Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ албан ёсоор өндөрлөлөө
Ямар сонирхолтой зүйлс болж өнгөрөв?
Дэлхий нийтийг жинхэнэ утгаар нь нэгтгэж бас талцуулж чаддаг хөл бөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт энэ удаад Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ багийн хожлоор өндөрлөлөө. Нийт 120 минут үргэлжилж, 11 метрийн торгуулийн цохилтоор эцсийн ялагчийг тодруулсан Аргентин болон Францын шигшээ багуудын финалын тоглолт үзэгчдэд дэлгэцээс хором ч нүд салгах боломжийг олгоогүй билээ. Ийнхүү үзэгч түмнийг 28 өдрийн турш баяр гуниг хосолсон гайхалтай тоглолтуудаар мялааж чадсан Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий турш болж өнгөрсөн сонирхолтой зүйлсийг уншигч танд тоймлон хүргэе.
Лионель Месси эхний бөгөөд эцсийн удаа аваргын цом өргөлөө
1978, 1986 онуудад аваргын цом өргөж байсан Аргентины шигшээ баг ийнхүү 36 жилийн дараа Францын шигшээ багыг буулгаж авснаар дахин аварга боллоо. Мэдээж үүнд сүүлийн дэлхийн аваргадаа оролцож буй Лионель Мессигийн хоёр гоол маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Месси карьерынхаа нийт хугацаанд 1000 гаруй тоглолтод оролцож, 38 цомын эзэн болоод байсан бөгөөд түүнд зөвхөн ДАШТ-ий аваргын цом л дутуу байсан нь ийнхүү эцсийн мөчид түүний гар дээр очив. Мессигийн нийт амжилт Аргентин улсын түүхэнд зөвхөн Диего Марадонагын араас бичигдэх домог болон үлдэж байна.
Мбаппе, Мбаппе бас дахин Мбаппе
Аргентиний шигшээ багт 2:0 харьцаатайгаар хожигдож явсан Францын шигшээ багын тооны харьцааг Килиан Мбаппе 97-хон секундийн дотор тэнцүүлж гайхамшгийг бүтээв. Хэдийгээр түүний баг аварга болж чадаагүй ч Мбаппегийн багтам амжилтыг дурдахгүй өнгөрч боломгүй. Тэрээр ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэнд "hat-trick" буюу нэг тоглолтод гурван гоол дараалж оруулсан хоёрхон тоглогчийн нэг болсноос гадна энэ удаагийн тэмцээнд нийт найман гоол оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж "Алтан шаахай" шагналын эзэн боллоо. Ийнхүү дөнгөж 23 настай Мбаппегийн хоёр дэлхийн аваргад оруулсан нийт гоолын тоо 12 болсноор бүх цаг үеийн мэргэн буучдын зургаадугаар байранд бичигдлээ.
Хүчирхэг багуудын хожигдол
Энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ээр Ази тивийн шигшээ багууд өөрсдийгөө маш сайн бэлтгэгдсэн болохоо Герман, Испани, Португал зэрэг Европ тивийн хүчирхэг багуудыг хожсоноор батлан харууллаа. Харин дөрвөн удаагийн дэлхийн аварга Германы шигшээ баг энэ удаад хэсгээсээ ч гарж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн бол Португалын шигшээ баг шөвгийн наймд Марокко улсын шигшээ багт 1:0 харьцаатай хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн нь Кристиано Рональдогийн аваргын цом атгах сүүлийн боломжийг үгүй хийсэн үйл явдал болсон билээ.
Хамгийн сонирхолтой фанатууд
Энэ жил Япон улсын шигшээ баг ч тэр, фанатууд ч тэр яахын аргагүй анхаарлын төвд байлаа. Тоглолт бүрийн дараа өөрсдийн зогсож буй хэсгийн бүх хогийг цэвэрлэн гарч буй япон фанатуудын зураг цахим ертөнцөд тархсан нь олон хүмүүст урам зориг хийгээд үлгэр дуурайлал өгсөн үйл явдал болсон юм. Мөн үүний зэрэгцээ Хорватын шигшээ багын халуухан дэмжигч, загвар өмсөгч Ивана Нолл ч мөн анхаарлын төвд байлаа. Тэрээр Исламын шашинтай Катар улсад маш зоригтойгоор задгай хувцаслан очсон нь эерэг, сөрөг олон сэтгэгдлийг бий болгосон хэдий ч түүнтэй зураг даруулахыг хүссэн эрчүүдийн тоо тасраагүй билээ.
Онцлох гоолууд
Жил бүр ДАШТ-ий нүд баясгам, үзүүштэй гоолууд хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг байдаг. Тэгвэл Бразилын шигшээ багийн довтлогч Ричарлисон, Францын шигшээ багын довтлогч Мбаппе, Хорватын шигшээ багын төвийн хамгаалагч Гвардиол болон бусад тоглогчдын гайхалтай гоолуудыг дээрх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.
Харин 2026 онд зохион байгуулагдах хөл бөмбөгийн ДАШТ түүхэнд анх удаа 48 баг өрсөлдөхөөс гадна АНУ, Мексик, Канад гэх гурван улсын 16 хотод зэрэг зохион байгуулагдахаараа онцлог болох билээ. Дараагийн дэлхий аварга даан ч хол байна даа...