Малала Юсуфзай болон Ассер Малик нар хуримаа хийлээ
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг Малала Юсуфзай 2013 онд өөрийн амьдралын тухай намтар ном гаргаж байсан билээ. Уг ном нь олны хүртээл болсон цагаасаа эхлэн сая, сая уншигчдыг байлдан дагуулж байсан түүхтэй. Тэрээр номондоо Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэж, үүний улмаас Талибанчуудад буудуулж, хүнд гэмтэл авч байсан тухайгаа дурддаг. Мөн Малала Нобелийн Энхтайвны шагналыг хүртсэн түүхэн дэх хамгийн залуу хүнээр тодорсон гавьяатан билээ.
Тэгвэл өдгөө 24 настай Малала бүсгүй өнгөрөгч Баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 12-нд өөрийн Instagram хуудсаар дамжуулан Пакистаны крикетийн зөвлөлийн ерөнхий менежер Ассер Маликтай хуримаа хийсэн талаар хуваалцсан бөгөөд ингэхдээ аз жаргалаар бялхсан хуримын зургуудаа хийж орон орны хүмүүсийг баярлуулаад авсан юм. Тэрээр “Өнөөдөр миний хувьд нэгэн нандин өдөр тохиож байна. Ассер бид хоёр насан туршийн хань болон хуримаа хийлээ. Бид Бирмингем дэх гэртээ гэр бүлийнхэнтэйгээ бяцхан никка (Исламын шашны хуримын ёслол) ёслол үйлдсэн юм. Та бүхэн бид хоёрын төлөө залбираарай гэж хүсье. Бид цаашдын аялалдаа хамтдаа тэмүүлж байгаадаа баяртай байна” хэмээн бичиж үлдээсэн юм.
Малала саяхан Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө өмнө нь хэнтэй ч гэрлэхгүй, хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэж бодож байлаа. Гэхдээ тухайн үед би хүн үргэлж байгаагаараа үлддэггүй талаар эргэцүүлдэггүй байжээ. Чи байнга л өөрчлөгдөж үүний зэрэгцээ өсөн хөгжиж байдаг” хэмээжээ.