Бюро 24/7 ярилцлага: PGA дасгалжуулагч Кэвин Брэнд
“Монголын гольфчидын тоог дор хаяж 300 хүргэмээр байна”
Монголд анх 2013 онд нээлтээ хийж байсан "Маунт Богд Гольф клуб"-д PGA мэргэжлийн дасгалжуулагч ажилладаг сургаар манай сурвалжлагч нар клуб уруу, Скай резортыг зорьсон юм. Жинхэнэ гэхэд итгэмээргүй ногоон зүлэг, цэвэр агаар, тайван орчин мөн хамгийн гол нь Монголын анхны дэлхийн жишигт нийцсэн Championship стандартын 18 нүхтэй гольфын талбай биднийг хүлээж байлаа. Энэхүү спортыг манай улсад хөгжихөд чухал нөлөөтэй жилд дөрөвхөн сар тоглох боломжтой хэдий ч тэдгээр дөрвөн сарын турш хэт чийглэг бас халуун биш харин үнэхээр төгс цаг агаар бүрдсэн байгааг олж харлаа.
Сайн байна уу, та өөрийгөө уншигчдад маань танилцуулна уу?
Намайг Кэвин Брэнд гэдэг. Би бол английн PGA буюу Мэргэжлийн Гольфичдийн Холбооны мэргэжлийн тамирчин. Гольфид мэргэжлийн болон сонирхогч тамирчид гэсэн хоёр ангилал байдаг. Би Монголд ирээд гурван жил болж байна. MCS групп намайг монголчуудад гольф танилцуулах зорилготойгоор анх урьж авчирсан. Харамсалтай нь би монголоор ярьж чаддаггүй тул одоогоор англи хэлээр ярьдаг хүмүүст л гольф зааж байна. Би гольф тоглох боломжийг хүн бүрд олгохыг хичээж ажиллаж байгаа. Манайд дэлгэцийн гольф, балчир хүүхдүүдэд зориулсан хуванцар гольфийн клуб, хүн болгон тоглож болох академийн сургалт мөн бүрэн хэмжээний гольфийн талбай дээр явагдах аваргын сургалт бий. Гольф нь Монголд цоо шинэ спорт юм. Яг л хоосон цаас шиг. Том хүнд заахад хүртэл ихэнх нь ямар ч ойлголтгүй, анхны мэдэгдэхүүнгүй байдаг.
Одоогоор Монголд хичнээн хүн гольфоор хичээллэж байна вэ? Ер нь хүмүүс хэр их сонирхож байна?
Одоогийн байдлаар 18 нүхэн дээр сайн тоглох чадвартай зуу гаруй тоглогч бий. Бид дор хаяж гурван зуун гольфичидтой болох хэрэгтэй. Учир нь монголд түүнээс хамаагүй олон хүн гольфоор хичээллэж болох Sky resort, Тэрэлжид байрших гольфийн клуб, нисэхийн ойролцоох зэрэг дөрвөн талбай байна. Бид бүх клубүүдээ гольфичидоор дүүрэн болгохоор зорин ажиллаж байгаа. Мөн жуулчид манай клубыг их сонирхдог. Монголд гольф тоглоход нэн тохиромжтой үе нь 6,7,8 болон 9 - р сарууд юм. Хятад болон Солонгост яг одоо гольф тоглоход хэт халуун бас их бороотой байгаа учир бид тэдгээр орнуудын жуулчдийг клубтээ татахыг зорьж байна.
Жуулчид их сонирхдог гэж байна, танай клубд жуулчид хэр их ирж тоглодог вэ?
Амралтаараа ирсэн жуулчид болон тогтмол амьдрагч гадаадын иргэд манай клубуудад байнга ирж тоглодог. Гэхдээ манай гол зорилтот бүлэг бол мэдээж Улаанбаатар хотын оршин суугчид юм. Жуулчид бонус болж өгдөг. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид гольфийн талбайтай газар л ирж, амрангаа бизнес уулзалтууд явуулах сонирхолтой байдаг.
Гольфийн гол улирлын хувьд энэ зун ямар үйл явдлууд болох вэ. Аваргын тэмцээн зохиогдох болов уу?
Манай клуб дээр бараг долоо хоногийн хагас сайн өдөр бүр тэмцээн зохиогдож байгаа. Ихэвчлэн тэмцээн болгоныг албан байгууллагууд ивээн тэтгэдэг. Энэ долоо хоногийн тэмцээнийг Korean Air ивээн тэтгэж байгаа. Тэгэхээр энэ зун хагас сайн өдрүүдээр бид нийтдээ 15-аад томоохон хэмжээний тэмцээнүүд явуулна. Монголд одоогоор хамгийн том тэмцээн нь "Монгол Улсын Аварга Шалгаруулах тэмцээн" юм. Энэ тэмцээн нь 8-р сард болох бөгөөд дөрвөн өдрийн турш өрнөнө.
Монголд байгаа гольфичдийн чансаа гэж бий юу? Ер нь гольфийг өөртөө эзэмшиж авахад хэдий хугацаа шаардлагатай вэ?
Олон сайн тоглогчид байгаа хэдий ч одоогоор бүгд сонирхогчийн түвшинд байгаа. Гольфд "хэндикап" гэсэн хэллэг байдаг. Энэ нь сонирхогч тоглогч бүрийн чансааг харуулдаг үзүүлэлт тоо юм. Монголчуудад, ялангуяа монгол эмэгтэйчүүдэд гольф заахад маш амархан байдаг. Одоогийн байдлаар би 25 шинэ эмэгтэйчүүдэд багшилж байгаа бөгөөд тэд бүгд маш сайн тоглогч болох ирээдүйтэй. Ерөнхийдөө гольф нь маш их бэлтгэл, хичээл зүтгэл шаарддаг учир сурахад хэцүү спортод ордог. Монголд гадаа тоглох боломжтой хугацаа нь ердөө 5 сар байдаг тул бэлтгэлийн эрчимээ алдалгүй явахад хэцүү байдаг. Хоёр долоо хоногийн дотор хичээлээ тууштай заалгаж дадлага сайн хийвэл гольфийн анхан шатны тоглогч болчихно. Гэхдээ илүү их сайжрахын төлөө үргэлж хичээж байх хэрэгтэй. Ялангуяа зуны энэ урт өдрүүдийг сайтар ашиглан бэлтгэл хийх хэрэгтэй. Манай зарим гишүүд ажлаа тараад ирж хичээллэдэг. Цаг агаар үнэхээр төгс байгаа шүү дээ.
Гольфийн гол онцлог, мөн чанар таны хувьд юу вэ? Юугаараа хүмүүсийг татдаг вэ?
Хүмүүс гольфид олон шалтгаанаар дурладаг. Юун түрүүнд дасгал хөдөлгөөн талаас нь их сонирхдог. Түүнчлэн энэ нь бас оюун ухааны, тархины тоглоом юм. Тоглохын тулд заавал ухаантай байх албагүй ч өөрийн сэтгэл хөдлөлөө маш сайн удирддаг байх хэрэгтэй. Огцом ууртай байж болохгүй. Гольфийн дүрмүүд амьдралын дүрмүүдтэй маш адилхан байдаг. Маш шударга дүрмүүдтэй бөгөөд хэрвээ чи дүрмээ зөрчвөл шийтгэл хүлээх ёстой. Гольф нь сонирхогчдын түвшинд цорын ганц шүүгчгүй спорт юм. Хөл бөмбөгт тоглоомыг хянахын тулд шүүгч байдаг бол гольфод алдаа гаргавал гольфчин хүний хувьд алдаа хийснээ хүлээн зөвшөөрч, шийтгэлийн оноогоо нэмүүлэх үүрэгтэй. Хүүхдүүдэд дүрэм зөрчиж болохгүй, алдаа гаргасан бол буруугаа хүлээх хэрэгтэй гэх зэрэг сайн ойлголтууд өгдөг. Хүүхдүүдийг томчуудын хэрнээ маш аюулгүй орчинд тоглуулж байгаа нь тэдэнд маш их таалагддаг. Түүнээс гадна ямар ч насны хүн тоглох боломжтой нь гольфийн хамгийн сайхан чанар юм. Би Англид ажилладаг байхдаа ихэвчлэн 80 болон түүнээс дээш насныхантай тоглодог байсан. Чи таван наснаасаа авахуулаад 60,70-аад жил хичээллэх боломжтой спорт гэсэн үг шүү дээ.
Та монголд удах уу? Энд байх хугацаандаа дэвшүүлж байгаа гол зорилго тань юу вэ?
Би монголд амьдраад гурван жил болж байна. Надад энд маш их таалагдаж, хүмүүстэй нь сайн нийцэж байгаа. Би монголд зөвхөн жилийн 8 сар л байдаг тул хүйтэн өвлийг одоогоор мэдрээгүй байгаа минь давуу тал болж байгаа. Цаг агаар маш сайхан. Мөн энд маш их чадамж олж харж байгаа. Удаан хугацааны турш энд ажиллаж амьдарна гэж бодож байгаа шүү. Миний гол зорилго бол дор хаяж 300 хүн байнга гольф тоглодог болгох явдал юм.
Одоо хичээллэж байгаа хүмүүсээс амжилт гаргах магадлалтай хүмүүс байгаа юу?
Монгол улсыг гуравхан сая хүн амтайг мартаж болохгүй. Сонирхогчдын түвшинд олон сайн тоглогч байгаа. Гэхдээ амжилт гэдгээрээ мэргэжлийн түвшний тамирчинг хэлж байгаа бол маш олон жил өнгөрсний дараа ч тийм зэргийн тамирчин гарч ирэхгүй байж болно. Тэгэхээр хамгийн гол зорилго бол аль болох их сонирхогчдын түвшний тамирчинтай болж, харин тэр дундаас мэргэжлийн гольфчин төрөх магадлал илүү өндөр болно. Юуны түрүүнд олон хүний сонирхлыг татаж, олон тоглогчтой болох хэрэгтэй.
Азийн бүсэд томоохон ямар ямар тэмцээнүүд зохиогддог вэ, тэдгээр тэмцээнүүдэд оролцож болох чансаатай тоглогч байгаа юу?
Мэргэжлийн түвшний тэмцээнүүд гэвэл Азид, тэр дундаа Хятад, Солонгост маш олон болдог. Энэ долоо хоногт маш том хэмжээний мэргэжлийн тэмцээн АНУ-д эхэлж байгаа. Түүнчлэн сонирхогчдын түвшний олон тэмцээн болдог. Мэргэжлийн түвшинд тэмцээнд оролцох чансаатай тоглогч Монголд одоогоор байхгүй ч сонирхогчдын төвшинд оролцох чадвартай нэгэн АНУ-д амьдардаг. Нутагтаа зундаа ирдэг монгол залуу болон дотоод оршин суугчдаас хэдэн хүн бий. Бид гольфийг Монголд тоглоод дөнгөж 3-4 жил болж байгаа учир өндөр түвшний тоглогчид бэлдэхэд их цаг орно.
Хүүхдүүд гольфид сонирхолтой байна уу? Хүүхдэд заахад хүлээж авч байгаа байдал нь ямар байна вэ?
Монголчууд эр, эм , хүүхдүүд гэж ялгалгүйгээр бүгд амархан сурдаг. Одоогоор хоёр дахь өдөр бүр ирж хичээллэдэг 20 хүүхэд байгаа. Бүх орны хувьд ялгаагүй л хүүхдүүдийг гольф тоглодог болгохын тулд эхлээд сонирхлыг нь татах хэрэгтэй байдаг. Бидэнд 6-7 настай хүүхдүүдэд зориулсан хуванцар гольф клуб байгаа. Мөн дараа нь томрох үед нь хичээллэх боломжтой хүүхдэд зориулсан хэмжээтэй жинхэнэ гольфийн талбайнууд бий. Эхний ээлжинд ядахдаа 100 хүүхдийн сонирхлыг татах зорилт байгаа. Гэхдээ монгол хүүхдүүд гольф тоглож болох зуны цагаар бүгд л хөдөө явчихдаг нь их бэрхшээлтэй байдаг.
Хүүхдүүд хэдэн наснаас эхлэж тоглох боломжтой вэ?
Гольфид насны хязгаар байхгүй хэдий ч хүүхдүүд аюулгүйн байдлаа мэддэг болсон цагаас хичээллэж эхэлбэл дээр байдаг. Би маш олон мянган хүүхдэд багшилж байсан. Хамгийн тохиромжтой үе нь долоон нас юм шиг санагдсан. Би хүүхдүүдэд хичээл орж байхдаа битгий урагшаа алхаарай гэсэн бол урагшаа алхахгүй гэдэгт итгэлтэй байх нь миний хувьд чухал. Дөрвөөс таван насны хүүхдүүд төдийлөн аюулгуй байдал гэдэг зүйлийг ойлгоогүй байдаг.
Гольф сонирхож байгаа хүмүүс гольфийн чанартай хувцас хэрэгслийг хаанаас авах боломжтой вэ? Монголоос авах уу эсвэл өөр газруудад хандах хэрэгтэй юу?
Гольфид хамгийн гол нь биед эвтэйхэн хувцас байх хэрэгтэй. Дэлхий даяар гольфийн хувцасны тал дээр маш чөлөөтэй байдаг. Ерөнхийдөө захтай цамц, пудволк мөн энгийн өмд өмсдөг. Харин жинсэн өмд байж болохгүй. Гольфийн хэрэгслийн хувьд монголд одоогоор сайн чанарын хэрэгсэл зардаг газар байхгүй тул ихэвчлэн хүмүүс өөрсдөө гадаадаар аялж байхдаа авах юм уу цахимаар захичихдаг.