Reebok-ийн нүүр царайгаар 81 настай өндөр настан тодорлоо
Ванг Дешун 70 наснаасаа эхэлж спортоор хичээллэжээ
Reebok брэндийн шинэ сурталчилгааны нүүр царайгаар Хятадын өндөр настан Ванг Дешун тодорчээ. Тэрбээр одоо 81 настай бөгөөд Хятадад жинхэнэ баатар болж, үлгэр дууриалал авах шалтгаан болоод байна. Ванг Дешун 70 настайдаа анх спортоор хичээллэж, 79 нас хүрэхдээ Бээжингийн загварын долоо хоногт алхаж, модель болсон юм.
"Тэр бол хүн хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд хэзээ ч хөгшдөхгүй гэдгийг харуулсан хамгийн тод жишээ" гэж Reebok компанийн төлөөлөгч ярьжээ.
Тус маркийн шинэ сурталчилгаанд 81 настай Ванг Дешун асар том хэмжээтэй дугуйг чирж, гүйлтээр хичээллэж буйгаар гардаг. Мөн энэхүү видеонд түүнтэй хамт Хятадын жүжигчин Юань Шаньшань, хөл бөмбөгчин У Лэй нар оролцсон байна. Тэд бүгд амьдралд нь тохиолдсон хэцүү цаг хугацааны талаар ярьж, спорт хэрхэн үүнийг даван туулахад нь тусалсан тухай хуваалцана.
Сонирхуулахад бид өмнө нь Гиннессийн номонд орсон, 80 настай бодибилдингийн тамирчин эмэгтэйн тухай мэдээлэл хүргэсэн байгаа.