Хайх

Марк Цукерберг бүх төрлийн өвчнийг анагаах эм олоход 50 сая доллар зарцууллаа

Марк Цукерберг бүх төрлийн өвчнийг анагаах эм олоход 50 сая доллар зарцууллаа

47 эрдэмтнээс бүрдсэн таван жилийн судалгааг эхлүүллээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг ба түүний эхнэр Присцилла Чан нарын Chan Zuckerberg Biohub сан бүх төрлийн өвчнийг анагаах эмийг олох зорилготой таван жил үргэлжлэх томоохон судалгааны ажилд зориулж 50 сая долларын мөнгөн тусламж үзүүлсэн гэдгийг Nature.com вебсайт мэдээллэжээ.

Тэд энэ төсөлд зориулж 700 эрдэмтдээс шалгаруулалт явуулж 47 хүн сонгосон байна. Төслийн 50 сая долларын санхүүжилтийг эдгээр 47 эрдэмтдэд хувааж өгөх бөгөөд хүн тус бүр 1,5 сая доллар авч, өөрийн гэсэн судалгааны ажлыг эхлүүлнэ. Chan Zuckerberg Biohub сангийн хамтран үүсгэн байгуулагч Стивен Квак юуны түрүүнд "Хамгийн эрсдэлтэй санаануудтай" эрдэмтдийг хайсан гэж ярсан байна. Мөн энэхүү мөнгийг хумхаа өвчний тархалтын үйл явцыг судлахаас эхлээд хүний бодлыг уншдаг чип бүтээх хүртэл янз бүрийн судалгаанд зарцуулах юм.

Chan Zuckerberg Biohub сан Беркли, Төв Флоридагийн их сургууль, Стэнфордын их сургууль зэрэг нийт гурван байгууллагатай хамтарч ажилладаг. "Энэхүү гурван академийн түнш Biohub сангийн үйл ажиллагааны үндсийг тавьж өгсөн. Манай судлаачид эдгээр шинжлэх ухааны байгууллагуудад ажилладаг бөгөөд тэдний туршлага Biohub сангийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг болно" гэж тус сангийн төлөөлөгч ярьжээ. Тэгэхдээ Biohub сан ирээдүйд өөрсдийнхөө үйл ажиллагаанд бусад судалгааны институтийг татан оролцуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

Ихэнхи судлаачид Цукерберг, Чан нарын энэхүү санаачлагад эргэлзэж байжээ. Тэд энэхүү мөнгийг Үндэсний эрүүл мэндийн институт болон Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудад хандивлах хэрэгтэй гэж үзсэн ба тэдгээр байгууллагууд энэ мөнгийг илүү оновчтой хувиарлах байсан гэнэ. Гэвч Biohub сангийн менежерүүд улсын байгууллагуудын тэтгэмжийн бодлоготой өрсөлдөх бус харин "Хамгийн эрсдэлтэй" төслүүдийг санхүүжүүлснээр тэдний хийж чадаагүйг нөхөх зорилготой гэжээ.

цааш үзэх