Kickstarter дүрвэгсдэд туслахаар хөрөнгө босгож байна
Урьд хожид байгаагүй үйл
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа гарч буй шинэ асуудал нь дүрвэгсэд юм. Тэдэнд санаа зовнин, туслахаар оролдож байгаа нь магадгүй Европт хамгийн их ач холбогдолтой. НҮБ ч мөн адил дүрвэгсдийн асуудалд анхаарлаа олон талаар хандуулж байна. Тэд Kickstarter-тай хүчээ нэгтгэн Сирийн дүрвэгсдэд зориулсан хөрөнгө босгох ажил эхлүүлжээ.
Одоо дөрөв хоногийн хугацаанд дүрвэгсдэд туслахыг хүссэн хүн бүр 25, 50 эсвэл 100 доллар хандивлах боломжтой. Kickstarter-ын дүрмээр цугларсан хөрөнгөний 5 хувийг нь шимтгэлд авах эрхтэй байдаг ч энэ удаад бүх орлогыг тусламжид зориулах аж. Эндээс цугларсан хөрөнгийг дүрвэгсдийн лагерьт хоол унд, дулаан хувцас, майхан болон мэргэжлийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм байна.
Одоогийн байдлаар 1 292 808 доллар босгосон байгаа бөгөөд дөрөв хоногийн дараа гэхэд нийт цугларах мөнгөн дүн гарах юм.
Дашрамд дурдахад, Kickstarter өмнө нь Грекийг хямралаас гаргахаар хөрөнгө цуглуулахад хэрэгцээт дүндээ хүрээгүй ч олон нийтийн оролцоо их байсан юм. Энэ удаад хандивын ажиллагаанд (одоогоор 20 мянга гаруй байгаа) илүү олон хүн оролцоно хэмээн зохион байгуулагчид найдаж байна.