Японы нэгэн хотод алхаж байхдаа гар утсаа оролдохыг хоригложээ
Зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд
Японы Ямато хотод алхаж байхдаа гар утсаа оролдохыг хуулиар хориглосон байна. Энэхүү хоригийг хотын дарга Сатору Оки санаачилсан бөгөөд иргэд нь түүний санаачилгыг дэмжжээ.
Гэсэн хэдий ч хоригийг зөрчвөл ямар нэгэн торгууль эсвэл шийтгэл оногдуулах талаар тус хуульд дурдагдаагүй байна. Энэхүү хориг нь иргэдэд алхангаа ухаалаг утсаа оролдох нь буруу гэдгийг ойлгуулах зорилготой юм. Ингэснээр Ямато хот нь алхах зуураа дэлгэц ширтэхийг албан ёсоор хориглосон анхны хот боллоо.
Өмнө нь Японд хийсэн цуврал судалгааны үр дүнд ухаалаг утсаа ширтэж байхдаа хүмүүс орчин тойрноо харах нь 95% буурдаг бөгөөд энэ нь улмаар янз бүрийн зам тээврийн осол гарах шалтгаан болдог байна. Жишээ дурдахад 2004-2010 оны хооронд явган хүний осол гэмтэл 800% өссөнийг мэргэжилтнүүд онцолжээ.