Долоо хоногийн онцлох Instagram: Эртний уран зургуудыг орчин цагийн хэлбэрт буулгасан @egeislekel
Урлагийн тухай мэдлэг өгөх сонирхолтой бүтээлүүд
Турк гаралтай дизайнер Эге Искелелийн Instagram хуудсаар зочилбол эртний уран зургуудыг орчин цагийн хэлбэрээр дүрсэлсэн хөгжилтэй атлаа урлагийн тухай мэдлэг өгөх сонирхолтой бүтээлүүдтэй танилцах боломжтой.
Эге Искелел уран бүтээлээрээ дамжуулан олон нийтийн сүлжээ, дижитал эриний эерэг болон сөрөг талыг харуулахыг зорьдог болохоо онцолсон юм. Тухайлбал эрт цагт залуусын хайр дурлал илүү үнэнч байсан бол өнөө цагт олон нийтийн сүлжээ, болзооны апп зэргээр дамжуулан хялбар, үнэ цэнэгүй харилцаа үүсгэж буйг зураач Эдмунд Лейтоний 1898 онд зурсан “Хаан ба шивэгчин” бүтээлээр илэрхийлсэн байна. Мөн Искелелийн бүтээлүүдээс энх тайвныг эрхэмлэсэн, байгаль дэлхийг хамгаалахад уриалан дуудсан хэв маяг мэдрэгддэг юм.
Тэрээр уран зургийн тухай мэдлэгийг ааваасаа олж авсан бөгөөд зураг янзлах чадвараа их сургуульд сурч байх үедээ нээн илрүүлжээ. Түүний уран бүтээлүүд Gucci брэндийн мим сурталчилгаанд ашиглагдан Harper’s Bazaar, i-D зэрэг сэтгүүлүүд дээр нийтлэгдэж байжээ.