өглөө New York Times сонины редактор Сьюзан Крейгийн шуудангийн хайрцгаас (электрон биш, жинхэнэ) Дональд Трампын 1995 оны татварын тайлан олджээ. Энэхүү тайлангаас Дональд Трамп 1995 онд 916 сая доллар алдсан болохыг сониныхон олж тогтоосон юм. Үүнд Лас Вегас дахь гурван казиног буруу удирдсан, агаарын тээвэр хийх санаа сэдэж, мөн Нью-Йоркийн Plaza зочид буудлыг цагаа ололгүй худалдан авсан зэрэг шалтгаанууд нөлөөлсөн гэж үздэг. Энэ бүхэн Дональд Трампыг 18 жилийн турш татвар төлөхгүй байх нөхцөл болжээ. Трампын хуучин нягтлан энэ бүгдийг баталсан бөгөөд энэ хугацаанд түүний дарга яаж ийм тансаг амьдарсныг ойлгодоггүй гэж тэр нэмж хэлсэн байна.

Дональд Трампын асуудал юунд байна вэ? (фото 1)

Тэр бол арьс өнгөөр ялгаварлагч

Казиногийн асуудал руу эргэн орцгооё. "Дональд, Ивана хоёрыг казинод ирэхэд бүх хар арьстай ажилтнуудад нуугдахыг шаарддаг байсан" гэж Трампын хуучин ажилтан дурссан байдаг. Трампыг тойрсон арьс өнгөний шуугиан бүр 1970-аад оноос эхэлсэн. Тухайн үед түүний Trump Management Corporation компани сул байр байхгүй гэх шалтгаанаар африк гаралтай америкчуудад орон сууц түрээслүүлэхээс татгалзаж байсан юм. Мексикчүүд ч гэсэн Трампын амар заяаг үзүүлдэггүй. АНУ ба Мексик улсын хил дээр Дональд Трамп хана босгоно гэж сүрдүүлж, тэр ч бүү хэл үүнийгээ мексикчүүдээр "төлүүлэхийг" шаардсан. Бас АНУ-ыг алан хядагчдаас хамгаалахын тулд хилээр мусульман шашинтнуудыг нэвтрүүлэхийг хориглоно гэж тэр мэдэгддэг.

Тэр юмыг өнгөц хардаг (Бас маш бага уншдаг)

Дональд Трампын хамгийн алдартай "The Art of the Deal" номыг бичсэн сэтгүүлч Тони Шварц "Би түүнийг амьдралдаа ном нээж байхыг нь хараагүй. Түүний мэдээллийг хүлээж авах чадвар нь маш өнгөцхөн. Тиймээс Трамп зурагт үзэхийг илүүд үздэг. Телевизээр бүх мэдээллийг ойлгоход хялбар болгож зажлаад өгдөг" гэж хэлсэн байдаг. Трамп утга зохиолын мэдлэгээрээ нэг бус удаа шившгээ тариад авсан. Мегин Келли түүнээс хамгийн сүүлд ямар ном уншсаныг нь асуухад "Би номыг бүтнээр нь уншдаггүй. Харин бүлэг, шат, ишлэлээр нь уншдаг" гэж Дональд хариулсан юм. Түүний хуучин эхнэр Иванагийн хэлснээр бол Трампын орны хажуугийн ширээн дээр найзынх нь бэлэглэсэн Гитлерын "New World Order" гэх илтгэлийн товхимол байдаг гэжээ. Гэхдээ Дональд нэгэн шууд нэвтрүүлэгт энэ тухай дурдахдаа "New World Order" номыг "Mein Kampf"-тай андуурч байсан удаатай. Тиймээс тэр үүнийг ч гэсэн уншаагүй байх магадлалтай.

Дональд Трампын асуудал юунд байна вэ? (фото 2)

Тэр худлаа ярих дуртай (бас "давслах" дуртай)

Одоо Дональд Трампын худлаа ярьж байсан бүх тохиолдлыг тоочих нь ямар ч утгагүй хэрэг болно. Ингэснээс түүний хэлсэн үгнээс иш татсан нь дээр байх.

"Holiday Inn компанийн удирдлагууд надтай хамтарч ажиллах талаар хэлэлцэж байх үед тэдний анхаарлыг миний төсөл бусад компаниудынхаас илүү дуусах шатандаа орсон байсан нь татсан юм.  Үнэн хэрэгтээ миний төсөл нэг их урагшлаагүй байсан ч би тэднийг үүнд итгүүлэх гэж байж болох бүх зүйлийг хийсэн. Эцсийн эцэст казино бараг бэлэн болсон гэдгийг би тэдэнд итгүүлж чадсан."

Тийм ээ, Трамп өөрийн номондоо яг ингэж тохиролцоо хийхийг зөвлөжээ. Бас энэ номондоо тэр хүмүүсийн төсөөлөн бодох чадвараар тоглож, бага зэрэг хэтрүүлэг хэрэглэх нь үргэлж үр дүнтэй байдаг гэж бичсэн байна. Сонирхуулахад, Трамп үүнийгээ "үнэмшилтэй хэтрүүлэг" гэж нэрлэдэг.

Тэгэхдээ Трампын зарим нэг худал хэлсэн зүйлс гэмгүйхэн "үнэмшилтэй хэтрүүлэг" шиг санагддаггүй. Жишээ нь тэр Барак Обамаг Африкт төрсөн болохоор АНУ-ын ерөнхийлөгч болох ёсгүй гэж таван жилийн турш ярьсан. Тэрээр "Надад Обамагийн төрсний гэрчилгээ байгаа. Та нар энд юу гэж бичсэнийг хараад лав итгэхгүй дээ" гэсэн юм. Гэсэн ч тэр өөрийнхөө гарал үүслийн талаар ярихдаа байнга будилдаг. Трамп герман цагаачдаас гаралтай, Нью-Йоркод байдаг эцэг эхийгээ Нью-Жерсид амьдардаг шведүүдийн хүүхдүүд гэж олон удаа ярьж байсан юм.

Трампын тухай өөр юу мэдэх ёстой вэ:

Тэр "Ертөнцийн мисс" тэмцээний эрхийг эзэмшдэг

Трамп энэ тэмцээнтэй холбоотой шуугианд байнга холбогддог. Эдгээрээс хамгийн алдартай нь 1996 оны "Ертөнцийн мисс" (Miss Universe) тэмцээний ялагч Алисия Мачадог дарамталсан явдал байлаа. Бүсгүй жин нэмсэн даруйд л Трамп түүнийг "Бүдүүн гахай" гэж олны өмнө дуудаж эхэлжээ. Дональд ингээд ч зогссонгүй, Алисия Мачадог жингээ хас хэмээн явуулахдаа 80 сурвалжлагч дуудаж түүнийг хэрхэн "спорт зааланд хөлөрч байгааг" баримтжуулж, түүнд илтгэхийг даалгасан байна. Миссийн тэмцээний бусад оролцогчдын хэлснээр бол тэднийг дотуур хувцастай Трампын өмнө зогсохыг шаарддаг байсан бөгөөд Дональд тэднээс "хамгийн үзэсгэлэнтэй" болон "тийм ч сайхан биш" гэж хувааж, сонгодог байсан гэнэ. Бас Трамп маш тохиромжгүй үед тэмцээнд оролцогчдын хувцас солих өрөөнд гэнэт орж ирдэг байжээ.

Дональд Трампын асуудал юунд байна вэ? (фото 3)

Түүнийг "The Art of the Deal" ном бизнесийн салбарын од болгосон

Энэ номонд худал хуурмаг ба "үнэмшилтэй хэтрүүлэг"-үүд Трампын Нью-Йорк дахь пентхаусынх нь алтадсан тавилгуудаас их байдаг бололтой. Номыг түүнтэй хамтран бичсэн Тони Шварц хэлэхдээ, "Би гахайг илүү сайхан харагдуулахын тулд уруулын будгаар будсан" гэж харамссан байдаг. Тэрээр "Би хүмүүст Трампыг байгаагаас нь илүү таатай, сонирхолтой хүн болгож харуулсандаа ичиж байна. Хэрэв Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялж, цөмийн зэвсэг түүний мэдэлд очвол соёл иргэншлийн төгсгөл ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэж нэмж хэлсэн юм.

Тэр "өөрийгөө бүтээсэн" гэж ярьдаг

Үнэн хэрэгтээ тэр карьерынхаа эхлэлд ихэнх хөрөнгөө эцгээсээ өвлөн авсан байдаг. Түүний аав Фред Трамп нэлээд ашигтай үл хөдлөх хөрөнгө, барилгын бизнес эрхэлж байсан юм. Тэрбээр 1970-аад онд Дональдыг гэр бүлийн компанийнхаа ерөнхийлөгчөөр томилоод зогсохгүй Вегас дахь казинод нь зориулж 7,5 сая доллар зээлж байсан билээ.

Дональд Трампын асуудал юунд байна вэ? (фото 4)

Түүний мөрийтэй тоглоомын газруудын нэг нь "Трамп Таж Махал" гэдэг нэртэй байсан

Тийм ээ, үнэхээр ийм нэртэй байсан. Гаднах байдал нь ч яг жижигрүүлсэн Таж Махал байв. Тэгэхдээ Лас Вегаст шүү. Энэхүү газар нь Трампын бусад казиногийн адилаар маш удаан хугацаанд алдагдалтай ажилласан бөгөөд аравдугаар сарын 10-нд бүр мөсөн хаагдаж, гурван мянган хүнийг ажилгүй үлдээсэн юм.

Гэсэн хэдий ч

Тийм ээ, Трамп төгс биш. Түүнд зохисгүй үг хэрэглэсэн, дампуурсан төслийн түүх зөндөө бий. Гэхдээ түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноос хойш Трампын эсрэг гарч ирсэн "хар" баримтууд дэндүү их тул энэ нь маш их сэжиг төрүүлж байна. Энэ нөхцөл байдал Трампын эсрэг чиглэсэн олон нийтийн довтолгоо мэт санагдаж эхэллээ. Сьюзан Крейгийн шуудангийн хайрцагт Трампын татварын тайланг хэн хийснийг бид хэзээ ч олж мэдэхгүй. Энэ бол яалт ч үгүй Трампын эсрэг хийгдэхээр төлөвлөсөн зүйл байсан. АНУ-ын сэтгүүлчид Ардчилсан намд илүү талтай байдаг уламжлалтай тул Трампын эсрэг ийм их сөрөг мэдээллүүд гардаг гэж тайлбарлаж болно. Энэ нь яг л АНУ-ын хуульчид Бүгд найрамдах намд дуртай байдагтай адил зүйл юм. 

Дональд худлаа ярьдаг, тэнэг зүйлс хийдэг, өрсөлдөгчөө шууд нэвтрүүлгээр доромжилдог гэдгийг одоо бүгд мэддэг болсон. Тэр мэргэжлийн улс төрчдийн нэр хүндийг сөнөөх хэмжээний шуугианд холбогдсон. Гэвч Дональд мэргэжлийн улс төрч биш. Яг энэ нь л түүнийг сонирхолтой болгож байгаа юм. Мэргэжлийн улс төрчид ухаантай байсан ч өрсөлдөөний гадуур хоцорсон. Жишээ нь социалист Берни Сандерс Трамп ба Хиллари нарын хажууд хамаагүй ухаалаг, таатай харагдаж байсан ч тэр тэмцээнээс гарсан юм.

Улс төр дэх ёс зүй олон улсын хэмжээнд тогтсон жишигтэй билээ. Харин гайхалтай нь өнөөдөр Дональд Трамп зүй зохисгүй байж чадаж байна. Улс төрчид хэлсэн үг бүрээ цэгнэх ёстойн жишгээр Хиллари Клинтон мэтгэлцээний үеэр мөрийн хөтөлбөрөө л ярьж байхад Дональд зүгээр л бодсоноо хэлж орхидог нэгэн. Америкийн нийгэм бизнесмэнүүдийг "Шуналтай, ашиг хонжоо хөөцөлдөгчид" гэж шүүмжилж байхад Трамп "Энэ чинь бизнес!" гэж хашхирдаг юм. Тэгэхээр түүний энэ бүх баримтыг харахад Дональд Трамп бол "Зорилго нь аргаа зөвтгөнө" гэсэн зарчмаар амьдардаг хүн аж. Дээр нь Трамп бол Клинтон биш. Энэ нь магадгүй түүний гол давуу тал байж мэдэх юм.

Харин бид дараагийн удаа Хилларигийн асуудал юунд оршиж байгааг та бүхэнд дэлгэх болно.

цааш үзэх