Хайх

Илон Маск дахин дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо

Илон Маск дахин дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо

Түүний хөрөнгө 200 тэрбум ам.доллар давжээ

Text: Buro.Mongolia


Forbes сэтгүүлийн гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн “real-time” буюу бодит цагийн жагсаалтыг АНУ-ын тэрбумтан, Tesla ба SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск дахин тэргүүллээ. Энэ тухай Forbes албан ёсны вебсайт дээрээ мэдэгдсэн бөгөөд бизнес эрхлэгчийн хөрөнгийг 203.4 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Илон Маскийн манлайлал нь түүний Tesla компанийн хувьцаа өссөнтэй холбоотой юм. Тодруулбал, есдүгээр сарын 27-нд Tesla-ийн хувьцаа 791.36 ам.доллар болж өссөн нь 2021 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүний ачаар Илон Маскийн хөрөнгө 3.8 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна.

Харин уг жагсаалтын хоёрдугаар байранд Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос бичигджээ. Түүний хөрөнгийг Forbes сэтгүүл одоогоор 197.7 тэрбум ам.доллараар үнэлж байна. Безосын араас LVMH группийн тэргүүн Бернар Арно 175.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бичигдсэн юм. Маск, Безос, Арно нар сүүлийн хэдэн сарын турш хэд хэдэн удаа ээлжлэн жагсаалтын нэгдүгээр байранд орж байсан билээ.

Forbes Real-Time жагсаалт нь дэлхийн томоохон компаниудын тухайн үеийн хувьцааны ханш дээр үндэслэн цаг тутам шинэчлэгдэж байдаг. Тийм учраас жагсаалтын тэрбумтнуудын байр тогтмол солигддог байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх