Хайх

“House of Gucci”: Загварын салбарын хамгийн өндөр хүлээлттэй кино

“House of Gucci”: Загварын салбарын хамгийн өндөр хүлээлттэй кино

Text: Buro.Mongolia


Үзэсгэлэнт гэмт хэрэгтэн Леди Гага болон танигдахын аргагүй Жаред Лето нар Ридли Скоттын цоо шинэ бүтээлд.

Английн алдарт кино найруулагч Ридли Скотт удаан хүлээлгэсний эцэст олны анхаарлыг татаж буй "House of Gucci" киноны анхны албан ёсны трейлерийг танилцууллаа. Уг кино бүтээлийг тойрсон шуугиан зургаан сар гаруй үргэлжилж байгаа юм. Учир нь Оскарын шагналын эзэн Леди Гага, дур татам Адам Драйвер болон дахин давтагдашгүй Жаред Лето нар гол дүрүүдийг бүтээсэн билээ.

Сара Гей Фордены номоос сэдэвлэн бүтээсэн уг кино нь гэмт хэргийн тухай өгүүлэх бөгөөд маш олон загварлаг дүр төрхүүдийг үзэгчдэд харуулах нь гарцаагүй байна. Леди Гага хуучин нөхөр болох Gucci загварын ордны ерөнхийлөгч Маурицио Гуччигийн (Адам Драйверын бүтээсэн дүр) аллагыг зохион байгуулсан хэргээр ял сонссон Патриция Режианигийн дүрд тоглосон билээ. Тэрээр гэмт хэргийнхээ төлөө 16 жил шоронд ял эдэлсэн юм.

Маурицио Гуччигийн гэр бүлийн төлөөлөгчид болон үр сад нь Ридли Скоттын энэхүү бүтээлийн санаа тэдний сэтгэлд огт нийцэхгүй байгааг илэрхийлж, киноны продюсерууд "Холливүүдийн системийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд агуу гэр бүлийн маань нэрийг хулгайлсан" хэмээн хэлсэн байна. Сонирхуулахад, гэр бүл нь Gucci брэндийг 1993 онд худалдсан байдаг. Тиймээс "House of Gucci" киног Gucci брэндтэй хамтран хууль ёсны бүрэн үндэслэлтэйгээр бүтээсэн юм.

Шуугиан тарьж буй уг кино арваннэгдүгээр сарын 24-нд нээлтээ хийхээр товлосон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх