Нобелийн энх тайвны шагналд 16 настай сурагч охин нэр дэвшлээ
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "хичээл хаялт" зарлажээ
Швед болон Норвегийн парламент өдгөө 16 настай Грета Тунберг гэх сурагч охиныг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцсэнийх нь төлөө Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна.
Сурагч охин өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Стокгольм дахь парламентын ордны гадаа дэлхийн уур амьсгалын тухай Парисын гэрээнд заасан шаардлагуудыг биелүүлэхийг засгийн газраас шаардаж "хичээл хаялт" зарлажээ. Тэрээр түүний шаардлагыг биелүүлэхээс нааш баасан гараг бүр хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдсэн юм. Үүний дараа дэлхийн олон орны сурагчид Гретагийн санаачилгыг дэмжиж, ижил төрлийн жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд дэлхийн 105 улсад олон мянган сурагчдыг хамарсан асар том "хичээл хаялт" зохион байгуулагдах болно.
Сонирхуулахад 2018 онд Грета Тунбергийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын хурал ба Давос дахь Олон улсын эдийн засгийн чуулганд оролцохыг урьж байжээ. Түүний оролцсон TED Talk-ийг та эндээс үзэх боломжтой.