Жонни Депп үнэхээр муу хүн гэж үү?
Арай өөр өнцгөөс
Жонни Деппийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Тэр бол Холливүүдын хамгийн амжилттай, өндөр цалинтай жүжигчин, хөгжимчин, охид бүсгүйчүүдийн хамгийн их шүтдэг эрчүүдийн нэг. Түүний тоглосон бүх кинонууд нийлээд 7,6 тэрбум долларын орлого олж байсан. Гэхдээ Жонни Депп анхандаа кино жүжигчин болох ямар ч төлөвлөгөөгүй байжээ. Харин тэр 20 настай байхдаа рок од болохыг мөрөөдөж, Лос-Анжелес хотод нүүж ирсэн байна. Хэдийгээр түүний мөрөөдөл биелээгүй ч, тэр жүжигчин Николас Кейжтэй танилцсанаар жинхэнэ супер од болох гараагаа эхэлжээ. Хамгийн анх Кейж л Жонни Деппд ямар нэг онцгой зүйл байгааг олж харсан бөгөөд улмаар өөрийн төлөөлөгчтэйгөө танилцуулсан байдаг.
Түүнийг нэр алдарт хүргэсэн анхны дүр бол "Edward Scissorhands" буюу Хайчин гарт Эдвард юм. Үүний дараагаар тэр олон ч амжилттай кинонд тоглосон. Тухайлбал, "Pirates of the Carribbean"-ы цувралууд, "Charlie and the Chocolate Factory", "Alice in Wonderland", "Black Mass", "Sweeney Todd: The Demon Barber of Fleet" гэх мэт дэлхийн театрын кассанд асар их ашиг орлого авчирсан бүтээлүүдэд дүр бүтээсэн.
Хэдийгээр түүнийг сайн жүжигчин гэдгийг хүн бүр мэддэг ч сүүлийн үед ямар нэг өвөрмөц баатрын дүрд л хувирдаг болсон хэмээн шүүмжлэлд өртөөд амжсан. Түүний жүжигчний карьерын амжилтуудаас дурдвал одоогоор тэр "Sweeney Todd: The Demon Barber of Fleet" киногоороо "Golden Globe" болон "People's Choice Awards" шагнал гардуулах ёслолоос 12 удаа шагнал хүртсэн байгаа. Тиймээс Жонни Деппийн уран бүтээл, бүтээж байгаа дүрүүдийг нь кино урлагийн мэргэжилтнүүд таашаахаас илүүтэй, үзэгчид хамгийн их үнэлж, түүнийг хайрладаг.
Мөн Жонни Деппийн шүтэн бишрэгчид түүнд "Оскар"-ын шагнал хүртээхийг маш их хүсдэг. Тэр гурван ч удаа нэр дэвшсэн ч одоогоор нэг ч "Оскар" авч чадаагүй байгаа. Гэхдээ хэрэв түүнд яг тохирсон, жүжигчнийх нь ур чадварыг бүрэн гаргаж, харуулж чадах дүр олдвол Жонни Депп хүсэн хүлээсэн "Оскар"-аа авч шүтэн бишрэгчдээ баярлуулах ч юм билүү. Бүх зүйл түүний урд байна. Тиймээс Жонни Депп ирээдүйд биднийг сэтгэл хөдөлгөсөн олон сайн бүтээлтэй танилцуулна гэдэгт итгэлтэй байж болно.
Жонни Депп Холливүүдын од биш, жирийн амьдрал дээр тэр маш сайн эцэг гэдэг нь маш тодорхой харагддаг. Тэрээр Францын жүжигчин, дуучин Ванесса Парадитай 14 жилийн турш хамтран амьдрахдаа Лили-Роуз болон Жек хэмээх хоёр хүүхэдтэй болсон. Одоо түүний 17 настай охин Лили-Роуз ааваасаа ч дутахааргүй алдартай яваа. Хэрэв түүний аав Dior-ын сүрчигний нүүр царай болж байсан бол, Лили-Роуз Chanel брэндийн нүүр царайгаар тодорсон. Мөн энэ жил түүний тоглосон гурван ч том кино нээлтээ хийх гэж байгаа. Хэдийгээр Жонни өөрийн охиныг алдар нэртэй болоход нь дургүй байгаа ч, хүссэн зүйлээ хийж, аз жаргалтай байгаад нь баяртай байж амжилтаар нь бахархдаг гэж Buro 24/7-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Үүнээс гадна, тэр хамгийн сүүлд л гэхэд Жонни Депп Лили-Роузын гол дүрд тоглосон "Yoga Hosers" кинонд охиноо дэмжихээр тус киноны бас нэгэн дүрийг бүтээсэн.
Хувийн амьдралын хувьд Жонни Депп маш их шуугиан тарьж байсан харилцаануудаараа алдартай. Түүний болзож явсан бараг бүх бүсгүйчүүд алдартай байдаг. Энэ нь ч аргагүй биз. Вайнона Райдер, Кейт Мосс, Женнифер Грей зэрэг алдартай бүсгүйчүүдтэй Жонни Депп харилцаа тогтоох бүрт нь олон нийт маш их шуугиантайгаар хүлээж авдаг байлаа.
Харин 1999 онд Ванесса Парадитай учирснаар Жоннигийн амьдрал тогтвортой болж ирсэн. Гэхдээ тэд 2012 онд салах болсноо зарласан юм. Үүний дараа төд удалгүй Жонни Депп өөрөөс нь 23 насаар дүү жүжигчин Эмбер Хердтай болзож, улмаар тэд өнгөрсөн жил гэрлэлтээ батлуулсан. Гэхдээ ямар нэг зүйл буруугаар эргэсэн бололтой. Учир нь хэд хоногийн өмнө Эмбер Жоннигоос салах өргөдлөө өгөхийн зэрэгцээ, Жонни Деппийг архинд донтсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл хийсэн гэж буруутган мөнгө нэхэмжилсэн байна. Үүнийг баталгаажуулж өөрийн гэмтсэн нүүрний зургаа олон нийтэд цацаж бөөн шуугиан тариад байгаа. Хүмүүс энэ хэрэг явдлыг янз, янзаар хүлээж авч байгаа ч ихэнхи нь Хердийг Жоннигийн мөнгийг авах зорилготой гэж үзэж байгаа юм. Ямартаа ч одоогоор Депп өөрийн биеэр ямар нэг тайлбар хийгээгүй байна. Нийт хөрөнгө нь 400 сая доллараар үнэлэгддэг Жонни Деппийн царай төрх үзэгчдийн сэтгэлд хэзээ ч гэр бүлийн хүчирхийлэл хийхээргүй хүн гэж бууж үлдсэн байдаг. Харин амьдрал дээр жинхэнээсээ юу болсныг бидний хэн нь ч баттай мэдэхгүй. Тэгэхээр Жонни Депп үнэхээр тийм муу хүн гэж үү, үгүй юу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.