Марафон гүйлтэд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?
Мэргэжлийн тамирчид зөвлөж байна
Марафон гүйлтэд оролцохоор сонирхож байгаа хүмүүст үндсэн гурван зорилго байдаг. Эхнийх нь өөрийгөө ялах, хоёр дах нь өрсөлдөгчөө ялах, эцсийнх нь түрүүлэх юм. Тэгэхээр марафон гүйлтийн 5, 10, 21, 42 км-ын зай гэдэг амар зүйл биш учраас урьдчилсан бэлтгэл хэрэг болдог байна. Мэргэжлийн тамирчид энэ зайд 2-3 жил бэлтгэл хийж байж амжилт үзүүлдэг. Тиймээс гүйлтийн спортоор хичээллэхээр сонирхож буй хүмүүс өөртөө цаг, зав гарган биеэ дасгах нь чухал юм. Ер нь бол гадаадын аль ч "Алтан зам" буюу хамгийн өндөр чансааны тэмцээнд оролцож байгаа тамирчдын эхний 100 нь л элит тамирчид байдаг бол үлдсэн гуч, дөчин мянган хүмүүс бүгд сонирхогчид байдаг аж.
Яагаад гүйлтийн спорт гэж?
Ази тивийн аварга М.Доржпалам гүйлтийн спортыг нэмэлт хэрэгсэл шаарддаггүй, өөрөө л дур сонирхолтой бол амжилт гаргах бүрэн боломжтой спорт гэж тодорхойлж байна. Олон улсын хэмжээний мастер тэрээр спортоор хичээллээд арав гаруй жил болж байгаа бөгөөд Ази тивийн аварга болж, хэт холын 100 км-ын марафоны төрөлд Монгол улсын рекордыг эзэмшдэг юм. Тэрээр уншигч та бүхэнд "Марафонд оролцож байгаа хүн хамгийн түрүүнд өөрийгөө ялах, дараа нь өрсөлдөгчөө ялах, сүүлд нь тэмцээнд түрүүлэх гэсэн үндсэн гурван зорилготой оролцдог. Тиймээс та Улаанбаатар марафонд өөрийгөө сорихоор зэхэж байгаа бол нэн түрүүнд өөрийгөө ялах зорилго тавиад, марафоноо дуусгаж чадвал өөрийгөө ялсанд тоож болно. Үүний тулд байнгын бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Зүгээр л сууж байгаад нэг л өглөө марафонд оролцоно гээд гараад гүйж болохгүй шүү" хэмээн санууллаа.
Өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?
Та марафонд бэлдэхээр шийдсэн бол яг одооноос эхлээрэй. Үлдэж буй нэг сар гаруйн хугацаанд та долоо хоногт нийт зургаан цаг гүйхээр тооцож, бэлтгэлдээ бэлдэж болно. Нэг өдөр өнжөөд, дараагийн өдөр нь гүйх зэргээр биеэ бага, багаар дасгаарай. Мөн сонирхогчид өөрийн судасны цохилтоо сайн анхаарах хэрэгтэй байдаг. Гүйхээсээ өмнө эхлээд хурдан алхаж байгаад дараа нь зөөлөн гүйлт хийгээрэй. Зөөлөн хурдаар 15 минут гүйгээд өөрийн судасны цохилтоо хэмжиж үзнэ. Таны судасны цохилт минутанд 140-с дээш гарах ёсгүй юм шүү. Улмаар гүйгээд эхний нэг сар өнгөрөхөд таны биед аяндаа сайн өөрчлөлтүүд орж эхлэнэ. Жин бага, багаар хасагдаж, нойр сайн хүрч, бат бөх амрана. Та хэрвээ гүйхээр шийдсэн бол өөртөө тохирсон багш, зөвлөгчтэй болох нь чухал. Хэдийгээр гүйдэг, дасгал хийдэг хүмүүсийн зөвлөгөө чухал хэрэгтэй ч гэлээ мөн баталгаатай эх сурвалжийн зөвлөгөөг дагах хэрэгтэй шүү. Хамгийн сүүлд нь хэлэхэд та зүгээр л гараад гүйх хэрэгтэй.
Гадил жимс, гүйлтийн амжилт хоёрыг нэгтгэх нь буюу хоолны дэглэм
Нүүрс ус бол бүх спортын ялангуяа марафон гүйлтийн үндсэн тэжээл нь болдог. Үүнийг та үр, будаанаас, гурилан бүтээгдэхүүнээс олж авах боломжтой. Хамгийн гол нь та хэрвээ өглөө 9 цагт гүйхээр төлөвлөсөн бол 7 цагт хөнгөн чанарын хоол идэх хэрэгтэй. Хоолоо идсэнээс 30 минутын дараа гүйх бөгөөд их хэмжээний уурагтай хоол идсэний дараа гүйж болохгүй. Мөн гүйхэд хүн тодорхой хэмжээгээр уургаа алддаг бөгөөд үүнийг мах, өндөг зэрэг зүйлээр нөхөж болно. Тэгэхдээ махтай хоол идэхдээ зөвхөн шөлтэй хоол сонгож идээрэй. Мэргэжлийн тамирчид тэмцээн, уралдаан дөхөөд ирэхээр нүүрс усаар баялаг хүнс их хэрэглэдэг бөгөөд үүнд гадил жимс их ордог. Тэсвэр, тэвчээр шаардсан төрлийн спортод гадил жимс хамгийн сайн хоол болдог.
Шингэнээ нөхөх
Мэдээж гүйхэд хүн шингэнээ их алдах нь тодорхой. Тэгэхдээ үүнийг нөхөхдөө нэг дор шингэн зүйл уух биш, усыг бага багаар шимж уух нь сайн.
Улаанбаатар марафон хэрхэн болж өнгөрдөг вэ?
Спортын дэд мастер О.Болдоо "Улаанбаатар марафон"-д хоёр жил дарааллан дэд байранд орсон элит тамирчдын нэг юм. Тэрээр тэмцээний талаар ярихдаа "Өмнөх хоёр удаагийн марафон урд, урдынхаасаа өргөн цар хүрээтэй, зохион байгуулалт сайтай болсон. Намайг Бээжин, Шар мөрөнгийн марафонуудад оролцож байхад гадаадын шилдэг тамирчид их оролцдог байсан. Түүн шиг энэ жилийн Улаанбаатар марафонд олон гадаадын тамирчин ирэх болов уу. Харин мэргэжлийн тамирчин бид нийслэл хотоороо овоглосон тэмцээнийхээ тэргүүн байруудыг өөрсдөө авна гэдэгтээ итгэлтэй байна" гэлээ. Дэлхийн олон хотуудад марафон гүйлт маш өндөр хөгжсөн байдаг бөгөөд тэргүүн эгнээнд нь хамгийн шилдэг, элит тамирчид гүйж, олон улсын хэмжээний одуудыг урьж, авчиран нэр хүндээ өсгөдөг байна. Мөн тухайн хотын хүмүүс хэр их оролцоно төдий чинээ илүү их алдартай болдог. Тиймээс Монгол улсын шигшээ багийн тамирчид бид бүгдийг Улаанбаатар марафонд өргөнөөр оролцохыг уриалж байлаа.
Олимпийн тамирчин зөвлөж байна
Монголын хамгийн хурдан, хүчтэй хоёр эмэгтэйн нэг болох Б.Мөнхзаяа нь өнөөдөр Монгол улсын таван рекордыг эзэмшдэг, Рио 2016 Олимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчин юм. Тэрээр уншигчдад хандан хэлэхдээ "Хэрвээ та бэлтгэлээ тууштай, сайн хийж чадвал амжилт танд заавал ирэх болно. Марафон гүйлтээр хичээллэхээр та сонирхож байгаа бол өглөө болгон эрт босоод зөөлөн гүйлт хийх хэрэгтэй. Зарим өдөр гүйгээд, зарим өдөр гүйхгүй байвал энэ нь таны биед ямар ч сайн нөлөө үзүүлэхгүй. Тамирчин бид бэлтгэл хийхдээ алдсан энергийг нөхөх гэж уурагтай хоол түлхүү иддэг ба тэмцээний үеэр нүүрс ус ихтэй хоол иддэг. Мөн гадил жимснээс гадна Sneakers шоколад маш сайн шүү" гэж хэллээ.
Амжилтанд нас чухал биш
Хэдийгээр марафон гүйлтийн спорт тэсвэр, хатуужил шаардсан хүнд спорт, мөн 27-32 насны хооронд ид амжилт гардаг гэж үздэг ч залуу, өсвөрийн тамирчид олон улсын тавцанд өндөр амжилт гаргах боломжтой. Үүний тод жишээ болсон Г.Алтансүх нь өнөөдөр 18 настай боловч саяхан Япон улсын Осака хотод болсон тэмцээнд 42 км замыг 2 цаг 50 секундэд туулсан амжилт үзүүлжээ. "Энэ бол 18 настай хүүхэд гаргахааргүй маш өндөр амжилт" гэж Олимпийн эрхтэй тамирчин Б.Мөнхзаяа тодотгон хэлсэн юм. Мөн дасгалжуулагч Б.Төрбатын хэлж буйгаар Хонг-Конг, Япон, Солонгосын шилдэг дасгалжуулагчид Монголын залуу тамирчдыг маш их сонирхож, төрөл бүрийн марафонд урьж оролцуулах болсон гэнэ. Энэ нь ирээдүйд Монголын тамирчид маш их амжилт гаргах чадамжтай байна гэдгийг гадны мэргэжилтнүүд олж харсны нэгэн илрэл бололтой.