Хайх

3x3 сагсан бөмбөгийн төрлийг тайлбарлах нь

3x3 сагсан бөмбөгийн төрлийг тайлбарлах нь

Гудамжны спортоос олимпын дэвжээ хүртэл

Text: Buro.Mongolia


Олон арван жилийн турш дэлхийн өнцөг булан бүрд ямар нэгэн тогтсон дүрэм журамгүй, албан ёсны бус хэлбэрээр гадаа талбайд тоглогддог байсан 3х3 сагсан бөмбөгийн төрөл нь өнөөдөр дэлхийн хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болох Олимпын наадмын нэгэн төрөл болтлоо цар хүрээгээ тэлжээ. Орчин үеийн залуусын дунд хамгийн нэр хүндтэйд тооцогдох энэхүү спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн өмнө Сингапур улсад зохион байгуулагдаж Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид финалын шатанд Австрали улсын багийг буулган авч, Ази тивийн аварга болоод зогсохгүй 2024 оны Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцох эрхтэй болоод байгаа билээ.

3x3 сагсан бөмбөгийн төрлийг тайлбарлах нь (фото 1)

Тэгвэл энэ удаад уншигчдадаа 3х3 төрлийн онцлог, давуу тал болоод уламжлалт сагсан бөмбөгөөс хэрхэн ялгардаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Ямар талбайд тоглодог вэ?

3x3 сагсан бөмбөгийн төрлийг тайлбарлах нь (фото 2)

3х3 сагсан бөмбөгийн хамгийн том онцлог нь тоглолт задгай орчинд, хагас талбайд, нэг самбарын дор явагдана. Уламжлалт буюу 5х5 сагсан бөмбөгийн талбайн хэмжээ 28x15 метр байдаг бол 3х3-ын талбай 11х15 метрийн хэмжээтэй байна. Мөн тоглолтын талбайг гудамжны шороо тоос, борооны уснаас хамгаалах тусгай зориулалтын бүрхүүлээр хучсан байдаг. Талбайг цагаригийн төвөөс 6.75 метрийн радиустай хагас дугуй шугамаар хоёр хэсэгт хуваах бөгөөд зураас дотроос хийсэн гоолыг нэг оноо, зураасны гаднаас хийсэн гоолыг хоёр оноогоор дүйцүүлэн тооцдог байна.

Ямар бөмбөгөөр тоглодог вэ?

3x3 сагсан бөмбөгийн төрлийг тайлбарлах нь (фото 3)

Сагсан бөмбөгийн спортод хэрэглэгддэг бөмбөгийн хэмжээг тойрог, жин зэргээс нь хамаарч гурваас долоо хүртэлх тоогоор ялган тэмдэглэсэн байдаг. Харин 3x3-ын хувьд үндсэн стандарт болох долоо дугаарын, 620 граммын бөмбөгөөр тоглодог ч тойргийн хувьд харьцангуй жижиг буюу 72.39 см диаметртэй байдаг.

Ямар бүрэлдэхүүнтэй тоглодог вэ?

3x3 сагсан бөмбөгийн төрлийг тайлбарлах нь (фото 4)

5x5 буюу уламжлалт сагсан бөмбөгийн нэг багт нийт 12 тоглогч байдгаас тав нь талбайд тоглож, долоо нь сэлгээнд суудаг бол 3х3 төрөлд нэг багт дөрвөн тоглогч байдгаас гурав нь талбайд тоглож, нэг нь сэлгээнд суудаг. Мөн тоглолтын явцад багийн дасгалжуулагч үзэгчдийн суудалд сууж, ямар нэгэн зөвлөгөө өгөх эрхгүй байдаг учир тоглогчид бүхий л шийдвэрийг өөрсдөө гаргадаг онцлогтой.

Ямар дүрмээр тоглодог вэ?

3x3 сагсан бөмбөгийн төрлийг тайлбарлах нь (фото 5)

3х3 сагсан бөмбөг нь зоос шидэлтээр эхлэх ба ялагч нь бөмбөг эзэмших эрхийг авна. Мөн довтолгооны хугацаа ердөө 12 секунд байхаас гадна өрсөлдөгч багийн довтолгооны дараа эсрэг баг бөмбөг эзэмшсэн даруйдаа шууд цагариганд довтолж болохгүй бөгөөд өөрөө залж шугамаас гаргах эсвэл шугамын гадна байх багийн гишүүндээ дамжуулалт хийх ёстой. Эс бөгөөс өөрийн цагариганд гоол хийсэн болох ба оноо тооцогдохгүй ч бөмбөгөө хураалгах юм.


Оноо авалт: Нэг удаагийн тоглолт 10 минут үргэлжлэх ба тоглолтын төгсгөлд илүү өндөр оноо авсан баг эсвэл хугацаа хамаарахгүйгээр түрүүлж 21 оноо авсан баг ялалт байгуулна. Харин үндсэн цагт хоёр багийн оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт цаг хуваарилах бөгөөд энэ тохиолдолд түрүүлж хоёр оноо авсан баг ялагч болдог. Мөн түүнчлэн үндсэн цагт аль нэг баг нь 20 оноогоор тоглолтыг дуусгавал нэмэлт цагт ахин нэг оноо авахад л 21 оноотойгоор ялагч болох боломжтой.

Алдаа: 3х3 сагсан бөмбөгт тоглогчийн хувийн алдаа гэж байхгүй бөгөөд алдаа бүр багийн алдаанд тооцогдож явна. Тоглогчийн техникийн алдааг багийн нэг алдаа, спортын бус алдааг багийн хоёр алдаанд тооцохоос гадна хоёр удаа спортын бус алдаа авсан тоглогч талбайгаас хөөгддөг. Харин багийн алдаа 10-с дээш гарсан тохиолдолд торгуулийн шидэлтийн дараа ч бөмбөг эсрэг багт үлддэг дүрэмтэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх